
Нийслэлийн иргэдийн эрүүл мэндэд олон жил “заналхийлсэн” Төв цэвэрлэх байгууламжийн өмхий үнэрийг дарж эхэлжээ. Тэр ч байтугай өмхийн эх үүсвэр болсон, 50 гаруй жил хуримтлагдсан лагаар бордоо үйлдвэрлэх болсон. Засгийн газрын санаачилга, захиалгаар Монголын “Эко тайхи”, Японы “Эко энержи систем” компанийнхан уг ажлыг гүйцэтгэж байна. Японоос импортолсон ашигтай бактери дээр модны үртэс нэмж, идэвхжүүлсний дараа лагтай холиход өмхий үнэр нь арилж, бордоо болдог гэнэ. Гаргаж авсан бордоог уул уурхайн нөхөн сэргээлт, мод тарих, бэлчээрийн талхагдал, цөлжилтөөс сэргийлэх зэрэгт ашиглах боломжтой аж. Модны үртсийг Сэлэнгэ аймгийн нутаг, Түнхэл тосгоноос авчирдаг юм билээ. Одоогоор 200 гаруй галт тэрэг үртсийг Түнхэлээс Улаанбаатар руу зөөвөрлөж, хур лагийг үнэргүйжүүлж, хоргүйжүүлэхэд ашиглажээ. Японоос импортолж байгаа бактерийг эрдэмтэн Азечи Саданори олон жилийн туршилт, судалгааныхаа үр дүнд гаргаж авсан юм байна. Энэ талаар “Эко тайхи” компанийн дэд захирал А.Дөлгөөн, төслийн удирдагч, “Эко энержи систем” компанийн захирал Азечи Саданори нартай ярилцлаа.

А.ДӨЛГӨӨН: 50 жил хуримтлагдсан лагийг бордоо болгоно
-Төв цэвэрлэх байгууламжийн үнэрийг дарах туршилт, судалгаа өмнө нь цөөнгүй хийсэн. Танай компанийн хэрэгжүүлж буй арга хэмжээ тэдгээрээс ямар ялгаатай вэ?
-Өмнө нь хийж байсан ажлууд түр зуурынх байсан юм билээ. Харин бид хур лагийг ухаж, үнэргүйжүүлэн, түүгээрээ бордоо үйлдвэрлэж байгаа. Ямар нэг хаягдалгүй, асуудлыг үндсээр нь шийдэж буй. “Эко энержи систем” компани манай улсад эл асуудлыг шийдэж өгч байгаад талархах нь зүйтэй. Бид өнгөрсөн хоёрдугаар сараас ажлаа эхэлсэн. Тухайн үед туршилт, шинжилгээ, судалгаа хийгээд, зургадугаар сарын 21-нээс газар дээр нь ажилласан. Өдөр тутмын лагийг наймдугаар сарын 28-наас үнэргүйжүүлсэн. Энэ жил бороо их орсноос бидний ажилд нэлээд саад тулгарсан ч нэгдсэн хүчээр, сайн ажиллалаа. Найм, есдүгээр сард бид ажлаа нэлээд түргэвчилсэн. Олон жил хуримтлагдсан лагийг ухахад өмхий үнэр гарч байсан тул зарим хүн “Та нар ажил хийхгүй байна” гэж шүүмжилж байлаа. Лагаа үртэстэй бактеритай холингуут үнэр нь дорхноо дарагддаг. Өдгөө ирэх жилийнхээ ажлын бэлтгэлийг хангахын зэрэгцээ судалгаа, шинжилгээ хийж буй. Мөн ажилтнуудаа Японд сургаж, туршлага судлуулж эхэлсэн.
-50 гаруй жил хуримтлагдсан лагийн хэмжээ 700 мянган шоо метрт хүрсэн гэдэг. Үүнээс хэдэн хувийг нь бордоо болгосон бэ?
-161 360 шоо метр лагийг үнэргүйжүүлж, бордоо болголоо. Төв цэвэрлэх байгууламжийн лаг хуримтлуулах 44 картаас энэ жил 23-ыг нь сулласан. Энэ бол хуримтлагдаж олон жил болсон лаг. Мөн өдөр тутам гарч буй 144 000 шоо метр шингэн лагийг үнэргүйжүүлсэн. Шингэн лагийн үнэрийн хэмжээ ойролцоогоор 40 ppm байдаг. Энэ нь үнэрийн нэгж. 50 ppm хүрвэл хүн ухаан алддаг. Шингэн лагийг үртэс, бактеритай холиход хоёр цагийн дараа үнэр нь дөрвөн ppm болж буурдаг. Зургаан цагийн дараа ямар ч үнэргүй болдог.
