“Уншигч-сурвалжлагч” булангийнхаа энэ удаагийн дугаарт олонд төдийлөн танигдаагүй ч салбартаа амжилттай ажиллаж яваа залуусыг онцолсон юм. Нэгнээ эчнээ таньдаг тэд зэрвэс харвал ах, дүү юм уу гэж андуурмаар ч эзэмшсэн мэргэжил, хүсэл мөрөөдөл нь ижилгүй.
“Өнөөдөр” сонины сурвалжлагчийн үүргийг түр гүйцэтгэх эрхэм бол АНУ дахь “Монгол интерест” медиа группийн эрхлэгч Г.Чингис. Тэрбээр Чикаго хотод амьдардаг бөгөөд эх орондоо түр ирээд байхад нь бид “барьж авав”. Г.Чингис АНУ-д амьдарч буй монголчууддаа зориулж “Be you” нэвтрүүлэг хөтөлдөг, бараг л сэтгүүлч мэргэжилтэй нэгэн.
Харин түүнд “байцаалгах” зочин бол “Хот хөгжүүлэлтийн шийдэл” төрийн бус байгууллагын тэргүүн, “Улаанбаатар, Сингапур пропертис” компанийн зөвлөх Л.Одсүрэн. Тэд хот төлөвлөлт сэдвийн хүрээнд сонирхолтой яриа өрнүүлсэн юм.
-Сайн байна уу, Одсүрээн. Би АНУ-д 11 жил амьдарчээ. Эх орондоо ирээд гурав л хонож байна. Энэ хугацаанд машин бариад ажлаа амжуулж явахдаа манай хот төлөвлөлтөд алдаа байна гэдгийг ажиглалаа.
Та “Хот хөгжүүлэлтийн шийдэл” төрийн бус байгууллага байгуулсан. Эндээс яриагаа эхэлье. Зорилго нь юу байв?
-Сайн. Сайн явж ирэв үү. Энэ байгууллагыг үүсгэн байгуулсан нь миний эрхэлдэг бизнестэй холбоотой. Барилгын салбарт ажиллаж үзье гэж шийдээд, 2011 онд судалгаа хийж эхэлсэн. Сингапураас тодорхой хэмжээнд хөрөнгө оруулалт татаж, UBSPP буюу “Улаанбаатар, Сингапур пропертис” гэдэг үл хөдлөх хөрөнгийн хөгжүүлэлтийн хамтарсан компани байгуулсан.
Орон сууц барих газраа судалж байхдаа хотын газар маш үнэ цэнэтэй гэдгийг ойлгосон. Тэр үеэс хот төлөвлөлтийг судалсан. Бидэнд агаарын бохирдол, түгжрэлээс эхлээд асуудал их ч үүнийг дэлхийн хотууд ч ялгаагүй туулаад иржээ. 2000-3000 жил оршин тогтнож буй хотууд байна. Бид тэдгээрийн бүх алдааг давтах албагүй, туршлагыг нь судалж, даван туулсан арга замыг Улаанбаатар хотдоо тохиромжтойгоор хөрвүүлж чадвал олон асуудлыг шийдэх боломжтой.
Үүнд хувь нэмрээ оруулъя гэж найзуудтайгаа хамтран 2015 онд төрийн бус байгууллагаа байгуулсан.
-Калифорнид хот төлөвлөлтөөр докторын зэрэг хамгаалсан бүсгүй Улаанбаатарт ирээд энэ асуудалд оролцож эхэлсэн ч ямар нэг байдлаар гадуурхагдсан уу, үл ойлголцол үүссэн үү, түүнийг улсаас дэмжээгүй юм билээ. Тиймээс буцаад Америкт очиж, Калифорни мужийн Засгийн газрын хот төлөвлөлтийн албанд ажиллаж байна.
Энэ мэтээр боловсон хүчнээ алдсан жишээ цөөнгүй. Ер нь манайд хот төлөвлөлтийн чиглэлийн боловсон хүчин хэр байдаг бол. Та иргэнийхээ үүднээс хувь нэмрээ оруулахаар ажиллаж байна. Харин төрийн байгууллагууд ямар байдаг вэ?
-Мэргэжилтнүүдийг шаардлагатай албан тушаалд томилох нь манайд хэцүүхэн. Энэ чиглэлээр өөр улсад сурч төгссөн хүн цөөнгүй. Гэвч ихэвчлэн хувийн байгууллагад юм уу, гадаадад ажиллаж байна. Нийслэлээ сайхан болгоё гэвэл мэргэжлийн хүмүүсийг авчирч, ажиллуулах хэрэгтэй. Намын шугамаар, эсвэл ах дүү, хамаатан садан, найз нөхдөө албан тушаалд томилох тохиолдол Монголд түгээмэл.
