Чингэлтэй дүүргийн XVIII хорооны нутаг дахь тоглоомын талбай
-Автобусны 3-4 буудал явж хүрдэг тоглоомын талбай нь эвдэрхий -
“Улаанбаатарт, ялангуяа гэр хороололд хүүхдэд зориулсан тохижилттой талбай хомс. Хүүхдүүд цэцэрлэг, сургуулийн хашаанд л өдрийг өнгөрүүлдэг. Гэтэл тэр орчныг нь засаж додомдоно гэж байхгүй. “Гэр хорооллынхон ямар орчинд байх нь хэнд хамаатай юм бэ” гэсэн байдлаар хандах нь хэвийн үзэгдэл шахам. Үүний уршгаар нэг хүүхэд амиа алдсан. Нийслэл, дүүргийн удирдлага үүнд анхаарах болоогүй юу. Сургуулиудын гаднах талбай, орчны аюулгүй байдлыг шалгаасай. Манай хүүхэд осол гарсан газрын дэргэдэх сагсны талбайд байнга тоглодог. Шийт нь уначих вий гэж айгаад, хүүхдээ тийш зүглэхийг хориглосон...”
Энэ бол хөлбөмбөгийн талбайн хаалганд даруулж нас барсан хүүгийн талаар мэдээлсэн нэгэн ээжийн үг. Талийгаачтай нас чацуу хүүтэй, түүнийгээ хэрэг гарснаас хойш “Хашаанаасаа гарч болохгүй” гэсэн хатуу захиргаадалтад байлгаж буйгаа тэрбээр хэлсэн. Нийслэл, дүүргийн удирдлага болон холбогдох албаныхан гэр хороололд хүүхэд амьдардгийг мартчихсан бололтой. Энэ талаар сурвалжиллаа.
Чингэлтэй дүүргийн нутаг, Баянбүрдийн тойргоос уржигдар Хайлаастыг зорив. Бороо орж, салхи салхилж байсан ч хүүхдүүд гадна гүйлдэнэ. Гуу жалга, өгсүүр, урууг үл тоон дугуй жийж буй хүүхэд ч цөөнгүй харагдав. Харамсалтай нь, 72 дугаар сургууль хүртэлх замд ганц гулгуур харагдсаныг эс тооцол хүүхдэд зориулсан тохижилттой талбай алга. Тус сургууль гаднаа хөлбөмбөгийн талбайтай. Гэхдээ түүнийгээ дангинатал цоожилжээ.
Бөмбөг тэвэрсээр гүйж ирсэн хүү цоожтой хаалга мөргөөд, буцахтай бид таарсан юм. Хөлбөмбөгийн талбайг цоожлоод 10 гаруй хонож байгааг хүү “ховлов”. Тэндхийн хүүхдүүд тэр хаалгыг онгойлгох нь уу гэсэн горьдлогоор өдөр бүр эргэж, тойрдог болсон гэнэ. Сургуулийн сагсны шийт нь эвдрээд, засаж буй тул тоглох боломжгүй аж. Үүнээс гадна шийт нь нэлээд өндөр учраас бага ангийн хүүхдүүд тоглож чаддаггүй юм байна. “Манай гэрийн ойролцоо сургуулийнхаас өөр тоглоомын талбай байхгүй. Би хашаандаа л өнждөг. Хааяа найзындаа очиж, сагс тоглодог. Тэднийх хашаандаа шийттэй” гэж тэрбээр ярьсан юм.
Сургуулийн дэргэд Чингэлтэй дүүргийн XV хорооны Өрхийн эрүүл мэндийн төв, цагдаагийн байрны цогцолбор бий. Гадна нь буюу сургуулийн хөлбөмбөгийн талбайн дэргэд ахмадуудад зориулсан дасгалын цөөн хэдэн төмөр төхөөрөмж, ганц гулсуур байрлуулжээ. Нялх хүүхдээ тэвэрсэн эмэгтэй тэнд сууж байв. Тус хороонд салхилах өөр талбай байхгүй гэнэ. Уулын энгэрээс авхуулаад өчнөөн гудамжны цаанаас хүмүүс хүүхдүүдээ тоглуулахын тулд тэнд ирдэг гэсэн. Дээрх эмэгтэй гэхэд хүүхдээ тэврээд 15 минут алхах газраас ирснээ хэлсэн юм.
Ингээд хоёр км орчим явж, Долоонбуудал руу уруудав. Мөн л хүүхдүүд тоглож, наадах талбай байхгүйтэй адил. Уг нь нэг бий юм билээ. Даанч түүнийг нь хүүхдийн тоглоомын талбай гэхээс илүүтэй аюултай орчин гэж болохоор. Чингэлтэй дүүргийн XVIII хороонд байрлах энэ талбайн шат, нэг талынх нь суурь үерт урсчихаж. Зөөлөн хавтангууд нь ч ховхорчээ. Хачирхалтай нь, энэ талбайг анхнаасаа хүүхдэд зориулсан гэдэгт эргэлзмээр. Өнөөх төмөр тоног төхөөрөмжүүд нь хаашаа ч хөдлөх боломжгүй, инженерийн шугам сүлжээний худгаар хүрээлүүлжээ. Зарим нь эвдрээд хүүхэд битгий хэл, томчууд ч гараа эсгэж мэдэхээр байв. Ер нь тоглох ямар ч боломжгүй болжээ.
