
Дундговийн Гурвансайхан, Өлзийт, Сайнцагаан, Сүхбаатар аймгийн Асгат, Мөнххаан, Баруун-Урт, Хэнтийн Баянхутаг, Төв аймгийн Сэргэлэн сум, Улаанбаатар хотын Хан-Уул дүүрэгт гоц халдварт шүлхий өвчин дэгдэж, хорио цээрийн дэглэм тогтоогоод буй. Мал эмнэлэг, үржлийн газрын Мал эмнэлгийн хэлтсийн дарга Б.Цолмонгоос зарим зүйлийг тодрууллаа.
-Ямар шалтгааны улмаас шүлхий өвчин газар авчихав?
-Гоц халдварт шүлхий өвчин нь хүн, мал, тээврийн хэрэгслийн шилжилт хөдөлгөөнөөр дамждаг. Зуншлага тааруугаас отор нүүдэл эрс ихэссэн нь шүлхий дэгдэх гол шалтгаан. Баруун, төвийн аймгийнхан өвчний голомт бүхий газрууд руу нүүж байна. Эсвэл шүлхийтэй бүс нутгаар дайран өнгөрч малаа өвчлүүлэх, түүнийгээ мэдэхгүй өнгөрөх юм уу, нуун дарагдуулдаг. Дундговиос өвчтэй малтай айл нүүж ирснээс болж сая Хан-Уул дүүрэгт уг өвчний тохиолдол бүртгэгдлээ.
Сүхбаатар, Хэнтий, Төв аймагт шүлхий гарсан нь ч өөр аймаг, сумынхан нүүж ирсэнтэй холбоотой. Сүхбаатарын Мөнххаан болон Асгат суманд Увсын Зүүнговь, Булган аймгаас, Хэнтийн Баянхутаг суманд бас Булганаас мал ирээд шүлхийгээр өвчилсөн. Сонгинохайрхан дүүрэгт вакцин тариад долоо ч хоноогүй байхад нэг айл холбогдох байгууллагад мэдэгдэлгүй дур мэдэн Төв аймгийн Сэргэлэн суманд нүүж очоод тэнд шүлхий тараачих жишээтэй.
Гоц халдварт өвчнийг биологийн дайн гэсэн ч болно. Тиймээс аль аль талдаа анхаарах нь чухал. Хамгийн түрүүнд малчдын хариуцлагын асуудал яригдана. Дундговь аймагт 1000-аас цөөн малтай айл бараг алга. Тийм олон малыг эхнэр, нөхөр хоёулхнаа адгуулж дөнгөхгүй. Малдаа үзлэг хийлгэхгүй, өвчилснийг нь ч мэдэхгүй, анхаарахгүй байна. Нэг дор олноор үхэхгүй л бол малын эмчид дуудлага өгөхөө больчихож. Ийм шалтгаанаар өвчний тархалт нэмэгдэж байгаа.
-Энэ оны эхээр зарим аймгийн малыг вакцинжуулсан байх аа?
-Сүхбаатар, Дорнод, Дорноговь, Хэнтий аймгийн малыг энэ оны нэг, хоёр, гуравдугаар сард вакцинжуулсан. Ийм арга хэмжээ аваагүй бол шүлхийн тархалт өдгөө Монгол орны нийт нутгийг хамрах байсан. Гол шалтгаан нь отор нүүдэлтэй холбоотой учраас тэр. Дэлхийн мал, амьтны эрүүл мэндийн байгууллагын зөвлөмжид байнга шүлхий дэгддэг бүс нутгийн малыг зургаан сар тутам вакцинжуулах ёстой гэж заасан.
Түүнчлэн заавал хоёр удаа вакцин тарьж байж хангалттай хэмжээний дархлаа тогтдог. Гэтэл бид нөөц боломждоо тулгуурлаад зөвхөн зүүн бүсийн аймгууд дахь үхрийг л хоёр удаа вакцинжуулсан. Бог малыг нь нэг удаа тарьсан. Сүхбаатар, Дорнод, Хэнтий аймгийн малд хийсэн вакцины дархлаа буурах шатанд орсон нь бидний тандалт судалгаагаар илэрлээ. Зургаан сарын хугацаа нь өнгөрчихөөд байна шүү дээ.
-Нийт хэчнээн мал вакцинжуулах шаардлагатай вэ?
-ХХААХҮ-ийн сайд, ОХУ-ын Хүнс, хөдөө аж ахуйн яам хоорондын хэлэлцээрээр хойд хөршөөс манайд 4.1 сая тун вакцин буцалтгүй тусламжаар олгох болсон. Эхний ээлжийн 1.280.000 тунг өнгөрсөн сарын 31-нд авчирсан. Дараагийн ээлжийнхийг нь ирэх сард оруулж ирнэ.
Зүүн бүсийн аймгуудын мал, дээр нь отрынхыг ч вакцинжуулахад нийт 10 орчим саяд хүрэх тооцоо гарч буй. Бүх малд хавтгайруулж бус, тодорхой судалгаа тандалтын үндсэн дээр голомттой, сэжигтэй, хамгаалалтын бүсийн малд л вакцин тарина. Буцалтгүй тусламжаас гадна таван сая орчим тун вакцин шаардагдахыг ОХУ-аас худалдан авахаар хөөцөлдөж байгаа. Ирэх сард багтаан шүлхийн тархалтыг бүрэн зогсооно.