Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар (ГБХЗХГ)-ын Хууль эрх зүй, хамтын ажиллагааны газрын дарга А.Энхбаатартай ярилцлаа.
-Гэр бүлийн хүчирхийллийн тухай хууль хэрэгжээд багагүй хугацааг үдлээ. Гэхдээ 108 тусламжийн утсанд ирж байгаа дуудлагын дийлэнхийг нь гэр бүлийн хүчирхийлэл эзэлж байна.
-Хүүхдийн эрхийн зөрчилтэй холбоотой дуудлага, мэдээллийн 90 орчим хувийг “Хүүхдийн тусламжийн 108” утсаар хүлээж авдаг. Үлдсэн 10 хувь нь бусад хэлбэрээр буюу орон нутагт ажиллаж буй Гэр бүл, хүүхэд, залуучуудын газрын хэлтсүүд, хамтарсан багийн гишүүд, сургуулийн нийгмийн ажилтнууд, өрхийн эмнэлэг, иргэдийн өргөдөл, гомдлоор бүртгэгддэг. Эдгээр бүртгэлээс харахад хүүхдийн эрх хамгийн ихээр зөрчигдөж буй орчин бол гэр бүлийн орчин байгаа. Дунджаар хэргийн 80 орчим хувьд нь гэр бүлийн орчинд хүүхдийн эрх зөрчигдөж байгаа гэсэн тооцоолол бий. Тодруулбал, тусгай дугаарт ирж буй дуудлагын дийлэнх хувийг хүүхдийг үл хайхрах хэлбэрийн хүчирхийлэлд өртүүлж байгаа дуудлага эзэлж байгаа бол хоёрдугаарт сэтгэл санааны хүчирхийлэл, гуравдугаарт бие махбодийн хүчирхийлэл, дөрөвдүгээрт хүүхдийн эсрэг бэлгийн хүчирхийллийн дуудлага зонхилж байна. Үүнээс бидний хамгийн их анхаарал шаардагддаг, цаашид засан сайжруулах шаардлагатай асуудал бол хамгааллын үйлчилгээ үзүүлэхээс өмнө урьдчилан сэргийлэх чиглэлээр, ялангуяа зөвлөн туслах үйлчилгээг үзүүлэх шаардлагатай юм.
-Энэ төрлийн гэмт хэрэг дийлэнхдээ гэр бүлийн анхаарал халамж муугаас болж гарч байгаа. Иймд бага насны хүүхдийн эцэг эх, асран хамгаалагчдыг мэдлэгжүүлэх, тэдэнд нөлөөлөх нөлөөллийн ажиллагаа юу юунаас ч илүү чухал байх.
-Монгол бол хүүхдийн эрхийг нийгмийн бүх орчинд хамгаалсан эрх зүйн зохицуулалттай улс. Бүх л орчинд хүүхдийн эрхийг хамгаалсан байх ёстой гэж заасан. Гэтэл 1992 онд Үндсэн хууль батлагдсанаас хойш өнөөдрийг хүртэлх 26 жилийн хугацаанд Монгол төрд гэр бүлийн асуудал хариуцсан төрийн захиргааны бүтэц, агентлаг байгаагүй гэж хэлэхэд буруудахгүй. Мөн залуучуудын асуудал хариуцсан байгууллага ч гэж байгаагүй, зөвхөн Монголын Залуучуудын холбоо гэсэн ТББ л үйл ажиллагаа явуулдаг байлаа.
2017 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдрийн байдлаар Монгол Улсад 867.000 өрх бий гэсэн тооцоо бий. Ямар янзын хэрэгцээ шаардлага, ялгаатай гэр бүл байгаа талаар бид тандалт судалгаа хийж үзсэн. Судалгаагаар бие биеэсээ ялгаатай хэв маягтай, мөн түүнд суурилсан хэрэгцээ шаардлага бүхий 10-12 янзын өрх, гэр бүл оршиж байгаа юм байна гэсэн дүн гарсан. Өөрөөр хэлбэл, архинаас хамааралтай гишүүнтэй гэр бүл байхад хөгжлийн бэрхшээлтэй гишүүнтэй эсвэл өрх толгойлсон хүүхэд бүхий гэр бүл, нийлмэл өрх бүхий амьдралтай гэр бүл ч байх жишээний. Иймд эдгээрт нэг төрлийн үйлчилгээ үзүүлэх боломжгүй. Хэрэв та хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй гэр бүлд очиж байгаа бол гэр бүлийн зүгээс ямар асаргаа, сувилгаа хэрэгтэйг эцэг эх, асран хамгаалагчид нь зааж сургах гэх мэтчилэн өрх бүрт тохиромжтой үйлчилгээг үзүүлж чадвал гэр бүлийн амьдрал тогтвортой, дотор нь үүсч буй маргаантай асуудал багасна. Эргээд ийм орчинд байгаа хүүхэд өөрөө эрүүл, аюулгүй орчинд аз жаргалтай амьдрах хамгийн үндсэн суурь нөхцөл болж чадах юм. Харин энэхүү үйлчилгээг гэр бүлийн газар гэдэг утгаараа Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар хийх үүрэг хүлээж байгаа. Иймээс 2018 онд 4000 өрх, гэр бүлд туршилтын хөтөлбөрийг хэрэгжүүлээд явж байна. Уг хөтөлбөр хэрэгжиж, гэр бүлүүдийн амьдрал тогтворжиж, бэхжсэнээр хүүхдийг бүх төрлийн гэмт хэрэг, зөрчилд өртөх, хохирогч болохоос урьдчилан сэргийлэх хамгийн суурь алхам болж чадах юм аа. Иймээс Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн шинэчилсэн найруулгад “Гэр бүлийн хөгжлийг дэмжих үйлчилгээ” гэдэг томъёоллыг томоор гаргаж ирж тавьж байгаа юм.