-Энэ ажил хоёр жил үргэлжлэх юм билээ. Одоо хэдэн хувьтай байна вэ?
-Энэ жил 43 хувьтай. Ирэх жил 57 хувийг нь гүйцэтгэнэ. Бидний ажил дуусахад Төв цэвэрлэх байгууламжийн 50 жил хуримтлагдсан лаг бордоо болно. Ажлын гэрээнд “Гарсан бордоо улсын өмч” гэж заасан. Бид үндсэндээ аюултай хог хаягдлыг ашигтай бүтээгдэхүүн болгоод, улсад өгч буй юм. 60 гаруй хүний хичээл зүтгэлээр ийм үр дүн гарч байна.
-Бордооны чанарыг баталгаажуулсан уу?
-Энэ бактери нь химийн бодис биш, органик бүтээгдэхүүн тул чанартай бордоо үйлдвэрлэж байна. Монгол болон Японд шинжлүүлэхэд аль аль нь ашиглах боломжтой гэсэн дүн гарсан. Тиймээс бид байгалийн нөхөн сэргээлтэд ашиглах боломжтой гэж үзсэн. Мөн гэр хорооллын жорлонгийн үнэрийг маш сайн дарж, хөрсийг цэвэрлэж байгааг тогтоолоо. Фүкүшимагийн атомын цахилгаан станцын дэлбэрэлтэд хордсон хөрсийг цэвэрлэсэн бактери гэхээр хэр чанартай нь ойлгогдох байх.

АЗЕЧИ САДАНОРИ: Лагийн үнэрийг дарах боломжгүй гэж байсан ч бид чадлаа
-Та гаргаж авсан бактериа Японд хэрхэн ашиглаж байв. Ямар үр дүн гарсан бэ?
-Би 1978-1988 онд Германд байгаль орчны асуудал, эрчим хүчний чиглэлээр суралцаж, мэргэшсэн. Япондоо ирээд ашигтай бактерийн судалгаа хийх болсон юм. Одоогоос таван жилийн өмнө Хоккайдогийн их сургуулиас надад “Ашигтай бактерийн чиглэлээр судалгаа хийхийн зэрэгцээ манай аспирантурт сураач” гэсэн хүсэлт тавьсан. Үүнийг хүлээн авч, өдгөө тус сургуульд сурч, ажиллаж байна. Найман жилийн өмнө Японд газар хөдөлж, цунами үүсэн, далайгаас асар их хэмжээний органик болон бусад төрлийн хог эрэгт хаягдсан. Тэдгээрийг цэвэрлэж, ариутгахад байгаль орчны чиглэлээр ажилладаг 100 гаруй компани оролцсоны нэг нь манайх. Бусад компани далайгаас гарч ирсэн хаягдлыг ачиж, зайлуулсан. Бид барилгын томоохон хог хаягдлыг зөөгөөд, бусдыг нь газар дээр нь ариутгасан. Ингэснээр далайгаас гарч ирсэн ялзмаг болон органик хаягдлыг бага зардлаар ариутгаж, эрүүл хөрс болгосон. Энэ бол бидний ажлын хамгийн том үр дүн. Миний гаргасан бактерийг одоо олон хүн мэддэг, ашигладаг болсон. Түүнийг ашиглан гаргаж авсан бордоо нэлээд эрэлттэй. Хоккайдо бол Японы газар тариалангийн гол бүс нутаг. Хүнсний ногоо, цагаан будаа тариалдаг. Тэндхийн тариаланчид манай бордооноос их хэмжээгээр худалдаж авдаг.
-Японы цэвэрлэх байгууламжуудаас нь манайх шиг өмхий үнэр гардаг уу?
-Манай улсад цэвэрлэх байгууламж бий ч үнэрийнх нь асуудлыг хэдийн шийдчихсэн, тулгамдсан асуудал биш. Бохир ус татан зайлуулахад манай улс төсвийнхөө багагүй хувийг зарцуулдаг, өндөр технологи ашигладаг. Харин мал аж ахуйн болон далайн гаралтай бүтээгдэхүүний үнэрийг дарах асуудал тулгамдаж байгаа. Тухайлбал, адууны хомоол, үхрийн баас, гахайн ялгадас, шувууны сангас, далайн ялзмаг, дун, хясаа, загас ялзрахаараа маш муухай үнэртэй болдог. Энэ мэт органик хаягдлын үнэрийг бид дарж, бордоо үйлдвэрлэдэг. Бидэнтэй адил байгалийн эрдсүүдийг ялзмагжуулан, органик бордоо үйлдвэрлэдэг 10 гаруй компани Японд байсан ч тэд үнэрийг дарж чадалгүй, энэ зах зээлээс гарсан. Өөрөөр хэлбэл, бусад компани органик хаягдлыг бордоо болгож чадсан ч таагүй үнэрийг нь дарж чадаагүй. Одоо Японд органик хаягдлын үнэрийг дарж, бордоо болгодог ганцхан компани байгаа нь “Эко энержи систем”. Хүн 12 ppm-ээс дээш хэмжээний үнэрийг мэдэрч чаддаг. Бид хаягдлын эвгүй үнэрийг дараад, дээд тал нь таван ppm буюу хүнд нөлөөлөхөөргүй хэмжээнд хүргэдэг.
