Кино хэмээх гайхамшигтай урлаг Монголд үүсэж хөгжөөд 75 жилийн нүүр үзэж байгаа ч дэлхийн кино урлагийн түвшинд хараахан хүрээгүй байна. Тэгвэл удахгүй манай киноны уран бүтээлчид Бээжин, Москва явахгүйгээр тухайн оронд байгаа мэт зураг авах боломжтой болох нь ээ. Энэ талаар “Соёмбо продакшн энд трэйвэл” компанийн ерөнхий захирал Д.Нямдоржоос тодрууллаа.
-Кино зургийн томоохон талбайтай болохоор газрын эрхээ авсан гэж сонслоо. Ямар ажил хийхээр төлөвлөж байна?
-Манайхан Бээжин, Сөүлд киноны зураг авах гэхээр зөвшөөрдөггүй хүндрэл гардаг. Дотооддоо хүртэл шүүх хурлын танхимын зураг авахад л тухайн байгууллагыг гуйж, цаг гарахыг хүлээдэг. Сайн кино бүтээж, энэ салбарыг хөгжүүлэхийн тулд шилдэг техник технологи, чадварлаг уран бүтээлчдээс гадна кино зургийн талбай буюу павильон зайлшгүй шаардлагатай байгаа юм.
Тиймээс “Монгол кино XXI зуун” төсөл бичсэн. Тухайлбал, “Юниверсал пикчерс”-д бидний сайн мэдэх “Мумми”, “Эрт галавын цэцэрлэг” зэрэг олон киноны зураг авсан павильон тэр чигээрээ байж, хэдэн мянган хүн түүнийг үзэж сонирхдог. Дэлхийн улс орнуудад кино зураг авах ийм талбай байгуулахад хамгийн хүндрэлтэй асуудал нь газар, нутаг. Харин манайд газраас их юм алга. Зөвхөн төрөөс бодлогоор дэмжээд өгвөл дэлхийн зах зээлд гарах кино хийх боломж манайд бий.
-Энэ талбай хаана байрлах вэ?
-Одоогоор ашигтай талбай нь 25 га бий. Үргэлжлүүлээд хийвэл талбай байгаа л даа. Ямар ч гэсэн эхлээд кино зургийн гол талбайд шүүхийн танхим, эмнэлэг, шарил хадгалах газар, шорон гэх мэт нийгмийн олон байдлыг харуулсан павильон хийнэ. Гэр хороолол, хаус ч юм уу.
Залуус машинтайгаа зогсоод кино үздэг “Опэн эйр” байгуулна гэж бодож байгаа. Мөн усан бассейн, хиймэл нуур байна. “Усан ертөнц” зураг авалтын киноны павильон шиг ашиглаж болно. Өвөл нь хокей, тэшүүрийн талбай болгочихно. Дараа нь кино хийж буй уран бүтээлчдийг тайзаа тэнд хийхийг урина. Тайз нь үлдэнэ гэсэн үг. Энэ мэтээр 10 жилийн дараа ямар ч төрлийн кино зураг авах боломжтой цогцолбор болчихсон байна.
-Том хотуудын бэлгэ тэмдгийг зураг авалтдаа яаж оруулах вэ?
-Эйфелийн цамхаг, Пирамид, Цагаан хэрэм зэрэг алдартай байгууламжуудыг мини хэлбэрээр хийж болно. Зарим зүйлд компьютер график ашиглана. Энд XIII зуун, 1921, 1980-аад он зэрэг Монголын ахуй амьдралын цаг үеийг харуулсан байгууламж мөн байна.
Цаашид жил жилээр төлөвлөж, баяжуулна. Дотоодын болон гадаадын компаниудыг татаад ирэхээр тийм ч дааж давшгүй ажил биш л дээ. Кино гэдэг хүний таван мэдрэхүйд хүрч, нөлөөлдөг тул үндэсний хэв маяг, түүх, ёс заншлыг шингээсэн кино хийх нь өнөө үеийн хүүхэд, залууст сургамж болохоос гадна түүх соёлын үнэт дурсгал болон үлдэнэ.
Би “Монгол кино XXI зуун” төслөө энэ жил Засгийн газар, УИХ-д танилцуулахаар идэвхтэй явна гэж бодож байна. Энэ төсөлд аймаг бүрийг 100, сумдыг 50-60 хүний суудалтай кино театртай болгох асуудлыг ч багтаасан байгаа. Тиймээс дэмжигдвэл үзвэрийн систем сэргэж, залуус чөлөөт цагаа зөв боловсон өнгөрөөх зүйлтэй болохоос гадна кино урлаг хөгжихөд ихээхэн нөлөөлнө гэж бодож байна.
Р.ОЮУНЦЭЦЭГ