Улаанбаатар хотын замын 70 хувь нь ус зайлуулах шугам сүлжээгүй
Аадар бороо орсонтой холбоотойгоор нийслэлд цөөнгүй асуудал тулгарав. Тухайлбал, Яармагийн зам уржигдар усанд автлаа. Тиймээс онцгой байдлын алба хаагчид авто замд тогтсон усыг соруулжээ. Улаанбаатар хотын тухайд ус зайлуулах шугам сүлжээ хангалтгүйгээс нийтийн эзэмшлийн зам, талбай усанд автаад байна. Нийслэл 1250 км авто замтайгаас 70 хувь нь ус зайлуулах шугам сүлжээгүй аж.
2024-07-23
Допинг илэрсэн гурван бөхийг баяр наадмын комиссынхон дуудаж уулзжээ
Үндэсний их баяр наадамд амжилт гаргасан 32 бөх, 16 харваачаас допингийн шинжилгээ авсан билээ. Шинжилгээний хариуны талаар Үндэсний бөхийн салбар хороо, Монголын үндэсний допингийн эсрэг байгууллагаас энэ сарын 17-нд мэдээлэл өгсөн. Ингэхдээ ХБНГУ-ын Дресден хот дахь лабораторид 48 сорьц илгээснээс дөрөв нь сэжигтэй гарсан талаар дурдсан юм. Тэгвэл гурван бөхөөс допинг илэрсэн нь баталгаатай болсон гэх мэдээлэл цахим орчинд тархаад байна. Тодруулбал, шинжилгээний хариу ирээгүй байсан тамирчид буюу гурван бөхийн сорьцоос допингийн төрлийн бодис илэрсэн нь тогтоогдсон гэнэ. Харин нэг тамирчны хариу ирээгүй байгаа аж. Үндэсний бөхийн салбар хорооныхон өчигдөр хориотой бодис илэрсэн гурван бөхийг дуудан уулзаж, шинжилгээний хариуг нь танилцуулсан аж
2024-07-23
Ахмад настны асаргаа, сувилгаанд туслах үйлчилгээ нэвтрүүлэв
Ахмад настны болон мэс заслын дараах асаргаа, сувилгаанд туслах үйлчилгээг “DTM home care” компанийнхан нэвтрүүлжээ. Тус байгууллагынхан хагалгааны дараах, өндөр настны, хавдартай өвчтөнийг асрах үйлчилгээ үзүүлдэг. Мөн хэвтрийн дэглэмтэй хүнд гэрээр асаргаа хийдэг юм байна. Шаардлагатай тохиолдолд тухайн үйлчлүүлэгчид эмчийн зөвлөмжийн дагуу эм, тариа хийдэг аж
2024-07-22
Байгалийн мөөгийг зөв таних, түүх сургалт зохион байгуулав
ШУА-ийн Ботаникийн цэцэрлэгт хүрээлэнгийн 50 жилийн ойд зориулсан байгалийн мөөгийг зөв таньж тодорхойлох, түүн бэлтгэх танхимын болон хээрийн сургалт өнгөрсөн бямба гарагт боллоо. Олон нийтэд зориулсан, үнэ төлбөргүй үйл ажиллагаанд 30 гаруй хүн оролцож, мөөгний талаарх ойлголт, мэдлэгээ тэлжээ. Хээрийн сургалтыг Богдхан уулын Зайсангийн амны баруун хойд энгэрт явуулсан бол танхимынхыг нь ХААИС-ийн Биотехнологийн сургуульд зохион байгуулсан аж.
2024-07-22
Азийн эко аялал жуулчлалын сүлжээ байгууллагын ээлжит хурлыг Монголд зохион байгуулна
“Монголын аялал жуулчлалын холбоо” төрийн бус байгууллага тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилготой Азийн эко аялал жуулчлалын сүлжээ (AEN) бүс нутгийн байгууллагад 2024 онд гишүүнээр элссэн билээ. Ингэснээр байгаль орчныг хамгаалах, нутгийн иргэдэд түшиглэсэн тогтвортой аялал жуулчлалыг дэмжих, хүний нөөцийг хөгжүүлэхэд чиглэсэн сургалт, судалгааны ажлуудыг зохион байгуулах, сонирхогч талуудын хоорондын сүлжээ, хамтын ажиллагааг өргөжүүлэх зэрэг олон төрлийн үйл ажиллагааг хамтран хэрэгжүүлэх нөхцөл бүрдсэн юм
2024-07-22
Бурхан буудай уулыг анх удаа тахив
Говь-Алтай аймгийн Бигэр, Цогт, Халиун сумын нутагт орших Бурхан буудай хайрхан уулыг тайх ёслол өнгөрсөн бямба гарагт буюу долоодугаар сарын 20-нд боллоо. Монголчууд эртнээс бурхан хэмээн хүндэтгэж, дээдлэн шүтэж ирсэн хоёр их хайрхны нэг болох Алтайн нурууны салбар Бурхан буудай уулын унаган төрх, ургамал, амьтан, түүх соёлын дурсгалыг хамгаалах зорилгоор Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2023 онд зарлиг гаргаж, төрийн тахилгатай болгосон юм. Тэгвэл тус уулыг тахих ёслолыг XVII жарны хилэнт эх хэмээх модон луу жилийн зуны адаг цагаагчин хонь сарын хөхөгчин тахиа өдөр ийнхүү анх удаа зохион байгуулав
2024-07-22
БНСУ-д 4 сая гаруй иргэн дипломтой ч ажилгүй байна
БНСУ дахь сургууль төгсөөд, ажил хайж буй иргэдийн статистик мэдээллийг олон нийтэд танилцууллаа. Тодруулбал, 2024 оны эхний хагас жилийн байдлаар 4 сая гаруй иргэн дипломтой ч ажилгүй байна.
2024-07-22
Усны ослоор амиа алдсан иргэдийн 14 хувь нь сэлж чаддаг байжээ
Сүүлийн 10 жилийн хугацаанд манай улсад 1044 хүн усанд осолдож, амиа алдсаныг ОБЕГ-ын Урьдчилан сэргийлэх газраас мэдээллээ. 2016 онд хамгийн олон буюу 141 хүн усны ослоор амиа алдсан байна. Өнгөрсөн онд 66 хүн ийм байдлаар энджээ. Усанд осолдсон иргэдийн 32 хувь нь морь, мотоцикль, автомашинаар гол гатлах гэж байжээ. Амиа алдагсдын 14 хувь нь сэлэхээр, дөрвөн хувь нь хүн аврахаар, долоон хувь нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ усанд орж энджээ. Энэ оны эхний зургаан сарын байдлаар 12 хүүхэд усанд осолджээ
2024-07-22
Солонгос эмч нар бохир багажаар үзлэг хийж, иргэдийг хохироожээ
Хэнтий аймгийн Биндэр сумын Эрүүл мэндийн төвийн гэрээт эмч Х.Хонгорзул цахим хуудсандаа шүгэл үлээсэн нь олны анхаарлыг татаж буй. Тодруулбал, тус сумд сайн дурын ажил хийхээр ирсэн солонгос шүдний эмч нар багажаа ариутгалгүй, салфетикаар арчиж хэрэглэсэн. Мөн шүлс сорогчийг солилгүйгээр дараагийн хүнд үйлчилж байсан тухай бичжээ.
2024-07-22