
Зөвхөн номын тухай
22-хон настай тоймч гэж байдгаа хэмээн Б.Алтанхуягийг сонжих хүн цөөнгүй. Тэрээр энэ жил Монголын сэтгүүл зүйн шилдэг бүтээлд олгодог “Балдорж” шагналын шилдэг аравт шалгараад байгаа билээ. Арван жилд байхдаа л анхныхаа номыг өлгийдөж авсан тэрээр “Сэтгэлийн таталбар” /2011/ шүлгийн түүвэр, “Цаасан навчсын эмгэнэл” /2013/, “Зурмал нүдэт хэрээ” /2015/ шүлгийн түүвэр, “Муурын байшингуудын түүх” /2016/ гэх мэт хэд, хэдэн номын ард хэдийнэ гарчээ. Цуглуулсан номоороо гоёдог түүний номын санд 1000 орчим сонгодог зохиол байдаг нь номын хорхойтнуудын шүлсийг гоожуулпаг гэнэ. Тэгвэл бид “Зөвхөн номын тухай” буландаа Б.Алтанхуягийг урьж оролцууллаа.
-Таныг номын амтанд оруулж өгсөн ном хэний ямар бүтээл байсан бэ?
-Цэцэрлэгт байх үеэс л хичээлээ хийж байгаа ах, эгчийнхээ наагуур цаагуур орж, уншиж буй номыг нь сонирхож, үсэг сурмаар байна гэж хэлдэг байсан удаатай. Үнэндээ хичээл хийхэд нь саад л болдог байсан болов уу. Тэгээд ээж нэг өдөр “Миний хүү үсэг сурмаар байгаа юм уу? Би чамд зааж өгч болох ч их л загнадаг багш болно доо” гээд инээж билээ. Тэгээд л сургуульд орохоосоо өмнө үсэг нүдэлчихсэн, уншдаг болчихсон байсан. Хамгийн анх номын амтанд оруулсан, сэтгэл дотор минь уран зохиолын үр суулгасан бүтээл бол “Бөгтрөгтэй морьхон” гээд үлгэрийн ном байсан. Түүнээс болж би морь унаад нисч болох юм байна, миний мөрөөдөл дотор цухас гээд алга болчихдог газар үнэхээр байдаг ажээ гээд л хөөрч явсан. Ингэж л би бодит ахуйгаас түр ч болов чөлөөлөгдөх өөрийн төсөөллөө олж авч билээ.
-Б.Алтанхуяг нэлээн хэдэн ном гаргасан байх. Миний мэдэхээр өгүүллэгийн, яруу найргийн, шүүмжийн гээд 4-5 ном бий. Яг хэдэн настайгаасаа хойш, хэдэн номтой болчихсон бэ?
-Зургаа, долоон номын ард гарчихсан байна. Одоо харин уран зохиолын шүүмжийн ном хийж байгаа. Номоо “Уншихуйд автахуй” гэж нэрлэнэ гэж бодож байна. Хүмүүс уран сайхны шүүмж, эрдэм шинжилгээний өгүүллээ ялгадаггүй. Маш олон онолын судалгаа хийж, эрдэм шинжилгээний ажил дээр тулгуурлаж байж шүүмжийг бичдэг. Гэтэл ихэнх хүмүүс зүгээр нэг сэтгэгдэл төдий зүйл биччихээд түүнийгээ шүүмж гээд байдаг. Номын тэмдэглэл үйл явдлынх нь л хураангүй шүү дээ. Нэгэнт уншчихсан үйл явдлыг дахин хураангуйлж бичээд шүүмж гээд нэрлээд байвал утгагүй. Харин би дурсамж хэлбэрээр өгүүлсэн болон дотор нь шүлэг зохиолыг нь задалсан уран сайхны бичвэрийн хэлбэрийг туршиж үзэхийг зорьж байгаа. Одоо бол үүн дээрээ л төвлөрч байна даа.
-Анхны номоо арван жилд байхдаа гаргажээ. Юу чамайг ташуурдаж өгдөг вэ?
