ОХУ-ын сэтгүүлч Игорь Булыгин манай оронд аялж, хэрхэн амттай хоолны эрэлд гарсан тухайгаа “Шинэ Буриад” сонинд нийтлүүлснийг сонирхуулъя.
Өнгөрсөн долоо хоногт би өргөн уудам талтай, нар хурцаар ээсэн Монгол оронд очиж үзлээ. Монголыг Буриадын ойрын хамаатан хэмээн оросууд үздэг ч үнэндээ огт өөр улс. Энэ орны нийтийн хоолных нь талаар сонирхон судалснаа уншигчдадаа хүргэе. Монголын тухай ярихаас өмнө энэ улс нүүдлийн байдлаас суурьшмал амьдралд шилжих завсрын үедээ явж байгааг эхлээд хэлэх хэрэгтэй болов уу.
Монголд жинхэнэ хот ганц байдаг нь нийслэл Улаанбаатар. Хил хязгааргүй уудам талд цацсан сувд шиг цагаан гэрүүд, Улаанбаатарын тэнгэр шүргэм өндөр цамхгуудтай хослон нэг л өвөрмөц харагдах аж. Монголчууд аялал жуулчлалд ихээхэн найдлага тавьж байгаа тул гадаадынхныг тухтай аялж, амрах нөхцөл бүрдүүлэхэд ихээхэн анхаардаг болжээ.
Улаанбаатар хотын тухай төрсөн анхны сэтгэгдэл гэвэл ямар ч хэв журамд багтаах аргагүй олон кафе, гуанз, ресторан. Хотын байшин барилгын нэгдүгээр давхар бүр жижиг, дунд бизнесийнхэнд зориулагдсан байх юм. Улаанбаатар хот нэг хүнд оногдох хоолны газрынхаа тоогоор дэлхийд нэгдүгээрт ордог гэсэн ярианд монголчууд их дуртай. Хотын өнцөг булан бүрт байх гуанзнуудыг харахаар энэ яриа үнэн мэт.
Уламжлалт монгол хоолны газрууд нь “Цайны газар”, “Хоолны газар”, “Зуушны газар”, “Гуанз” гэсэн хаягтай байх ба харин гадаад хоолны газрууд нь гадаад дотоод үг холиод яг юу гэж байгаа нь ч ойлгогдохгүй хаягтай байх нь элбэг. Жишээ нь “Титаник” нэртэй газар ч байх шиг. Монголчууд гадаадын сүртэй нэр өгөхөөр хүн цуглана, нэр хүндэд сайн гэж боддог бололтой. Хараад байхад үнэхээр ч тийм юм. Жирийн болон гадаад нэртэй хоёр газар зэрэгцээд байж байхад монголчууд сүртэй нэртэйд нь илүү орох юм.
Улаанбаатарын хоолны газруудыг ажиглахад Монголын орчин үеийн хоолны тогтолцоо тодхон мэдрэгдэнэ. Нэгдүгээр байрт мэдээж монгол үндэсний хоол. Энд бууз, хуушуур, цуйван, бантан гээд л бүх хоол бий. Гэхдээ сүүлийн үед хоолны ихэнх газар уламжлалт заслаасаа салж, Европ маягтай болсон нь харагдлаа. Монголын орчин үеийн бизнест БНСУ томоохон үүрэг гүйцэтгэдэг. Хоол унднаас эхлээд нийгмийн бүх салбарт солонгосчуудын нөлөө их. Буриадын хоолонд Дундад Азийн лагман чухал хэсэг болдгийн адил Солонгосын кимчитэй шөл эндхийн үндэсний хоол шиг болж.
Жирийн кафенаас эхлээд том ресторанд ч солонгос хоолоор үйлчилдэг. Монголыг зорих жуулчдын тоо нэмэгдсэнээр гадаадынханд зориулсан америк, итали, франц, орос хоолны газар олширч байгаа юм билээ. Харин энэтхэг, вьетнам, тайланд хоолны газар ховор, сонирхолтойд тооцогдох аж. Гайхалтай нь хятад, япон хоолны газар цөөхөн. Далай тэнгисийн цэвэр бүтээгдэхүүн байхгүй болохоор япон хоолны газар байхгүй нь аргагүй. Гэхдээ энд ирсэн ямар ч жуулчин өөрт таалагдсан хоолоо идэж чадна. Харин хоолны нэр нь тухайн хоолондоо тохирохгүй нь олонтаа. Жишээ нь, эндхийн бараг бүх гуанзанд гуляш зардаг.
Монголын гуляш гэвэл мах, будаа, төмс хольсон, орц ихтэй хоол байх юм. Үнэхээр амттай болохоор жинхэнэ гуляш биш ч юм шиг санагдаж байлаа. Сүүлийн үед гадаадынхан хоолны газар олноор нээх болсон нь хоолны амтанд нөлөөлж байгаа нь илт. Монгол дахь ЗХУ-ын худалдааны сүүлчийн төлөөлөгч байсан Сергей Опасенко “Корчма” гэдэг украин хоолны газар нээсэн нь үүний тод жишээ юм. Бага зэрэг монгол онцлогтой ч надад лав таалагдсан. Монгол хэдийгээр махны орон ч цагаан хоолны газар цөөнгүй.
