Залилан мэхлэх гэмт хэргийн тоо жилээс жилд өсөн нэмэгдэх хандлагатай байна. Иймд энэ төрлийн гэмт хэрэг цагдаагийн байгууллагад хэр олон бүртгэгддэг, уг хэргийн гаралтыгтаслан зогсоох тал дээр цагдаагийн байгууллагаас ямар арга хэмжээ авч ажиллаж байгаа талаар ЦЕГ-ын Мөрдөн байцаах албаны урьдчилан сэргийлэх ажил хариуцсан ахлах мэргэжилтэн, цагдаагийн хурандаа Н.Баясгаланбаттай ярилцлаа.
-Иргэд бид залилах гэмт хэрэг гэж яг ямар үйлдлийг ойлгох ёстой вэ. Энэ талаар ярилцлагаа эхлүүлье?
-Манай улсын нийгмийн харилцааг бүхэлд нь эрх зүйн хэм хэмжээ, тухайлбал Монгол Улсын Үндсэн хууль, түүнд нийцүүлсэн салбар хуулиудаар зохицуулагддаг гэж хэлж болно. Энэхүү харилцаа, иргэдийн эрх, ашиг сонирхол зөрчигдсөн тохиолдолд хамгаалах, эрхийг сэргээх нь Эрүүгийн хууль тогтоомжуудад тусгагдсан байдаг. Өөрөөр хэлбэл, иргэний өмчлөх эрхийг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээх асуудал Монгол Улсын Эрүүгийн хуулинд тусгалаа олсон байгаа. Шинээр батлагдсан Эрүүгийн хуулийн 9 дүгээр бүлгийн 17 дугаар зүйлд залилах гэмт хэргийн талаар, мөн ямар үйлдлийг залилах гэмт хэрэг гэх вэ, энэ төрлийн гэмт хэрэгт холбогдсон хүн ямар шийтгэл, эрүүгийн ямар хариуцлага хүлээлгэх талаар хуульчилж өгсөн.
-Залилангийн гэмт хэргийн тоо жил бүр өсөн нэмэгдэж байгаа гэсэн статистик бий. Баримтыг тоон үзүүлэлтээр хэлж өгөхгүй юу?
-Хамгийн сүүлийн тоо баримтаас дурдвал улсын хэмжээнд 2018 оны эхний есөн сарын байдлаар залилах гэмт хэрэг 3924 бүртгэгдсэнээс Улаанбаатар хотод 88.4 хувь нь буюу 3468, орон нутагт 11.4 хувь буюу 447, хилийн чанадад 0.2 буюу 9 гэмт хэрэг үйлдэгджээ.
Энэ төрлийн хэрэг нь эхний есөн сард бүртгэгдсэн нийт 28.550 гэмт хэргийн 13.7 хувийг нь эзэлж байгаа юм. Үүнийг өмнөх оны мөн үетэй харьцуулахад 1995 гэмт хэргээр буюу хоёр дахин өссөн үзүүлэлттэй байна. Харин нийслэлийн хэмжээнд залилах гэмт хэрэг 3468 бүртгэгдсэн нь нийслэлд бүртгэгдсэн нийт 20.525 гэмт хэргийн 16.9 хувийг эзэлж байгаа.
-Бүртгэгдсэн хэргүүд дотор ямар төрлийн залилан давамгайлж байна вэ?
-Залилах гэмт хэрэг үйлдэгддэг олон арга байдаг. Тухайлбал, хуурамч бичиг баримт, эд зүйлийг ашиглаж, эсвэл зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит нөхцөл байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, өөрт байхгүй зүйлийг байгаа мэтээр итгүүлэх үйлдлүүдээр илэрдэг. Мөнитгэлцлийн харилцааг урвуулан ашиглаж, өмчлөгчийн эд хөрөнгө болон эд хөрөнгө өмчлөх, эзэмших эрхийг хууль бусаар шилжүүлэн авдаг байна.
