-Ажлын гараагаа эхэлсэн театр маань үгүй болсонд харамсах юм-
“Бямбын ярилцлага” булангийн нэг зорилго нь ховор хүнтэй уулзаж ярилцах, хэний ч олоогүй үнэн бодит мэдээллийг олж, уншигчдад хүргэх билээ. Энэ удаа уншигч тантай ховор хүнийг уулзуулж байгаа гэдэгтээ итгэлтэй байна.
Өдгөө 90 хүрч яваа Монгол Улсын гавьяат жүжигчин Л.Цэндсүрэн гуай 50 гаруй жилийн өмнө ”Хорин сайхан шарыг минь хоёр, гуравхан хулгана идчихлээ гэж үү дээ” гээд нулимс дуслуулан суудаг даа. Дахин давтагдашгүй бүтээлээр олны хайр хүндэтгэлийг хүлээсэн буурайтай хуучилснаа танд хүргэе.
-Хувь зохиол гэж амьдралд байдаг. Та ямар хувь зохиолоор кино урлагтай амьдралаа холбосон хүн бэ. Манай алтан үеийнхэн дээд сургууль төгсөөгүй ч агуу дүрийг бүтээж, бидэнд үлдээсэн. Түүний нэг нь та шүү дээ?
-Баярлалаа хүү минь. Ард түмэн минь ингэж үнэлж, хайрлаж байхад л боллоо. Эмээ нь Говь-Алтай аймгийн Цээл сумын уугуул. Намайг өргөж авсан аав Д.Ламжав хоёр хүүтэй байсан юм. Төрсөн аавтай маань найз тэрбээр гуйсаар байгаад намайг авсан гэдэг. Өргөж авсан ээж маань залуудаа бурхан болсон юм. Хотод ирсний дараа аав надад бичиг үсэг зааж сургасан. Хоёр ах, аав маань намайг эрхлүүлнэ гэж жигтэйхэн.
Аав маань Улсын бага хурлын тэргүүлэгчдийн дарга, Шүүх яамны сайдын алба хашиж байсан. Ажил ихтэй ч өрөөндөө намайг дагуулж ирээд бичиг үсэг зааж сургадаг байлаа. Мамбаса гээд дугуй төмөр савтай чихэр байсныг одоо мэдэх хүн цөөн байх. Тэрийг идээд л үсгээ бичиж суусаар бага ангийн хүүхдийн мэдлэгийг олсон. Сургуульд сурдаг хүүхдүүдтэй шалгалт өгөхөд онц авсан. Ингээд л дунд сургуульд орсон. Тэр үе 1937 он байлаа.
-Та 1937 он гээд их айдастай байх чинь?
-Тэгэлгүй яахав дээ. Үнэхээр хүнийг хэлмэгдүүлсэн үе, он жилүүд шүү. Эмээ нь сургуулиасаа эсэргүүний хүүхэд гээд хөөгдөөд гарч байсан. Үнэхээр хэцүү цаг үе байж. Аавыг маань эсэргүү гэж нэрлэх болсон. Ямар ч буруу зүйл хийгээгүй олон мянган сэхээтнээ буудан хөнөөж байсан юм. Миний хоёр ах Л.Ванган, Л.Нацаг нар шүү дээ.
-Тийм үү. Тэр агуу хүмүүс таны ах нар байсан юм уу?
-Тэгэлгүй яахав. Мундаг оюунлаг хүн шүү. Ах маань тэр үед Иркутск хотод дээд сургуульд сурч байсан юм. Мөн л эсэргүүний хүүхэд сурах эрх байхгүй гээд хөөчихсөн. Миний ах Л.Нацаг циркийг үүсгэн байгуулсан хүний нэг гэдгийг олон хүн мэднэ. Хойно урлагийн сургуульд сурч байсан ахыг маань хөөх гэж байхад нь найз нөхөд нь аргалсаар төгсгөж билээ. Ингээд л гурван өнчин хүүхэд үлдсэн.
Хоёр ах маань ганц эмэгтэй дүүгээ хүний гар харуулахгүй, юугаар ч дутаахгүй гэж их хичээдэг байж. Гэрт ганцааранг минь үлдээнэ гэж бараг үгүй. Ямар сайндаа л тэр үеийн залуусын хамгийн очих дуртай Ленин клубт бүжгэнд орохдоо дагуулж яваад, цайны газар нь хоол авч өгөөд суулгаж байхав дээ. -Л.Ванган гуайн бичсэн олон сайхан жүжиг, кино, зохиол байдаг. Эсэргүүний хүүхэд гэгдэж, сургуулиа төгсөж чадаагүй хүнд ажил олдохгүй хэцүү л байсан байх даа?