Аливаа хотын хөгжсөн түүх нь хамгийн сайн мэдлэг боловсролтой хүмүүсээ татаж чадсанд байдаг юм билээ. Монгол Улс нэг л том хоттой. АНУ хэдэн зуун хоттой. Тэд хамгийн сайн боловсон хүчин, залуусыг татахын тулд өрсөлддөг. Боломжийн орон сууц, амьдрах орчноор нь хангах зэргээр чадалтай “толгой”-нуудыг цуглуулж байна. Ингэснээр шинэ бизнес, шинэ шийдэл бий болгодог.
Миний санаж байгаагаар Чикагод тухайн хотоос төрөн гарсан, дэлхийд амжилттай яваа залуусаа жил болгон урьж, амраагаад нэг зүйл хүсдэг. Тэр нь хотдоо хамгийн олон жуулчин яаж татах вэ зэрэг асуудлаар шинэ санаануудыг нь авах жишээтэй.
Манайхан дэлхий даяар тархсан, хотын хөгжлөөр боловсорсон мэргэжилтнүүдээ ажиллуулдаггүй юм гэхэд тэдний санааг нь сонсох хэрэгтэй.
-11 жилийн өмнөх Улаанбаатартай харьцуулахад одоо маш олон хүнтэй болжээ. Хотжилт бодитой харагдаж байна. Үүн шиг “хөдөөжилт” гэж байж болох уу гэж заримдаа боддог юм. Нийслэлийнхнийг хөдөө рүү яаж явуулах уу, эсвэл нэмэгдсээр байгаад ирээдүйд бүх хүн нь Улаанбаатарт амьдрах юм уу?
-Энэ нь зөвхөн Улаанбаатарт тохиолдож буй асуудал биш. 2010 онд дэлхийн хүн амын 50 хувь нь хотод амьдарч байсан бол 2050 онд 75-80 хувь нь хотод суурьшина гэсэн судалгаа бий. Хотжилт гэдэг дэлхий даяар өрнөж буй үйл явц. Хот өөрөө хүнд маш их боломж өгдөг.
Энгийн жишээ хэлэхэд, ханиа хайж буй залууст хот хэдэн мянган боломж, сонголт олгож байгаа юм. Магадгүй нэг суманд амьдарч байвал таны насны ойролцоо, эсрэг хүйсийн хэчнээн хүн тэнд байх бол. Хүн олшрохын хэрээр үйлчилгээ, бүтээгдэхүүн бий болдог. Тэр бүрт хүн өөрийн авьяасаа нээж, хөгжүүлэх боломж хамаагүй их. Цалин орлогын хувьд ч тэр.
Хотын хүн ам таван хувь өсөхөд дундаж цалин таван хувь нэмэгддэг. Сумын төвд амьдардаг хүн хэдэн төгрөгийн цалин авдаг вэ. Боломж олгодог учраас хүмүүс хот руу тэмүүлэх нь зайлшгүй.
-Тэгвэл бид яах ёстой вэ. Шинэ нийслэл байгуулах уу. Анх 500 мянган хүн амьдрахаар төлөвлөсөн хот ачааллаа дийлэхээ больж байгаа юм биш үү?
-Энэ өрөөсгөл ойлголт. Таны хэлснээр Улаанбаатарыг 500 мянган хүнд зориулж төлөвлөсөн, даац нь хэтэрсэн учраас маш их түгжрэл, стресстэй байна гэж зарим хүн ярьдаг. Нэг зүйлийг бид санах хэрэгтэй. Дэлхийн агуу хотууд ч анх нэг тосгон байгаад, түүхийн явцад хөгжиж, хүн ам нь нэмэгдсээр байна. Ямар ч хот хэдэн сая хүнтэй болно гэж төлөвлөдөггүй бөгөөд явцын дунд 5-10 жилээ урьдчилан харж, цааш хэрхэн хөгжих вэ гэсэн зорилгоо тодорхойлдог.