-Арван жилд байхад шүлэг найраг оролддог байсан ч ном гаргана гэх бодол байгаагүй. Харин аав, ээж хоёр л нэг өдөр “Хүүгийнхээ шүлэгнүүдийг боож өгье” гээд гэнэт л гаргахаар болчихсон. Түүнээс биш ном гаргах гэж нэг их яараад байдаггүй. Харин ном гарах цаг хугацаа нь мөн гэж тухайн үедээ мэдэрвэл тэгээд л гаргачихдаг.
-Эдгар Аллан Погийн үнэнч шүтэн бишрэгч бололтой байсан. Амьдралд чинь нөлөө үзүүлсэн зохиолч мөн үү?
-Хөдөө айлд тэр бүр номын сан байхгүй. Хаа нэг айлд Р.Чойномын “Сүмтэй бударын чулуу” л тааралддаг байсан. Харин манай нэг ахынд ямар азаар Жангарын хураангуйлсан хувилбар байсан юм бэ гэж боддог. Түүнийг их ажлынхаа хажуугаар гардаг зав чөлөөнд цээжилтлээ шахуу уншиж явдаг байж билээ.Мөн цаашилбал уран зохиолд дурлахад хүргэсэн зохиолч бол С.Эрдэнэ. Түүний “Наран тогоруу” өгүүллэгт гардаг “Сүм байсан, сүм байхгүй. Гэхдээ харамсах юм алга...” гэдэг өгүүлбэрийг уншсан цагаас эхлээд үг гэдэг зүйл амьтай, шидтэй санагдах болсон. Харин Погийн өгүүллэгүүд нь хүний дотоод ертөнц, сэтгэлзүйн онцгой үзэгдлүүдийг нөмөрсөн тэнгэр мэт эцэс төгсгөлгүй үргэлжлэх хар нөмрөгөн дунд явагддаг золгүй, баатарлаг хүмүүсийн айдас цочрол, уран сэтгэмжээс төрсөн эцэс төгсгөлгүй шаналал байдаг. Тэд үргэлж өөрсдийн сэтгэлзүйн дотоод зөрчил, айдсыг мэдрэх ойлгогдошгүй далдын хүч, гэнэтийн өөрчлөлт, цочролыг хайж оюуны ухааны хамгийн гаж зүй тогтлыг тайлахыг оролддог. Эдгар Аллан Погийн өгүүллэгийг уншсанаас хойш аймгийнхаа номын санд өөр тийм детектив зохиол байна уу гэж хайж билээ. Даанч олоогүй санагдана. /инээв/

Түүний хамгийн хайртай ном "Алтан цох"- (1958 оны хэвлэл)

-Хамгийн сүүлд ямар ном уншсан бэ?
-Хамгийн сүүлд яруу найрагч Б.Баясгалангийн “Эдгэрэл” шүлгийн түүврийг уншсан. Тэр номынх нь талаар нийтлэл бичих гээд нэлээн хэд уншлаа. “Эдгэрэл” ном өөрийн гэсэн бүхэллэг чанартай, уйтан шүлгүүдтэй. Дотроос түрээд байдаг нэг тийм голын хий, гуниг уншиж байх явцад хөндөгдөж сэдрээд яг уншаад дууссаны дараа эдгэрээд шарх нь аньчихсан юм шиг мэдрэмж төрүүлсэн.
-Залуус ер нь ном уншихаа больж гэдэгтэй санал нийлэх үү? Үеийнхэндээ хандаж юу гэж хэлмээр санагддаг вэ?
-Хөгшчүүл залуучуудын тухай сайн зүйл эргэцүүлдэггүй л дээ. Залуус ном уншихгүй байна л гэдэг. Харин ч залуучууд ном их уншдаг болж, номын групп олноор нээгдэж, уншсан, унших номынхоо талаар мэдээлэл солилцож, тэмдэглэл хөтлөх болсон. Номын дэлгүүрүүд онцгой хямдрал, урамшуулал зарладаг уламжлалт өдрүүдтэй болж тэр үеэр нь номын дэлгүүр дүүрэн хүнтэй байх нь харагддаг. Гол нь уран зохиол энэрэнгүй сайхан сэтгэлтнүүдийг, нэг ёсондоо гумманистуудыг бэлтгэдэг шүү дээ. Тиймдээ ч хүн төрөлхтөн уран зохиолоос огт салалгүй өдийг хүрсэн байх. Цаашдаа салахгүй биз ээ.