Харин Монголд гол төлөв найман төрлийн залилангийн гэмт хэрэг давамгайлдаг. Хамгийн их нь буюу 11.5 хувь (450) ньгадаад улс руу виз гаргаж өгнө гэх залилан эзэлж байгаа. Дараагаар нь гар утас залилах, автомашинтай холбоотой залилан, фэйсбүүк хакердах, мэдээллийг нь хуулбарлах, сургууль, цэцэрлэг, ажилд оруулж өгнө гэж хуурах, хуурамч үл хөдлөхийн гэрчилгээ, бичиг баримт үйлдэх, тендерийн залилан үйлдэгдэж байна.
-Манай улс гадаад руу ажиллах хүч илгээгээд цөөнгүй жилийг үдсэн. Энэ хугацаанд “визний залилан” хэмээх нэр томъёо хууль хяналтынхны дунд хэрэглэгдэх боллоо. Таны хэлсэнчлэн сүүлийн жилүүдэд энэ төрлийн гаралт ч ихсэх болсон байна.
-Цагдаагийн байгууллагаас энэ оны тавдугаар сард томоохон залилан болохолон шатлалт маркетинг буюу пирамид тогтолцооны луйврын аргаар үйлдэж буй гэмт хэргийг таслан зогсоох, энэ төрлийн гэмт хэргээс иргэд, олон нийтийг урьдчилан сэргийлэх, ухуулга мэдээлэл өгөх зорилготой 21 хоногийн аянг зохион байгуулсан. Энэ үеэр залилангийн гэмт хэргийн гаралт 90 хувиар буурсан. Тус аянтай холбоотойгоорцагдаагийн байгууллагад хандах иргэдийн тоо, шалгагдаж буй хэргийн шийдвэрлэлтүүд ч нэмэгдсэн.Амралт зугаалгын улирал эхлэхээргэмт хэргийн гаралтбагасдаг бол долдугаар сарындунд үеэс залилах гэмт хэргийн тоо огцом өсдөг. Энэ нь гадаадад суралцаж буй иргэдийн амралт, зугаалгын цаг дуусч, гадаад руу явах хүсэл нь ихэсдэгтэй холбоотой. Үүнийг далимдуулан визний залилан өссөн байх магадлалтай.
Хамгийн гол нь иргэд үнэн бодит мэдээллийг авахгүй байна.ЦЕГ, хууль хяналтын байгууллагууд, Элчин сайдын яамд, виз мэдүүлэх зөвшөөрөлтэй төлөөлөгчийн газруудаас сэрэмжлүүлж байгаа ч хангалттай авч чадахгүй байх шиг байна.Учир нь байгаа хөрөнгөө барьцаанд тавьж, “Виз найдвартай гаргана, тэнд байдаг хүмүүс найдвартай гаргадаг гэсэн” гэх ам ярианд итгэснээс болж үнэн бодит мэдээллийг авч чаддаггүй, авсан мэдээллийнхээ үнэн бодитойг эсэхийг шалгаж, нягталж чадалгүй“аман гэрээ” хийж их хэмжээний мөнгө залилуулдаг тохиолдлууд бий. Ялангуяа сүүлийн үед БНСУ руу виз гаргаж өгнө гэсэн заранд итгээд залилуулсан иргэдийн тоо ихэсч байгаа.Иймд тухайн улсын Элчин сайдын яамнаас гаргаж байгаа мэдээлэл, виз хүсэх тухай журамтай нь сайтар танилцах, итгэмжлэгдсэн төлөөлөгчийн газраар нь дамжуулан виз хүсэж мэдүүлж байвал өөрийгөө болоод бусдыг залилах гэмт хэргээс хамгаалж, урьдчилан сэргийлж чадна.
-Монгол нь монголоо хуураад зогсохгүй гадаад улсын иргэдтэй нийлж элэг нэгтнүүдээ мэхэлдэг болжээ. Тэд“Визийг чинь найдвартай гаргаж өгнө” гэж амлаад гадагшаа явахын мөрөөсөл болсон иргэдийг халаасыг сэгсрээд гараад явчихсан тохиолдол цөөнгүй гарах боллоо.