Улаанбаатар хотыг цааш хөгжүүлэх бүрэн бололцоо бий. Хамгийн гол нь мэргэжлийн хүмүүс ажиллуулж, нарийвчилсан төлөвлөгөө гарган, түүнийгээ дагах ёстой. Ийм байдал манайд хоёулаа сул. Мэргэжлийн хүмүүсээ хангалттай ашиглаж, хууль дүрмээ чанд баримталж чадахгүй байна. Болдог ч юмгүй, болохгүй ч зүйлгүй тийм л системд орчихлоо. Ном журмынх нь дагуу хийх гэхээр бүх зүйл болохгүй юм шиг, тэгсэн хэрнээ арга саам хайвал бүх зүйл болох юм шиг. Ийм байдлаар хот хөгжихгүй.
Сая гаруй хүн амьдрахын хэрээр хууль дүрэм, эмх цэгц бий болж байж зөв хөгжинө. Хүн ганцаараа амьдарвал ямар ч хууль дүрэм хэрэггүй. Харин хоёулаа бол хоёр дүрэм хэрэгтэй дээ. Нэг өрөөнд унтаж байвал хэдэн цагт гэрлээ унтраах вэ гэдгээс эхлээд нэгэндээ нийцүүлж байж л аятай амьдарна. Ингэж чадахгүй бол байнга зөрчилдөөн үүснэ.
Бид олон хууль, дүрмийг тодорхой болгох ёстой. Улаанбаатараас өөр шинэ нийслэл байгуулах шаардлагагүй. Асар их зардал шаардана. Бид эхлээд байгаа газартаа амьдарч сурах ёстой.
-Гоё санаа байна. Хэд хоног гудамжаар машин барьж явахдаа нэг үгийн утгыг ойлгов. Зам байхгүй, бараа байхгүй. Тэгээд л замбараагүй хот хэмээн нэрлэж гэж бодлоо. Замын түгжрэлийг гадаадын орнууд хэрхэн шийдсэн байдаг вэ?
-Улаанбаатар хотод нэг онцлог бий. Замын сүлжээ муутай. Дэлхийн өндөр хөгжилтэй хотуудын нийт талбайн 25-35 хувийг зам эзэлдэг. Зорчих хэсэгт нь явган болон авто зам ордог. Ийм зорчих хэсэг Улаанбаатарт ердөө есхөн хувь байна.
Баруун дөрвөн замаас Зүүн дөрвөн зам хүрэхэд гурван зам бий. Энэ том талбайд гуравхан зам шүү. Таны амьдарч буй Чикаго, Нью-Йоркийн зам торлосон системтэй. Америк байсан бол дээрх хотын төв хэсэгт магадгүй 14 зам барих байсан болов уу. Бүх хүн хэдхэн зам дээр бөөгнөрч буй учраас түгжрэл үүсэхээс аргагүй. Дэлхий нийт машины хэрэглээг багасгах зорилт тавьж байна. 60 хүн автобусанд суух, 60 хүн машин барих их ялгаатай.
1.5 сая иргэн бүгд машин баривал яах вэ. Манай замаар өдөрт 400 орчим мянган машин зорчиж байна. Байнга унадаггүй машинаа нийлүүлбэл энэ тоо 200 мянгаар нэмэгдэх нь. Манай улс жилд 40-50 мянган машин хилээр оруулж ирдэг. Хэчнээн ч зам тавиад машины хэрэглээг хязгаарлахгүй бол түгжрэл хаана ч үүснэ.
Тиймээс дэлхийн хотууд аль болох машинаар бус, нийтийн тээвэр, унадаг дугуйгаар зорчих, алхах зэргээр асуудлаа шийдэж байна. Мөн машины албан татвар нэмэх, зарим гол замаа төлбөртэй болгох, дугуйгаар зорчдог иргэдээ даатгалаас нь урамшуулах зэргээр олон ажил хийдэг.
-Хэрэв бид учраа олчих юм бол шийдэлд хүрэхэд амархан гэсэн гэрэл гэгээтэй дүр зургийг таны ярианаас олж харлаа. Манайд байгаа өөр нэг асуудал нь хот дотор дахиад нэг хот барьчихаж.
Эмх замбараагүй барьсан орон сууц ямар их байна вэ. Үүнийг төр зохицуулах ёстой юу, зах зээлд нь даатгаад орхих уу?
-Улаанбаатар хотод маш олон орон сууц барьж байгаа нь үнэн. Гэвч үүнээс илүү хурдаар гэр хороолол тэлж байна. Худалдан авах чадвар, хүртээмжийн асуудал үүнд нөлөөлдөг. Зам, тээвэр, нийтийн эзэмшлийн талбай, орон сууц гээд хотод нэн яаралтай шийдвэрлэх хэдхэн асуудал бий. Орон сууц хүний амьдралд маш чухал. Дундаж болон түүнээс доош орлоготой иргэдийг орон сууц худалдан авах боломжоор хангахад хотын захиргаа, Засгийн газраас бодлогоор дэмжих ёстой.