-Сүүлийн жилүүдэд хүүхдүүдтэй холбоотой гэмт хэрэг их гарч байгаа. Энэ тал дээр танай байгууллага хэрхэн анхаарч ажилласан бэ?
-Сүүлийн жилүүдэд гарч буй хүүхдийн эсрэг үйлдэгдэж буй гэмт хэрэгтэй холбоотойгоор цаазын ялыг сэргээе гэсэн яриа их гарах болсон. Монгол Улсын Ерөнхийлөгч хүртэл бага насны хүүхдийг хүчирхийлсэн этгээдэд цаазын ял оноодог болох санал гаргасан. Асуудал яагаад энэ түвшинд хүртэл яригдах болов гэхээр энэ төрлийн гэмт хэргийн тоо буурахгүй байгаа нь бодит үнэн.
Энэ асуудлын суурь үндэс нь хүүхэддээ хэрхэн анхаарал хандуулдаг вэ гэхээсээ илүүтэйгээр тухайн эцэг эх өөрөө ямар орчинд өссөн бэ, хайр халамжийг хэр хүртдэг байсан бэ, гэр бүлийн хүчирхийлэлтэй орчинд өсөж хүмүүжсэн үү, гэр бүлийн боловсролын талаар хэр мэдлэг, мэдээлэлтэй байдаг вэ гэдгээс гэр бүлийн орчин ямар байх нь тодорхойлогддог. Тэр хайр халамж, мэдлэг мэдээллийг авч төлөвшөөгүй хүн хүүхдүүддээ өвлүүлж чадахгүй байгаа юм. Үүнээс гадна архи тамхинаас хамааралтай гишүүнтэй гэр бүлийн хүүхдэд бага наснаас нь архи тамхийг хэрэглэхгүй байх хүмүүжил олгогдоогүйтэй холбоотой. Иймд бид гэр бүл төлөвлөхтэй холбоотой суурь мэдлэгийг олгодог дэд бүтэц Монголд бий юу гэдгийг судалж үзсэн. Жишээлбэл, миний болон таны насны хүмүүст гэр бүл төлөвлөхтэй холбоотой боловсролыг хэн нэгэн зааж байсан уу гэвэл үгүй. Гэхдээ энэ бол хүн бүрийн зайлшгүй мэдэж байх ёстой асуудал мөн үү гэвэл гарцаагүй мөн. Иргэн бүр нөхөн үржихүйн боловсролоос авахуулаад гэр бүл төлөвлөлтийн асуудлыг мэддэг байх ёстой. Гэтэл энэ бүтэц боловсролын системд байдаггүй байсан. Иймд уг системийг бий болгохын тулд манай байгууллагын зүгээс хэнээр дамжуулж яаж олгох вэ гэдэг асуудалд анхаарал хандуулж, сургуулийн нийгмийн ажилтнуудыг чадавхижуулах сургалтыг хийж байгаа. Одоогоор 650 сургуулийн нийгмийн ажилтан хамрагдаж байна. Тэд хүүхдийг эрсдэлд байгааг танин мэддэг, сэтгэлзүйн анхан шатны зөвлөгөөг өгч чаддаг, үүгээр дамжуулж цаана нь гэр бүлд нь болж буй асуудлыг ГБХЗХГ, цагдаагийн хамтарсан баг эсвэл хуулийн механизмыг хэрэгжүүлдэг хүмүүст нь мэдээлдэг болох чиг үүргээр чадавхижуулах үндэсний хэмжээний сургалт хийгдээд явж байгаа юм. Мөн Баянхонгор, Ховд аймгуудад бүсийн сургалт явагдаж байна.
-Эрээн хотод хүүхдээ барьцаанд үлдээж явснаас болж хүүхэд бэлгийн хүчирхийллийн хохирогч болж, олныг цочроосон хэрэг гарсан. Ер нь хилийн чанадад энэ төрлийн гэмт хэрэг хэр их бүртгэгддэг вэ?
-Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээг бүх төрлийн хүчирхийлэлд өртсөн тохиолдолд орон нутгийн салбар нэгжүүдээр дамжуулж үзүүлэх чиг үүргийг бид хүлээдэг. 21 аймаг, есөн дүүрэгт ийм төрлийн үйлчилгээ үзүүлдэг салбар нэгжтэй. Бараг аймаг бүр түр хамгаалах байртай болж байна. Гэр бүлийн хүчирхийллийн тохиолдол гарсан үед хамгаалал шаардлагатай хүүхдүүдийн аюулгүй байдлыг хангаж ажилладаг. Хэрэв хамгаалал шаардлагагүй гэж үзвэл бусад нийгмийн үйлчилгээтэй холбож өгснөөр хамтарсан баг анхан шатны үйлчилгээ үзүүлдэг. Гэтэл үүнтэй зэрэгцээд нийтийн анхааралд огцом орж ирж байгаа асуудал бол хилийн чанадад хүүхдийн эрх зөрчигдөж буй тохиолдлууд бүртгэгдсээр байгаа явдал юм. Энэ төрлийн хэргийн дийлэнх нь БНХАУ-д болон түүнтэй хиллэдэг задгай бүсүүдэд тэр дундаа Эрээн хотод гарч байна. Учир нь Эрээнд монгол оюутнуудын сурдаг их сургууль бий болж, ЕБС-иуд үйл ажиллагаа явуулж байна. Бидэнд ирүүлсэн албан бус мэдээллээр 1000 гаруй хүүхэд тэнд суралцаж байна. Үүнтэй холбоотойгоор хүүхдээ үл хайхардаг асуудал их гарч байгаа. Зөвхөн энэ оны хувьд гурван хүүхдийн дуудлага мэдээллийг авч, хамгааллын үйлчилгээ үзүүлж ажилласан.
Таны дурдсан хэрэг яг одоо БНХАУ-ын талд шалгагдаад явж байгаа. Иймд бид хэргийн үйл явцад оролцох эрхгүй. Харин хүүхдийг хамгаалах тал дээр Консулын газартай хамтран хүүхдийг Монгол руу авчирсан байгаа.
Үүнээс гадна тэнд хүүхдээ буудлын барьцаанд үлдээсэн эцэг эх болон хүүхдээрээ гуйлга гуйлгаж амьдардаг хүмүүс ч бий. Иймд хилийн чанадад хүүхдийн хамгааллын ямар үйлчилгээ шаардлагатай байгаа талаар судлахаар хилийн бүсүүд дээр МХЕГ, ГБХЗХГ, цагдаагийн газрын хамтарсан ажлын хэсэг гараад явж байна.
-Хилийн чанадад хохирогч болсон хүүхдүүдэд туслалцаа үйлчилгээ үзүүлэхэд хүндрэл бэрхшээл тулгардаг уу?
-Манай улсын хууль нутаг дэвсгэрийнхээ хил хязгаар дотор л үйлчилдэг. Хилийн зурвасаас цааш тухайн улсын хууль үйлчилнэ. Харин эрх зүйн туслалцаа үзүүлэхтэй холбоотойгоор олон улсын гэрээ контракт эсвэл хоёр улсын хооронд зөвшилцсөн зүйл байвал зохицуулагдах боломжтой. Гэхдээ энэ нь ихэвчлэн хэрэгтэн, ял эдэлж буй хүмүүст хамаардаг. Харин хүүхдийн асуудал дээр ямар улс байхаасаа үл шалтгаалан хөнгөлөлттэй нөхцөлөөр дэмжлэг туслалцаа үзүүлдэг тохиолдлууд бий.
-Гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн, тусламж, анхаарал шаардлагатай хүүхэд, эмэгтэйчүүдэд мэргэжлийн зөвлөгөө, сэтгэл зүйн засал хийх мэргэжлийн боловсон хүчний хувьд манайх хангалттай байж чаддаг уу?
-Мэргэжлийн боловсон хүчин гэдэг асуудлыг нарийвчлалтайгаар авч үзэх шаардлагатай. Мэргэжлийн туслалцаа үзүүлж чадахыг нь нотлоод их, дээд сургуулиас диплом гардуулдаг. Гэтэл бодит байдал дээр ажлын туршлагагүй, оюутны ширээнээс дөнгөж гараад ирчихсэн залууст шууд хүнд төрлийн кейс үзүүлээд, зөвлөгөө өг гэж тулгаж мэдээж болохгүй. Тиймээс энэ төрлийн мэргэжлээр сургууль төгсөж, ажиллаж буй хүмүүсийг сургалт, хөтөлбөрт хамруулаад дадлагажуулж авах шаардлага тулгардаг. Манай агентлаг байгуулагдаад хүүхдийн түр хамгаалах байрыг бий болгосон. Үүнийхээ боловсон хүчнийг энэ аргын дагуу бэлддэг.