-Тэгэлгүй яахав, хаа газар очно адлаад л. Гэхдээ үнэхээр юм мэддэг хүнийг яаж ч чаддаггүй юм билээ. Ах нар маань хүнд хэцүү үед юу чаддаг, мэддэгээ харуулж байж л амьдарч, дахин давтагдашгүй бүтээлээ туурвисан даа хөөрхий. Их хэцүү байсан шүү. -Та дунд сургуульд эргээд орж чадсан уу. Аавыг чинь цагаатгасан уу?
-Яаж орох билээ дээ, авахгүй юм чинь. Аавыг маань бариад хорьчихсон. Төд удалгүй урлагийн сургууль байгуулагдаж, хүүхэд шалгаруулж авах тухай зар гарлаа. Ах маань намайг дагуулж очоод шалгуулсан. С.Оюун гуай, герман Бавуу гээд урлагийн мундагчууд шалгадаг юм байна. Би тэнцжээ. Гэтэл бас л нөгөө эсэргүүний хүүхэд гэдэг хаалт гарч ирсэн.
Тэд “Үнэхээр авьяастай хүүхэд юм. Даанч... “гээд л суугаад байсан. Тэгснээ гэнэт “Чи ер нь өөрийн жинхэнэ ааваараа овоглочих. Тэгээд л боллоо” гэсэн. Би уйлаад л үгүй гээд зүтгэсэн. Багш нар маань арга саам зохиож, дээрээс шалгалт ирэхээр төрсөн аавын овог нэртэй бичиг баримт үзүүлчихдэг байсан юм билээ. Ингээд л би гэдэг хүн 13 настайдаа урлагийн сургуульд орж хоёр жил болоод төгсөж байсан.
Тэр үед хоёр жил сургадаг байсан цаг. Ичинхорлоо, Цэрэндулам гээд алтан үеийнхэн, авьяас чадвартай хүмүүс хичээл заадаг байсан юм. Ахмадуудынхаа овгийг мартчих юм даа. Нас яваад хэлэх гэж байсан үгээ хүртэл мартдаг болж. Ийм болно гэж санасангүй явлаа. Аав маань хийсэн хэрэг байхгүй хэрнээ 10 жил шоронд суусан. Шоронд удаан хугацаанд суухаар эрүүл мэнд их мууддаг юм билээ.
Аав маань дотор эрхтэн нь өвддөг болчихоод удалгүй ходоодны хавдраар бурхан болсон. Хожим 24 жилийн дараа 1961 онд “Хэрэг хийгээгүй болно” гэсэн алгын чинээ цаас ирж байсан. Үнэхээр харамсалтай шүү. Гурван өнчин хүүхэдтэй гээд аавыг маань буудаагүй юм билээ.
-Та үнэхээр авьяастай хүүхэд байж дээ. Тэр үед дарга нараа хуурна гэдэг тийм амар зүйл байгаагүй. Аягүй бол
эсэргүүний хүүхдийг өмөөрсөн гээд өөрсдөө хэрэгт орно шүү дээ?
-Тэгэлгүй яахав, шууд л гүтгээд шоронд хийчихнэ. Хүнд хэцүү цагт тусалсан хүмүүст талархдаг юм. Би сургуулиа төгсөөд 1939 онд Бөмбөгөр ногоон театр байгуулагдахад ажиллаж эхэлсэн дээ. Урлагийнхаа анхны мундагчуудтай хамт ажиллаж, “Шарай голын гурван хаан”, “Учиртай гурван толгой” дуурийн олны хэсэгт тоглож тайзан дээр гарч эхэлсэн. “Шарай голын гурван хаан”-ы Барсбаатарын шадар баатрын дүрд тоглохдоо морьтой тайзан дээр гарч ирдэг ньсайхан санагддаг байсан.. Жижигхэн биетэй ч баатар болоод л гүйж явлаа.
-Таны олон сайхан дүр тайз дэлгэцнээ мөнхрөн үлджээ. Олон жилийн өмнө тоглосон гэхэд одоо хэр нь Монголын ард түмэн үзэж, шүтэн биширдэг. Тэр дундаас “Тунгалаг Тамир”, ”Хүргэн хүү” киноны гол дүрийг би онцолж байна. Олон айлаар малаа маллуулж суудаг Итгэлт баяны эхнэр сүүлдээ үнээгээ саагаад зогсож байдагсан?