Таны хэлдгээр Засгийн газар үүнд оролцох хэрэггүй, зах зээлд нь даатгаад орхих хэрэгтэй гэх хандлага нийгэмд бий. Гэхдээ үгүй юм. АНУ, Английн түүхээс харвал 1900 оноос орон сууцны асуудалд Засгийн газар хяналт тавих ёстой гэсэн шийдэлд хүрч, гар бие оролцож эхэлсэн. Дэлхийн бүхий л том хотод энэ асуудалд Засгийн газар нь тодорхой түвшинд оролцож, баян, хоосны ялгааг хэт хол байлгахгүй байх, дундаж болон түүнээс доош орлоготой иргэдийг орон сууц худалдан авах боломжоор хангаж, татвараас хөнгөлөх бодлого хэрэгжүүлдэг.
Ингэж хэрэгжүүлсэн олон туршлага бий. Гэхдээ нэг алдаа байдаг. Та мэдэж байгаа байх. Америкт дунджаас доош орлоготой хүмүүст зориулж маш олон орон сууц барьсан. Амьдралын боломж тааруу орчинд маш олон асуудал үүсдэг. Тэднийг бөөгнөрүүлэхээр гэмт хэрэг маш их гарах болсон учир барилгуудыг нураасан.
Одоо АНУ өөр өөр орлоготой өрхүүдийг хамтад нь хэрхэн амьдруулах вэ гэсэн бодлого барьж байна. Ямар ч орон сууц барьсан 20 хувийг нь дундаж давхаргын хүмүүст зориулсан байх ёстой гэсэн зарчимтай. 100 хувь тансаг зэрэглэлийн орон сууц барина гэвэл нэмэлт татвар төлдөг. Тэр татварыг дунджаас доош орлоготой хүмүүст байр авах, түрээслэхэд нь дэмжлэг болгож өгдөг. Хотуудад баян, хоосны ялгаа их гарч, хот дотор өөр хот бий болчих вий гэхээс болгоомжилдог болжээ.
Улаанбаатарт баячууд нь Зайсан орчимд бөөгнөрөөд, ядуус нь гэр хороололдоо байсаар яваандаа амьдралын боломжтой нь гэрийнхээ гадна том хана бариад, үүдэндээ буутай хамгаалагч зогсоох уу. Тэгвэл Улаанбаатар аз жаргалтай бус, үзэн ядалтын хот болно. Тиймээс дунджаас доош орлоготой иргэдийг орон сууцаар хангахад онцгой анхаарах хэрэгтэй.
-“Хоёр гүүр даваад хосгүй баян болжээ” гэдэг үг үүний эхлэл нь юм биш үү. Нэгэндээ дургүйлхсэн, атаархсан мэт. Танай төрийн бус байгууллагын зүгээс энэ асуудалд яаж оролцох төлөвлөгөөтэй байна?
-Энэ жилээс нэг телевизтэй хамтран танин мэдэхүйн нэвтрүүлэг бэлтгэх гэж байна. Бид сая хэд хэдэн асуудлыг өнгөц ярилцахад л маш олон шийдэл харагдаж байгаа биз. Үүнийг сонсоогүй хүн Улаанбаатарыг хаяад нүүх хэрэгтэй л гэж бодно. Суурь боловсрол гэдэг шиг хотод амьдарч буй иргэний боловсролд хувь нэмрээ оруулах үүднээс нэвтрүүлэг хийхээр зорьсон.
Нэг сэдвийг задалж ярилцан, шийдэл хэлэх нь хүмүүст хэрэгтэй болов уу. УИХ-д нэр дэвшигчид ч манай нам гэхээс илүү “Улаанбаатараа ингэж хөгжүүлнэ” гэсэн бодитой зүйл ярьж, иргэд тэр шийдлийг нь асуудаг байгаасай. Тавьсан замыг хуулж, барьсан барилгыг нурааж чадахгүй. Tactical urbanism буюу деталиас нь эхэлж, нийслэлээ яаж гоё болгох вэ гэсэн аргачлалуудыг ярих юм.