Монголын хүн амын нэг хувь нь цагаан хоолтон гэнэ. Хүнсний ногоо, жимс жимсгэнээ голдуу Хятадаас авдаг болохоор чанар, тоо төрөл нь ч маруухан. Харин махны хувьд тавган дээр тань шинэ мах байна гэдэгт 100 хувь итгэлтэй байж болно. Нэг килограмм нь 28 рубль. Ийм хямдхан мах байхад нарийлаад байх хэрэггүй нь ойлгомжтой. Хамгийн үнэтэй тансаг зоогийн газруудын хоолны үнэ нь үлгэрийн юм шиг хямд нь үүнтэй холбоотой.
Улаанбаатарын “Их Монгол”, “Irish Pub Grand Khaan” ресторанд оройн хоол идэхэд 20-25 мянган төгрөг буюу 500 -хан рубль гэсэн үг. Гурван хоолноос бүрдсэн иж бүрдэл нь Европын ямар ч үлэмж биетнийг цатгаж чадах бөгөөд Орост ийм хямдхан хоолыг мөрөөдөж л болно. Харин үйлчилгээний тал дээр ихээхэн дутагдалтай. Оройн цагаар хүн дүүрсэн үед зөөгч хүлээгээд ирэхгүй. Хамаг чадлаараа хашгирахгүй л бол үйлчлэгч сонсоно гэж байхгүй тул танхим тэр чигээрээ орилж байна уу даа гэмээр “Зөөгч өө” гэх дуу хаа сайгүй сонсогдох аж. Чанартай, тансаг хоолны газарт европ стилийг дуурайх нь элбэг.
Тийм газарт орос, англиар ярьдаг үйлчлэгч заавал байдаг. Хэдийгээр монголчууд Европыг дуурайдаг ч амьдралын хэв маяг нь өөр болохоор бидэнд жирийн зүйл орчин үеийн Улаанбаатараас олдохгүй байх нь бий. Өглөө эрт хооллох газар хайгаад нэмэргүй. 11.00 цагаас өмнө онгойдог газар олохгүй. Гадаадынханд зориулсан цөөхөн хэдэн газар 08.00 цагаас хаалгаа нээдэг юм билээ. wi-fi мэтийн үйлчилгээг ч зөвхөн гадаадынханд зориулсан газраас олж болно. Гэхдээ “wi-fi байх нь байгаа.
Одоо ажиллахгүй” гэж хэлэх газар ч бий. Интернэт яахав интернэт кафед ороод холбогдох ч тэнд нь хоол унд байхгүй. За өглөөний хоол, интернэт байхгүй ч нэг их зовохгүй. Харин Улаанбаатарт дутуу юм гэвэл кофе. Энд долоо хонохдоо би нэг том зочид буудалд л кофены газар олж чадсан. Гадаадынханд зориулан 3-4 төрлийн кофе чанадаг ч чанар нь сайн биш. Монгол цайны газруудад кофе хайгаад дэмий ядрахын нэмэр. Жирийн цай ч сонголт багатай төдийгүй бүгдийг нь “Липтон” гэж нэрлэдэг нь гайхалтай.
Дуртай сархдаа хайх асуудал ч бас хөөрхөн зовоочихно. Үнэхээр сонголт багатай тул байгааг нь уухаас өөр аргагүй болно. Дарс ууж сураагүй монголчууд энэ ундааг ер ойлгодоггүй тул хэцүүднэ дээ. Монголд үйлдвэрлэсэн эх орны дарс байдаг ч битгий уугаарай гэж зөвлөх байна. Хуучин Зөвлөлтийн үеийн “Анапа” уудаг улсад л амт нь таалагдах байх. Харин шар айргийг Монголын үндэсний ундаа гэж нэрлэж амтат хоол хайсан минь ОХУ-ын сэтгүүлч Игорь Булыгин манай оронд аялж, хэрхэн амттай хоолны эрэлд гарсан тухайгаа “Шинэ Буриад” сонинд нийтлүүлснийг сонирхуулъя. Чингисийн НУТАГТ болохоор юм билээ.
Монголчууд хаана л бол хаана шар айраг уугаад сууж байх бөгөөд ихэнх нь монгол шар айргаа хүртэх юм. “Чингис”, ”Боргио” шар айраг хамгийн алдартай нь. Эндхийнхэн black шар айраг бараг уухгүй юм. Хэдий шар айраг их уудаг ч мэдээж архи бол тэдний хамгийн дуртай сархад. Манай Орос үндэсний ундаа цагаан архийг монголчууд Чингис хааны үеэс л ууж байсан юм шиг шимтэн уух аж. Улаанбаатарыг Азийн бусад орны нийслэлээс ялгах бас нэг онцлог нь гудамжинд хоол бараг зардаггүй явдал.
Гудамжинд хоол идэн шуугилдаж байдаг Хятадын гудамжтай даанч адилгүй. Хайгаад хайгаад Сүхбаатарын талбайн дэргэд шорлог зардаг жижигхэн газар болон Америк маягийн кокакола, сэндвичтэй хэдэн мухлаг л байна. Азийн бусад хотоос ялгарах энэ онцлогоороо Улаанбаатар бол өөрийн гэсэн өнгө аястай, давтагдашгүй хот. Энэ хот хоол ундны томоохон төв хэдийнэ болжээ. Цаашдаа бүх дэлхийн гурманууд цугладаг нийслэл болно гэдэгт би итгэлтэй байна.
М.Сугараа