-Их сайхан кино шүү. Нэг өдөр ардын жүжигчин А.Очирбат бид хоёрыг Соёлын яаманд дуудаж байна гэдэг юм байна. Бид хоёр яваад очтол “За, проб хийнэ. “Тунгалаг Тамир” гэдэг кино хийх гэж байгаа” гэсэн. Өөр хүн шалгалгүйгээр шууд биднийг авсан. Ч.Лодойдамба гуайн эхнэр ардын жүжигчин Ч.Долгорсүрэн найруулагчаар нь ажиллаж байсан юм. Урлагийн хүн болохоор хэн ямар дүрд тохирохыг сайн мэдсэн хэрэг.
1968 онд кино зураг авалт эхэлсэн. Гэхдээ би кинонд бага гардаг юм. Зохиолоороо бол Итгэлт бид хоёр Иркутск явах байсан гэсэн. Ч.Лодойдамба гуай “Эрхүү явж кино зураг авна шүү. Бэлтгэлтэй бай гаарай” гэдэг байсан юм. Кино зураг авалт дуусаагүй байхад Д.Лодойдамба гуай бурхан болсон болохоор тэр хэсгийг орхисон юм шиг байна лээ. Итгэлтийнд Галсан согтуу ирээд “Итгэлт баян өөрөө унагаа татах цаг ирж.
Таныг феодал гэж хувьсгалч Пүрэв гуай надад хэлсэн” гээд л агсам тавьж байхад надад тийм байдал тохиолдсон мэт сэтгэгдэл төрж, Галсанг цохиж авмаар санагдаж билээ. Тийм л сайн жүжиглэдэг, чадалтай хүмүүс шүү алтан үеийнхэн. Галсанд тоглосон хүн н.Санжмятав гэж сайхан авьяаслаг хүн байж билээ. Даанч хөөрхий урт насалж чадсангүй.
-“Тунгалаг Тамир”-ыг залгаад “Хүргэн хүү”-г хийсэн байх. Та ихэвчлэн баян айлын, чамгүй ааштай эхнэрийн дүр бүтээсэн байдаг. Гэхдээ их чадварлаг шүү?
-Эмээ нь амьдрал дээр бэр, хүргэчүүддээ их хайртай, зөөлөн хүн. Ухаан муутай, эд мөнгөтэй хүнтэй л хүүхдээ суулгах бодолтой эмэгтэйн дүрийг гаргах тийм ч амар биш. “Хүргэн хүү”-гийн Аюушийн дүр мөн л тийм эмэгтэй байсан юм. Олон хүнтэй уулзаж, баян хүний эхнэр ямар байдгийг судалж, сум бригадаар мөн ч их явсан даа. Нэгд нэгэнгүй бичиж авч бэлддэгсэн.
Энэ кинонд тоглох гэхэд театраас бригадаар явна гээд зөвшөөрдөггүй. Хөдөө явах гээд машин дээр гарчихсан байхад Жийгээ найруулагч ирээд “Яам зөвшөөрсөн, кино зураг авалт эхлэх гээд байна” хэмээн шууд авч явж байсан юм. Дүр сайн болно гэдэг миний сайных биш шүү дээ. Найруулагч, хамтран тоглогч жүжигчний ур чадвар бусдад нөлөөлдөг. Найруулагч нь Жигжид, кино зохиолыг нь С.Удвал, Д.Дожоодорж гуай хоёр бичсэн юм. Зохиол маш сайтай кино. Манай Жийгээ найруулагч бурхан шиг хүн шүү.
Зураг авалтын үеэр бурхан минь маш хатуу чанга, өндөр шаардлага тавина. Харин бусад үед бидэнтэй найз нөхөд шиг л байна даа. Би хотод өссөн хүн болохоор үнээ мал саах, ноос хяргах, мал крелинд оруулах гээд мэдэхгүй зүйл их шүү дээ. Гэтэл заавал хийж сур, тэгж байж кино зураг авна гэдэг байлаа. Харин Жамц баянд тоглодог Д.Найдан маань Ховдод өсөж, 20 нас гарсан хойноо хотод ирсэн хүн болохоор хөдөөний амьдрал дэндүү сайн мэднэ дээ.