Хүмүүсийг машинаас нь буулгаад явган алхуулъя гэвэл зам нь гоё, нүх сүвгүй, энд тэнд сэртийсэн төмөргүй, цахилгааны шонгийн ил утсанд цохиулаад амиа алдчихааргүй, аюулгүй, бас сонирхолтой байх ёстой. Зам талбай нь хөшөө дурсгалтай, барилгуудын ханан дээр дэлхийн алдартай зургийг зурсан ч юм уу, сонирхолтой шийдэлтэй байж л алхах хүний тоо нэмэгдэнэ.
-Эдгээр шийдлээс амьдралд хэрэгжүүлсэн аль нэг хотын жишээ хэлэхгүй юү?
-Хотыг хөгжүүлнэ гэдэг тухайн захирагчийн эр зориг, хүсэл, улс төрийн дэмжлэгээс шалтгаалдаг юм байна. Бразилын Курбита хотын захирагч Жемми Лернер дөрвөн жилийн дотор эрс өөрчлөлт хийсэн. Хар тамхи, гэмт хэрэг, замын түгжрэл ноёлсон газрыг эмх цэгцэд оруулж, хүнд зориулсан хот болгож чадсан. Тус хот 1.7 сая хүнтэй. Тэрбээр хотын дарга болонгуутаа худалдааны нэг гудамжаа машингүй болгосон.
Гудамжны хоёр талд бетонон хаалт хийлгэж, зөвхөн иргэддээ зориулж тохижуулсан. Эхэндээ хүмүүс эсэргүүцэн бухимдсан ч явган хүний зам тохижуулж, мод тарьж таатай орчин бүрдүүлсэн нь нутгийнхан болон жуулчдын очих дуртай газар болжээ. Манайхан үүнээс жишээ авч, Сөүлийн гудамжийг машингүй болгосон. Жемми Лернерийн хийсэн хоёр дахь том шийдэл нь метрог газар дээгүүр явуулсан.
Үүнийг Монголд тусгай замын автобус гэж нэрлэж буй. Курбита Бразилдаа хүн амьдрахад хамгийн таатай хотоор шалгарч, хотын захирагч нь олон улсын байгууллагаас цөөнгүй шагнал хүртсэн. Дөрвөн жилийн хугацаанд маш олон ажил хийсний хоёрыг нь л онцоллоо. Тухайн хотын захирагч нь хотоо мэддэг, ойлгодог, дэлхийн хөгжлийг харьцуулдаг, хэрэгжүүлдэг, улс төрийн эр зоригтой байвал өөрчилж болдгийн жишээ энэ.
Монгол зах зээлийн нийгэмд шилжээд 28 жил болжээ. Шилжилтийн үе буюу эхний 10 жилд учраа олохгүй явсан. Харин 2010 оноос эдийн засаг хөгжиж, зах зээлийн жинхэнэ систем рүү шилжсэн. Гэтэл хот маань иргэддээ таатай бус хот болж, хөгжсөөр байна. Гэхдээ бидэнд одоо ч боломж бий.
-Тэгвэл Улаанбаатарын ирээдүй таны төсөөлөлд хэрхэн бууж байна вэ?
-Дэлхий даяар технологийн хөгжил дагасан, хот төлөвлөлтийн олон шинэ шийдэл бий болж байна. Үүний суурь нь sharing economy буюу хамтын эдийн засаг юм. Жишээ нь, монголчууд нүүдэлчин ард түмэн учраас байнга нутаг сэлгэдэг. Хүн амынх нь 40 гаруй хувь нь хөдөө амьдардаг болоод ч тэр үү, айл бүрт зайлшгүй нэг машин байх шаардлага тулгардаг. “УАЗ-469”, “Портер” ч юм уу, аль нэг нь заавал байх ёстой.
Харин хотын иргэн заавал машинтай байх, эсвэл дангаараа эзэмших албагүй. Зээлж, эсвэл дундаа ашиглаж болно. Энэ нь хүний амьдралд маш их хэмнэлт авчирдаг. Үүнийг sharing economу гээд буй юм. Үүний нэг бодит жишээг саяхнаас Улаанбаатарт хэрэгжүүлж эхэллээ. “City bike” гээд дугуй түрээсээр унуулдаг үйлчилгээ. Та заавал хувьдаа унадаг дугуйтай байх албагүй боллоо.
