АНУ-ын Үндэсний далай тэнгис, цаг уурын судалгааны газрын судалгаагаар хлорфторуглерод хэмээх органик нэгдлийн агууламж дэлхийн агаар мандалд ихэссэнийг тогтоосон. Гэвч үүнийг нэмэгдүүлэхэд нөлөөлж байгаа эх үүсвэрийг илрүүлж чадаагүй байна. Хлорфторуглерод нь озоны давхаргыг сүйтгэдэг хортой агууламж тул 1989 оны Монреалийн протоколоор дэлхийн улс орнууд дээрх бодисыг агуулсан аливаа үйлдвэрлэлийг бүрэн зогсоосон юм.
Үүний дүнд 1993 онд хлорфторуглеродын агаар мандал дахь хэмжээ 15 хувиар буурсан боловч 2014-2016 онд эргээд нэмэгджээ. Тодруулж хэлбэл, 2002-2012 оны дундаж үзүүлэлтээс 25 хувиар өсчээ. Хлорфторуглеродны хэмжээ ингэж ихээр, хурдацтай нэмэгдсэнээр түүний агууламжийн сарних боломж хоёр дахин доройтоод байна.
Хорт хий эрс өссөн шалтгааныг олох, эх үүсвэрийг сурвалжлах эрэлд эрдэмтэд эртнээс мордож, улмаар дэвшүүлсэн эхний хувилбар нь хуучин байшин, нураасан барилгаас үүссэн тоосжилт, хий байлаа. Гэвч байшин барилгын нөлөөлөл харьцангуй бага хэмжээнд байгааг цаг агаарын судлалын явцад олж тогтоогджээ. Эндээс эрдэмтэд нэгэн ноцтой дүгнэлт хийсэн нь хлорфторуглерод дэлхийн газар нутийн хаа нэгтэй үйлдвэрлэгдэж байна хэмээн үзсэн явдал.
“Сайнс Алерт” сонины тэмдэглэснээр, судалгаанаас харахад хлорфторуглеродын нягтрал дэлхийн бөмбөрцөгийн хойд хэсэгт хамгийн өндөр нягтаршилтай байгаа аж. Тэр дундаа Зүүн Азийн орнууд болох БНХАУ, Монгол эсвэл БНСУ-ын хаа нэгтэй эрх үүсвэр нь байх магадлалтай гэнэ. Өөрөөр хэлбэл, хориотой бодисыг үйлдвэрлэж байж болзошгүй орнуудын жагсаалтад манай орон багтаж байна.
Хуучин цагт хлорфторуглерод нь хоргүй бодист тооцогдож хөргөгчинд өргөнөөр хэрэглэж байв. Гэвч 1970-аад онд озоны давхаргад үзүүлдэг түүний хор хөнөөлийг олж тогтоосноор дэлхий улс орнууд 1985 оноос эхлэн озоны давхаргыг хамгаалах Монреалийн протоколд нэгдэн орцгоосон юм. Монгол улс эдгээр 191 орны нэг юм. Үүнд хамгийн том хувь нэмрийг оруулсан хүмүүё бол Калифорнийн их сургуулийн химич Марио Молина, Франк Шервуд Роуланд юм.
-Марио Молина-
Хлорфторуглерод нь дэлхийн агаар мандал удаан хугацаанд орших чадвартай төдийгүй озоны давхарыг хүчтэй сүйтгэж байгааг тэд олж нээсэн түүхтэй. Тус эрдэмтдийн ажил нь Жозеф Крутцен, Харольд Жонстоуны “Оксид азот нь озоны цооролтыг хурдасгадаг” тухай нээлтэд тулгуурлаж байлаа. Хүн төрөлхтөний сайн сайхны төлөө хийсэн хөдөлмөрийг нь Шведийн эзэн хааны академи үнэлж Молина болон Крутценыг Нобелийн шагнал хүртээсэн юм.
Озоны давхарга гэдэг нь дэлхийн агаар мандал дахь озоны (O3) өндөр агууламж бүхий хэсэг юм. Тус давхарга нь дэлхий дээрх амьд биетүүдэд хор хохирол учруулах чадвар бүхий, нарны хэт ягаан туяаны 93 - 99 хувийг шингээж, хүн төрөлхтөнийг хот туяанаас хамгаалж байдаг амин чухал давхарга юм. Гэвч бөмбөрцөг дэлхийн насжилтын харуул занги болсон энэ давхаргын цоорол 1980-аад оноос эрчимтэй явагдах болсноор олон янзын асуудлыг араасаа дагуулах болсон билээ.