Зааж хэлж өгнө. Ноос ингэж хяргадаг, малаа ингэж бэлчээж, усална гээд л. Амьдрал дээр монголчууд яаж ажил амьдралаа амжуулдгийг хийлгэж байж л кино хийдэг байлаа. Үнээ сааж чадахгүй хүн хэд шувтраад л гар сарвайчихна. Гэхдээ монгол хүн болохоор дороо сурчихдаг юм билээ. Сүү хөөрүүлж, өрөм загсааж байгаа хэсэг бий дээ. Би сүүгээ дутуу самарч, өрмөө сайн тогтоож чадахгүй байж. Гэтэл стоп гээд “Сүүгээ зөв самарч сур” гээд л зураг авалтыг хийхгүй гэчихнэ. Өндөр шаардлага тавьсны хүчинд сайн бүтээл гаргадаг авьяас чадалтай хүн байж билээ.
-Та охиноо баян айлын хүү Хайдавтай суулгах гэж их зүтгэж байгаа, хариуд нь Жамц баяны хэлж байгаа үг, Дэмбэрэлийг салаад нүүж байхад Халтмаа гээд л орилж байдаг, “галзуу Бумаа”, “Аман хуур”-ын хадам ээж гэх мэт олон дүрээрээ үзэгчдэд танигдсан Цэвээнжав гуай сумын төвд очоод гэрийн хаяандаа сууж байгаа гэх мэт хэсгээс жинхэнэ жүжигчин хүний ур чадварыг хардаг?
-Тийм шүү. Сайн жүжигчид энэ киног бүтээсэн. Би сайн хүмүүсийн хүчинд чадан ядан бүтээсэн дүр байгаа юм. “Халтмаа гээд л хоёр удаа орилоход дотор палхийгээд л явчихдаг” гэж энэ дүрийг бүтээсэн Цэрэндарьзав хэлдэг юм. Цэвээнжав үнэхээр авьяастай манай алтан үеийн нэг шүү. Тэр хэсгийг хараад хөдөө нутгаа санасан хүнийг ёстой сайн гаргасан гэж одоо ч хүмүүс ярьдаг.Архустайд зураг авалтаа хийхдээ хөдөлмөрийн баатар Р.Минжүүрийн гадаа кино групп буугаад заавар зөвлөгөө аваад мөн ч сайхан байж дээ.
-Кино зураг авалтыг бодитоор хийдэг байсан учир одоо ч үнэ цэнээ алддаггүй гэдэгтэй олон хүн санал нийлнэ. Энэ киноны хамгийн хөгжилтэй бас зураг авахад хэцүү хэсэг нь хорин шарыг хулгана “иддэг” хэсэг. Хулгана юу ч үгүй мэрсэн нь жинхэнэ мөнгө байсан уу?
-Их инээдтэй, бид чинь тэр хэсгээ авах гэж хулганы эрэлд гарч байсан юм. Жүжигчид, найруулагч, туслах ажилтнууд гээд бүгд энэ ажилд оролцлоо. Кино үйлдвэрийн урд хэсэгт айлууд зусланд гардаг байсан. Намар дөхөөд зуслан буухаар айлын бууцнаас хулгана олохоор явцгаалаа. Хулганы араас хөөцөлдсөөр арвыг барьсан юм. Шөнөжин нөгөө хэдэн хулгандаа өвс тавьж өгч хонуулаад өглөө хартал гурав нь л амьд байсан. Жийгээ найруулагч “За өөр хулгана олдохгүй учир энэ хэсгийг нэг л авна шүү” гэсэн. Ингээд нэг л удаа энэ зургийг авсан.
-Нэг удаа авсан гэхэд их сайн болсон шүү. Нөгөө мөнгө ямар байсан юм бол?
-Аан тэр үед их хатуу чанга дэг журамтай бай лаа. Төв банкнаас зөвшөөрөл авч, хяналт шалгалтын хүмүүс ирээд харж байгаад тэр мөнгийг устгуулж байсан юм. Нөгөө хэдэн төгрөгийг сийчиж байгаад бааданд хийсэн.
-Хорин сайхан шар чинь хоёр мянган төгрөг гэсэн үг. Тэр үедээ их мөнгө дөө?