Аливаа нэг зүйл авахад хадгалах, хамгаалах, засвар үйлчилгээ гээд байнга зардал шаарддаг. Хэрэглээ бий ч байнга ашигладаггүй тийм зүйлсийг заавал өөртөө байлгах, худалдаж авах шаардлагагүй учраас хүмүүс хуваалцаж байна. Дэлхий даяар энэ шийдлийг яаж хөгжүүлэх вэ гэдэгт анхаарч, судлах боллоо.
Орон сууц, машин дундаа хэрэглэдэг жишиг дэлхийн хотуудад түгээмэл. Хүмүүс машиныг нэг газраас нөгөөд хүрэх, ийш тийш явахад л ашигладаг. Нийт цаг хугацааны 95 хувьд нь машин ашигладаггүй гэсэн судалгаа ч бий. Өглөө ажилдаа очоод, оффисынхоо гадаа орхичихдог. Орой гэртээ ирээд, гараашиндаа хийчихдэг. Гэтэл тэр машиныг худалдаж авахад чамгүй зардал гардаг.
Харин дэлхийд машин түрээслэх үйлчилгээ бий болсноор хүмүүс гагцхүү шаардлагатай үед л тээврийн хэрэгсэл хэрэглэж байна. Тэр машин нь даатгалтай, тусгай үйлчилгээтэй учраас санаа зовох зүйлгүй. Асуудал гарвал даатгалаар төлүүлчихнэ. Та зөвхөн ашигласан цагийнхаа төлбөрийг л өгөх ёстой. Энэ нь тухайн нэг иргэний болоод өрхийн зардлыг асар бууруулдаг.
Дундын эзэмшлийн нэг машин хувийн 50 автомашины үүрэг гүйцэтгэдэг учраас ийм тооны хүн машин авах шаардлагагүй болно. Үүнийг нэвтрүүлж, хэрэгжүүлж чадвал хотын автомашин 50 дахин буурах нь. Энэ хэрээр Улаанбаатарын замын ачаалал, осол, зөрчил ч багасна. Тэгэхээр технологийн шийдэлтэй холбоод, хамтын эдийн засгийг хотод хэрхэн үр дүнтэй хэрэгжүүлж, хотын ачааллыг яаж бууруулах вэ гэдэгт бид ч дэлхий нийтийн жишгээр анхаарах хэрэгтэй. Яваандаа манайд ч ийм төрлийн үйлчилгээ өргөн нэвтрэх байх.
-“Хот төлөвлөлтийн төв нь хүн байх ёстой, иргэндээ ээлтэй хот болъё” гэж бид залхтал ярьдаг. Хот төлөвлөлт гэдэг малгайн дор иргэдэд дарамт болдог, бухимдуулдаг олон асуудал бий. Энэ бүхнийг шийдэх гарц бий гэдгийг та хэдэнтээ онцоллоо.
Тэгвэл бид иргэндээ ээлтэй, аз жаргалтай хот болохын тулд юунаас эхлэх ёстой вэ?
-Ядаж л явган хүний замаа сайжруулах хэрэгтэй. Сайхан алхмаар байна шүү дээ. Алхах ямар гайхалтай гэдгийг бид мэддэггүй юм байна. Шувуу нисэхгүй, загас усанд сэлэхгүй байж чадахгүй. Алхах нь үүний адил хүний чухал хэрэгцээ. Хүн хэр их алхаж, гүйнэ, тэр хэрээр тархи нь хөгжиж, сэтгэн бодох чадвар сайжирч, стресс тайлагддаг гэнэ. Нийслэлд бүхэлд нь биш юм гэхэд ядаж төвийн гудамж, талбайд иргэд чөлөөтэй алхах зам бий болгочих хэрэгтэй.
Жил бүр замын хажуу талын хашлагыг их хэмжээний хөрөнгө зарцуулж, сольдгийг бид шүүмжилдэг. Энэ нь мөнгө цавчих нэг арга юм. Тэр мөнгөөр явган хүний зам засъя л даа, цөмөөрөө.
-Олон хүн сайхан зүйл ярьдаг ч бодит байдалд хотод үнэхээр амьдралгүй юм шиг санагддаг. Бага зэрэг бороо ороход ихэнх зам нь эвдрээд, үерийн усанд автчихдаг. Үүнийг засахад 1.5 тэрбум төгрөг шаардлагатай гэж байна.
Гадаадын орнуудын сайн жишгийг яаж хөрсөн дээр буулгах вэ?
-Үүнийг нийслэлийнхэн л хийх ёстой. Гэтэл тэд хөдлөхгүй байна. Иргэд өөрсдөө шахаж, шаардах хэрэгтэй. Өөр ямар ч арга байхгүй.