Долоонбуудлаас Сүхбаатар дүүргийн XVII хорооны нутаг, Дамбадаржаагийн эцсийн буудал руу явав. Сэлбэ голын голдирол дотор тоглоомын талбай байгуулсан байхыг хараад овоо шүү дээ гэж бодлоо. Хүүхдийн тоглоомын талбай байгуулахдаа ганц гулсуур, хэдэн төмөр төхөөрөмж байрлуулах ёстой гэсэн мэт тогтсон ойлголтыг халж, савлуур, сүүдрэвч байрлуулсан учраас тэр.
Мөн ойр орчимд нь дугуйтай хүүхдүүд шаагилдаж, дунд ангийн сурагч бололтой хоёр хүүхэд сагс тоглож байлаа. Гэвч очиход өөр орчин угтах нь тэр. Сагсны талбай нь бороо орохоор усанд автчихдаг юм байна. Сүүдрэвчнийх нь сандал эвдэрчээ. Нураагаад түлэхээс өөрөөр ашиглахаас өнгөрч. Савлуур нь ч хэд хэдэн удаа эвдэрсэн бололтой, энд тэнд нь төмөр утсаар ярзайтал нь бэхэлчихэж. Балчир хүүхдүүд энд тогловол хөл, гараа хүүлж мэдэхээр юм. Тэнд тоглож байсан хүүхдүүд гол дотор машин хаа сайгүй холхидог, тиймээс анхааралтай байхгүй бол осолд орох эрсдэлтэйг хэлэв.
Цаашлаад 58 дугаар сургуулийг зорилоо. Хөлбөмбөгийн талбайд нь хүүхдүүд өдөржин өнждөг бололтой. Хаалга, сандал нь бэхэлгээ сайтай юм. Харин талбай нь энд тэндээ овон товонтой, гүйж яваад бүдэрч унаад хөл, гараа шалбалахыг үгүйсгэх аргагүй. Тэнд тоглож байсан хүүхдүүд тухайн орчимд сагсны шийт дөрөв байдаг гэж хэлсэн. Гэхдээ тэр нь хоорондоо 3-4 буудал зайтай аж.
Тэндээс уруудаад, Сүхбаатар дүүргийн XVI хорооны нутаг дахь рашааны дэргэдэх тохижилттой талбай бидний очсон дараагийн газар байв. Дөрвөн машин байрлуулах боломжгүй шахам зайд хэсэг хүүхэд сагс тоглож, зарим нь дэргэд нь бөмбөг өшиглөж, үлдсэн хэд нь дасгалын төхөөрөмж дээр сууна. Тэдний олонх нь тоглохын тулд гурван буудал газар алхаж иржээ. Авто замтай ойрхон учир тус дүүргийн Цагдаагийн II хэлтсийн урамшуулалт эргүүл Г.Гүндэгмаа хүүхдүүдийг “сахиж” байсан юм. Тэрбээр “Манай хороонд байтугай ойр орчимд ийм талбай байхгүй. Тийм догь талбай биш ч хүүхдүүд энд л ирж тоглодог. Даанч эрсдэлтэй.
Сүхбаатар дүүргийн нутаг дахь тоглоомын талбайнууд
Архичид цуглаж, хүүхэд айлгаж, ичээнэ. Рашааны ундаргын хашлага, дэргэд нь байрлуулсан сандал, хогийн савыг эвдчихсэн. Хүүхдүүд гэмтэж, бэртэх аюултай орчин болчихлоо” хэмээн ярьсан юм. Түүний хэлсэнчлэн хүүхдүүд нэвт сүлбүүлчихмээр үзүүртэй зүйлс тухайн орчинд элбэг юм билээ. “Бидний зургийг аваад, ярьсныг минь заавал бичээрэй. Бидэнд тоглох газар байдаггүй, өдөржин хашаандаа өнждөг. Дугуй унаж, бөмбөг өшиглөх уг нь гоё. Даанч машинд дайруулчихна, бэртчихнэ гээд аав, ээж гаргадаггүй. Сэлбэ гол руу очиж л хөлбөмбөг тоглохгүй бол тэгшхэн талбайгүй болохоор хэцүү байдаг юм. Бидэнд тоглоомын талбай хэрэгтэй байна” гэж хүүхдүүд гараа далласаар гэрийн зүг гүйлдсэн. Холбогдох албаныхан анхаарна биз ээ.
Хайлааст, Долоонбуудал, Дамбадаржаа орчмын хүүхдүүд дугуй унах нь элбэг. Бас бүгдээрээ хөлбөмбөг тоглох дуртай гэсэн. Дарь-Эхийн хүүхдүүд ч ялгаагүй. Гэхдээ тэд хашаандаа л тоглодог. Тэгвэл Баянзүрх дүүргийн V хорооны хүүхдүүд ч тэдэнтэй ижил зовлонтой аж. Тоглоомын ганц ч талбайгүй учраас “Монел” орчимд амьдардаг хүүхдүүд амь дүйн, зам дээр тоглож байна. Ямар сайндаа л дүүгээ, хүүхдээ салхилуулж буй хүмүүс дэлгүүрийн гадна тухалж байх вэ дээ.
Гэр хороололд хүүхэд амьдардгийг холбогдох албаныхан мартчихаж ээ. Эсвэл мэддэггүй бололтой. Гурван дүүргийн нутаг дэвсгэрийг дамжин, 30 орчим км зам туулахад тоглоомын дөрөвхөн талбай байгаагаас үүнийг мэдэж болно. Хашаандаа улс, нийслэл, дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар барьж, байгуулснаас илүү тоглоомтой айл энэ хооронд цөөнгүй харагдсан. Гэтэл нийтийн гэх “данстай” талбай бүхэн “но”-той, эзэд нь хашаандаа хоригдож байгааг юу гэх вэ.
Бэлтгэсэн: Г.Цэцэг