-Өө тэгэлгүй яахав. Одоогийн 20 сая төгрөг гэсэн үг байх даа. Шинэ кино Соёлын яамны хяналт шалгалтаар ороод сая нэг өргөн дэлгэцээр гарахын өмнө кино группийнхэн сууж байгаад үзнэ. Дараа нь хүлээн авалт хийдэг байлаа. Хүн бүхэн сайн болж, баяр хүргэе гээд л хэлэх нь сайхан байдагюм шүү. С.Удвал гуай маш их баярлаж байсан.
-Таны ажлын гараа Хүүхэд залуучуудын театраас эхлэлтэй гэсэн. Одоо театр чинь байхгүй болчихсон. Хаана харьяалагддаг юм бэ?
-Харин тиймээ хүү минь. Манай театраас маш сайн жүжигчин, найруулагчид төрөн гарсан. Гэтэл өнөөдөр театр байхгүй. И.Нямгаваа л учрыг нь олсон бололтой. Театрын маань 70 жил болоход очих газар байдаггүй. Театрын байр “Хаан” банкны мэдэлд очсон бололтой. Хэдэн ахмад тэр дотор ороод байж байгаад л гарсан. Театр байсан газар тийм болчихоор их муухай юм билээ. Зарим ахмад бичиг баримтаа авч чадахгүй хэцүү л байгаа. Харин Драмын театрын дарга Цэрэнсамбуу, Н.Сувд нар маань “Бид та нарыгаа авалгүй яахав” гээд ахмадын баяр, сар шинээр хүлээн авч баярлуулдаг юм.
-Урлагийнхан дээр үед бригадаар олон сараар явдаг байж. Кино зургийг хэдэн сар, цаашлаад жилээр ч хийх нь бий. Таны хань их л тэвчээртэй, ухаалаг хүн байж дээ?
-Бурхан хүн байсан юм. Кино зурганд явахад хүүхдээ угжаад л ”Миний хань ажлаа сайн хийгээд ирээрэй. Улсад ажил хийж байхад л боллоо” гэдэг байж билээ. Бид хоёр найман хүүхэд төрүүлж өсгөсөн. Том хүүхэд маань охин учир түүндээ дүү нарыг нь даатгачихна.
-Зурган дээрээс харахад таны хань цагдаагийн хүн байсан бололтой. Цагдаагийн ажилд цаг нар гэж үгүй. Урлагийнхан хөдөө гадаа явах нь их. Ажил амьдралаа сайхан зохицуулж явж дээ?
-Нөхрийг маань Л.Жамъян гэдэг. Тухайн үеийн Сүхбаатар, Октябрь, Найрамдал, Ажилчны районы цагдаагийн даргын албыг хашиж байсан юм. Ард түм нийхээ сэтгэлд хоногшсон дүр бүтээсэн нь сайн ханийн минь л гавьяа шүү дээ. Нөхөр нь ойлгохгүй уурлаж, загнаснаас урлагийн ажлаа орхиж байсан хүн цөөнгүй л байсан юм.
-Таныг Жамъянгын эхнэр бус Жамц баяны эхнэр гэж нэрлэдэг.. Нөхөр чинь дургүйцдэг байсан уу?
-Яалаа гэж дургүйцэх билээ. Манай нөхөр “Жамц баян”-тай найзалж, тэр манайхаар орж гарч явсан. Ажлынхан нь харин Жамц баянд эхнэрээ алдсан хурандаа гэж шоолдог байсан гэнэ лээ.
-Таныг 2009 онд гавьяат аваад Төрийн ордноос гарч ирэхийг хараад итгээгүй. Ардын жүжигчин авсан гэж бодож байсан?
-Бөмбөгөр ногоон театр байгуулагдсан цагаас эхлээд 50 гаруй жил урлагт зүтгээд тэтгэвэрт гарсан. Энэ хугацаанд тайз, дэлгэц, телевиз радиогийн 400 гаруй гол дүр бүтээсэн юм билээ. Ерөн хийлөгч асан Н.Энхбаяр шагнал гардуулахдаа “Дэндүү оройтож авлаа даа” гэж хэлж байсан. Хүүхдүүд дарга нартай нь уулзъя л гэдэг байсан юм. Эмээ нь “Яах юм бэ. Ард түмэн ээжийг нь мэднэ” гээд байсан.
-Гэхдээ ард түмэн танд ардын жүжигчин цол аль эрт өгсөн. Цаг зав гарган уулзаж, алтан үеийнхнийгээ дурссанд маш их баярлалаа. Урт насалж удаан жаргаарай.
Х.Оюунсүрэн