-Харин бид хэтэрхий тайван, орчин нөхцөлдөө дасан зохицоод байх шиг.
-Иргэд нэг төрийн бус байгууллага байгуулаад, Улаанбаатарт буй нийтийн эзэмшлийн бүх газрыг бүртгэж болох юм. Тэр газрыг нь хэн нэгэн хувьдаа шилжүүлсэн, эсвэл барилга, байгууламж барьсан тохиолдолд эсэргүүцэн тэмцэж, холбогдох хууль хяналтын байгууллагад хандан, хамгаалдаг байя л даа. Нийтийн эзэмшлийн гудамж, талбайнуудаа захаас нь алдаад дууслаа шүү дээ. Үүнийг өөгшүүлж болохгүй.
Ардчилал зөв голдирлоор хөгжих үндэс нь иргэдийн оролцоо. Иргэд нь шаардлага тавьдаг, шахдаг байж гэмээнэ нийгмийн алдаа засарна. Мөн чадвартай залуус улс төрд хүч түрэн орж, өөрчлөх боломж бий.
-Хотын төвлөрөл, түүнээс үүдэлтэй орчны бохирдлыг хязгаарлахын тулд нийслэлийн Засаг дарга хот руу чиглэсэн шилжилт хөдөлгөөнийг хориглосон. Энэ хэр оновчтой шийдэл вэ?
-Хөдөөнөөс ирэх иргэдийг хориглож байгаа нь буруу. Хүний эрх шүү дээ. Үндсэн хуульд амьдрах газраа чөлөөтэй сонгоно гээд тусгачихсан. Хүмүүс хот руу боломж хайж ирдэг. Хамгийн наад зах нь боловсрол эзэмшиж, ажил орлоготой байх боломжийг нь хязгаарлаж болохгүй. Харин эсрэгээрээ дэмжих ёстой. Автобусаар яаж зорчдог, замын хөдөлгөөнд хэрхэн оролцдог гээд хотын амьдралыг танилцуулж, сургах хэрэгтэй.
Тэрнээс хүн ихэдвэл асуудал олширно гээд хаалгаа түгжчихэж болохгүй. Жишээлбэл, “За тэгж байгаад турна даа. Жаахан хугацаа хэрэгтэй” гээд байвал хүн хэзээ ч турахгүй. Тодорхой сахилга, мэдлэг хэрэгтэй. Үүн шиг аливаа зүйлийг өөрчлөхийн тулд тодорхой арга барил, сахилга бат чухал. Юм аандаа сайжирна гэж байдаггүй.
-Ногоон байгууламж, ландшафт хотод хэр чухал вэ?
-Нийслэлд маш олон барилга байгууламж бий гэдэг ч бодит байдалд тийм ч их биш. Токио, Чикаго зэрэг хөгжингүй хоттой харьцуулбал Улаанбаатар нягтрал багатай. Өөрөөр хэлбэл, нэг га-д амьдарч, зорчиж байгаа хүний тоо хамаагүй бага. Хамгийн гол нь тус хотууд зөв зохион байгуулалттай учраас иргэд нь бидэн шиг бачимдаж, бухимддаггүй.
Ногоон байгууламж заавал том талбайд байх албагүй. Нэг ам метр ногоон байгууламж байлаа ч түүнийгээ тогтмол арчилж, тордвол тэр хавьдаа өнгө нэмдэг. Ийм газар Улаанбаатарт өчнөөн бий ч бид байгаагаа ерөөсөө арчилдаггүй. Тоос шороондоо дарагдчихсан л байж байдаг. Нийтийн эзэмшлийн гудамж, талбайгаа хамгаалаад, түүндээ ногоон байгууламж, жижиг цэцэрлэг байгуулах хэрэгтэй.
Гэр, ажлын байрандаа цэцэг тарихад хэчнээн сайхан харагддаг, чимдэг билээ. Орон сууцныхаа хажууд заавал зүлэг, мод гэлгүй хэдхэн цэцэг тарьчихад л өнгө засчихна. Хөдөө биш, хот учраас барилга, байгууламж байх ёстой. Цаашид ч барилга, байгууламж нэмэгдэнэ.
-Манай улсад хот төлөвлөлттэй холбоотой хууль, эрх зүйн орчин хэр бүрдсэн гэж боддог вэ?
