“Улаан номд орсон амьтан улаан номд орсон ургамлыг идэж дуусгадаг” гэсэн яриа байгаль судлаачдын дунд бий. Шог ч гэмээр энэ яриа байгалийн хуулиар амьдралд үнэн байдаг аж. Өсөн үржиж буй ямар нэг амьтны төрөл, зүйл амьдарч буй орчныхоо ургамалд эсвэл амьтны аймагт ноцтой хохирол үзүүлдэг нь байгалийн хууль.
Африкийн Саванна ч өөрийн асуудалтай. Энэ тивд өдрөөс өдөрт үржин нэмэгдэж буй заанууд өтгөн ойн онгон дагшин байдлыг үгүй хийж, газрыг талхалдаг гэнэ. Тэд модны навчийг идээд зогсохгүй, холтсыг нь хуулж, өвс ногоог талхлан, бутыг хуу хамдаг аж. Өмнө нь заануудын бэлчээрлэх газар хол байсан учир сүйтгэсэн мод ч ургаж амждаг байж.
Харин одоо тал талаас нь хязгаарласан үндэсний паркуудад амьдардаг заанудын бэлчээр хэт ойртсон учир Саваннаг ургамалгүй хоосон тал болгох аюул нүүрлээд байна. Саваннагийн ой мод, экосистемийг хамгаалагч байдаг. Тэр нь шоргоолж гэвэл та итгэх үү. Энэ бяцхан хамгаалагчдын амьдралын зохилдлогоо нь зааны довтолгооноос модыг хамгаалдаг юм байна.
Африкийн Саваннад модны шүүсээр хооллож, холтсон доор нь амьдардаг дөрвөн төрлийн шоргоолж байдаг гэнэ. Тэдний орчиндоо үзүүлж байдаг ашиг тусыг судлаачид удаан хугацааны туршид хийсэн ажиглалтын дүнд нээжээ. Гаднаас нь харахад ширүүн арьсаар бүрхэгдсэн зааны хошуунд хамаг учир байдаг аж.
Зааны хошуунд мэдрэлийн эс олноор байдаг бөгөөд тавхан мг жинтэй өчүүхэн шоргоолжууд хошуу руу нь орж загатнуулахыг “аварга биет” тэвчдэггүй аж. Хэрэв заан их өсөж үржвэл ой хоосон тал болох, эсвэл заангүй бол ургамал шигүү ургаж, туулж гарахын аргагүй ширэнгэ болох аж. “Хүчтэй нь хүчгүйгээ барьж иддэг” байгалийн хуулийг зөрчсөн энэ бичил биетнүүд Саваннагийн ойг хамгаалж байна..
Х.ЧИМЭГ