-Залилах гэмт хэрэг ньерөнхийдөө байхгүйэд зүйлсийг бодит мэт ойлгуулах, хуурамч бичиг баримт ашиглах, өөрт олгогдоогүй эрхийг байгаа мэтээр итгүүлэх зэрэг шинж тэмдэг дээр тулгуурладаг. Үүнийг хэрэгжүүлэхдээ бичиг баримтыг хуурамчаар үйлдэх эсвэл бодит зүйлийг буруугаар ашиглаж үйлддэг. Үүнээс гадна гадаад паспорт дээр нь хуурамч виз дарж өгсөн тохиолдол ч цөөнгүй гарлаа. Жинхэнэ эхээс нь ялгахын аргагүй адилхан үйлддэг учир иргэд түүнийг нь мэдэлгүй тухайн улсын хилийн шалган нэвтрүүлэх дээр очоод саатуулагдаж буцдаг. Ингээд хуурамч виз гаргуулах гэж өгсөн мөнгөн дээрээ нислэгийн тийзний мөнгөө нэмж зарлагадаад хохироод байна. Ядаж л визээ гаргуулсан бол Элчин сайдын яам дээр очоод хуурамч уу, жинхэнэ үү гэдгийг нь шалгуулчих хэрэгтэй байгаа юм.
-Иргэд, олон нийт залилангийн гэмт хэргээс өөрийгөө хэрхэн хамгаалж, урьдчилан сэргийлэх ёстой вэ?
-Олны танил нэгэн эрхэмийн “Үнэгүй бяслаг зөвхөн хулганы хавханд л байдаг” гэж хэлсэн үг байдаг. Аливаа ажил хэргийн хүлээн зөвшөөрөгдсөн шат дамжилгыг хялбарчлах алгасах эсвэл богино хугацаанд бага хөдөлмөрлөөд амар хялбараар ихээхэн ашиг орлого олох гэсэн энэ хүсэл Таныг бусдын өгөөш болгоно гэдгийг ойлгож хянуур байх нь энэ хэргийн халдлагад өртөхөөс урьдчилан сэргийлэхэд чухал ач холбогдолтой. Хэрэв иргэн өөрөө гэмт хэргийн халдлагад өртөж, эрх ашиг зөрчигдлөө гэж үзэж л байгаа бол цагдаагийн байгууллагад хандах эрхтэй. Цагдаагийн аль ч байгууллага, алба хаагч, албан тушаалтан иргэдийн гаргасан гомдлыг харьяалал харгалзахгүй хүлээн авч, шийдвэрлэх үүрэгтэй. Тодруулбал, Цагдаагийн алба хаагч гомдлыг өөрийн эрх мэдлийн хүрээнд шалгах, харьяаллынх мөн эсэхийг тогтоож, мөн бол шалгалтын ажиллагааг шууд явуулна. Харин харьяалан шалгах хэрэг биш бол Прокурорын байгууллагаар тогтоолгож, шилжүүлэхээр хуульчилсан. Хуулийн энэ зохицуулалтын дагуу прокурорын хяналтын дор явагдаж байгаа ажиллагааг иргэд буруу ташаа ойлгох тохиолдол гардаг. Жишээлбэл, “Би цагдаагийн байгууллагад гомдол гаргаад байхад гомдлыг минь шалгахгүй байна, өөр тийшээ шилжүүлж, шалгалтын ажиллагааг удаашруулж байна” гэдэг. Энэ бол эндүү ташаа ойлголт. Гомдол мэдээллийг шилжүүлж байгаа нь прокурорын хяналттайгаар хуулийн дагуу явагдаж байгаа ажиллагаа гэдгийг иргэд маань ойлгоосой гэж хүсэж байна.
Үүнээс гадна иргэд, олон нийт маань виз гаргаж өгье, мөнгийг тань хэд дахин өсгөөд өгье, ажилгүй байхдаа ч мөнгө олох боломжтой гэсэн сүлжээний бизнест хууртахгүй байх, судлаагүй таньж мэдээгүй хүмүүстэй гэрээ хийхдээ мэргэжлийн хуулийн байгууллагаас зөвлөгөө мэдээлэл авах зэргээр судалж, шалгах хэрэгтэй юм.