-Энэ тал дээр хийх зүйл маш их бий. Орон сууцны төслүүдэд ажиллаж байхдаа стандартууд нь хоцрогдсоныг мэдэрсэн. Жишээлбэл, манайд байр хоорондын зай 50-150 метр байх ёстой гэдэг. Гэтэл энэ нь энд тэндээ хэдхэн барилгатай аль коммунизмын үеийн стандарт. Зэрэгцээ газар эзэмшдэг хоёр хүний нэг нь эзэмшил дээрээ хажуугийнхдаа тулгаад байшин барьчихдаг.
Нөгөөх нь түүнээс хоцорсон учраас байшин барих эрхгүй, хохирч байгаа юм. Энэ бол наад захын жишээ. Орчин үеийн хотын стандартад нийцүүлж өөрчлөх зүйл маш олон. Хамгийн гайхалтай нь, үүнд анхаарах ёстой хүмүүс нь ерөөсөө юм хийдэггүй.
Барилга, хот байгуулалтын яам стандарт, нормчиллын сан гээд барилгын төсвөөс тодорхой хураамж авдаг. Энэ бүх стандарт, нормуудыг цаг үетэйгээ уялдуулан байнга шинэчилж байх ёстой. Намайг барилгын салбарыг анх судалж эхлэхэд л энэ асуудал яригдаж байсан. Одоо ч хэвээр. Хот болон салбар яам удирдаж буй хүмүүс барилга, хот төлөвлөлтийн талаар мэдлэггүйтэй л холбоотой байх. Мэддэг хүн юу хийхээ мэднэ. Цаг нөхцөөж, өөрсдийгөө дөвийлгөсөөр дөрвөн жилийг барж байна.
-Баярлалаа. Сонирхолтой мэдээлэл сонсож, олон шийдлийн талаар сонслоо. Таны ажилд амжилт хүсье.
-Ийм боломж олгосон та бүхэнд баярлалаа. Ямартай ч Улаанбаатарын иргэний хувьд хотынхоо хөгжилд санаа зовдог. Энэ талаар тодорхой хэмжээнд уншиж, судалж байгаа.
Дээр хэлсэнчлэн бид нүүдэлчин сэтгэлгээнээсээ салаад, хотын соёлд суралцах хэрэгтэй. Шинэ нийслэл байгуулъя, Улаанбаатар болохоо байлаа гэдэг бол нүүдэлчдийн сэтгэлгээ. Малчид бэлчээр, ус муудахаар л нутаг сэлгэчихдэг. Харин хотод ийм байдлаар хандаж болохгүй. Хотжих хөдөлгөөн эрчимжээд Улаанбаатарт 50, 60 жил л болж байна.
Өөр газар нүүж очлоо гэхэд 50 жилийн дараа дахиад л нутаг сэлгэх үү. Тэгэхээр байгаа газартаа амьдарч сурах хэрэгтэй. Зарим нэг хандлагаа өөрчилж, шинэ соёл, зуршил бий болгох ёстой. Тэгж байж бидний хүсдэг, амьдрахад таатай Улаанбаатар болно.
Явж байгаа хүнээр ачаа бүү татуул гэдэг. Нүүдэлчний сэтгэлгээгээр хандвал Улаанбаатар хэзээ ч хөгжиж, сайхан болохгүй. Тэгэхээр цөмөөрөө эндээ амьдарна, байгаагаа л сайхан болгоё гэдэг сэтгэлгээгээр хандацгаая. Өөр явах газар бидэнд байхгүй.
-Гэтэл нийслэлийн Засаг дарга хотын захиргааг нүүлгэх шийдвэр хэдийнэ гаргачихсан шүү дээ.
-Хот дотроо нүүж, шилжихэд асуудалгүй шүү дээ. Байж болох шийдэл. Сүхбаатарын талбайгаа тойроод шавааралдаад байж болохгүй биз дээ. Гэр хорооллын дэд бүтцийг сайжруулж, сургууль, цэцэрлэг нэмж байгуулах шаардлагатай. Тэгвэл тэнд газрын үнэ өсөж, илүү сайхан орон сууцнууд баригдана.
Сан-Францискод гэхэд уулархаг хэсэгт нь үнэтэй хауснууд байдаг. Тэгэхээр ирээдүйд Улаанбаатарын хойд хэсгийн өндөрлөг газрууд үнэд хүрэх боломжтой. Гол нь дэд бүтцийг нь шийдэх хэрэгтэй. Ингэснээр хот жигд хөгжинө.
Тэмдэглэсэн: Ж.СУВД, Ч.БОЛОР