-Үнэрийг дарж чадсан гол нууц нь юу вэ?
-Ашигтай бактери. Хоккайдогийн Номхон далайн эрэг талаас уржнан иваши загас далайн түрлэгээр олноороо эрэгт хаягдаад, ус руугаа орж чадахгүй үхэж, өмхийрсөн. Нутгийн хүмүүс манай компанид хандан, арга хэмжээ авч өгөхийг хүсэхэд Хоккайдогийн их сургуулийнхан “Таны бактериар тэр муухай үнэрийг дарж чадахгүй” гэж хэлж байлаа. Гэсэн ч бид чадсан. Мөн Хоккайдогийн Накашибецү нисэх буудлын ойр орчимд үхрийн ферм олон байдаг. Фермийнхэн үхрийнхээ баасыг бордооны зориулалтаар ил цацдаг. Огт боловсруулалгүй цацдаг учраас өмхий үнэр маш их тархдаг. Онгоцон дотор байхад л үнэртдэг байлаа. Манайх хэд хэдэн компанитай хамтран уг асуудлыг шийдсэн.
-Улаанбаатар хотын Төв цэвэрлэх байгууламжийн лагийн үнэрийг дарах ажилд хэрхэн оролцох болов?
-ЖАЙКА-гийн Монгол орны бэлчээрийг сайжруулах төслийг хэрэгжүүлэх хүрээнд 2013 онд би танай улсад ирж ажилласан. Тухайн үед Улаанбаатар хотын цэвэрлэх байгууламжаас маш эвгүй үнэр гардгийг сонссон. Хоккайдогийн болон Иватэгийн их сургуулийн эрдэмтдэд энэ талаар хэлээд, арга бий, эсэхийг лавлатал “Бараг 20-иод жилийн өмнөөс л шийдэж өгөөч гэсэн хүсэлт бидэнд тавьсан. Зөвхөн бидэнд биш, дэлхийн бүх сургуульд хүсэлт тавьсан байх. Тийш ойртохгүй байсан нь дээр. Шийдэх боломжгүй, боль” гэсэн. Гэхдээ би үүнийг шийдэж чадна гэж итгэсэн, эвгүй үнэр дарах бактери ч гаргасан учраас хэрэгжүүлэхээр шийдсэн.
-Төсөл хэрэгжүүлэх нэг жилийн хугацаанд хэр үр дүнтэй ажиллав. Ямар бэрхшээлүүд тулгарсан бэ?
-50 жил хуримтлагдсан хур лагийг үнэргүй болгох саналыг Монголын талаас анх тавьсан. Газар дээр нь очтол өдөр болгон ялгарч байгаа шингэн лагнаас нь илүү муухай үнэр гардгийг мэдсэн. Ингээд бид төслийн анхны төлөвлөгөөгөө өөрчилж, өдөр тутам гарч байгаа нойтон лагийн үнэрийг эхэлж дарахаар шийдсэн юм. Тулгамдсан асуудал гэвэл бид маш богино хугацаанд, нэлээд шахалт доор ажиллах шаардлагатай болсон. Тиймээс эхний ээлжинд техник, тоног төхөөрөмж ирэхийг хүлээлгүй лагаа үртэс, бактеритай гар аргаар хольж байлаа. Хэдий ийм асуудал тулгамдсан ч Монголын Засгийн газар, “Эко тайхи” компани, үүнд сэтгэл зүтгэлээ гаргасан хүмүүсийн ачаар үнэрийн асуудлыг үндсэндээ шийдлээ. Бас нэг асуудал нь Төв цэвэрлэх байгууламжид ирэх бохирыг ахуйн, үйлдвэрийн гэж ялгадаггүйгээс лагийн агууламж харилцан адилгүй байлаа. Ашигтай бактериар ингэж лагийн үнэрийг дарж, гарган авсан бордоог бэлчээрийн талхагдлыг бууруулахад ашиглах боломжтой. Цаашлаад цөлжилтийн эсрэг тэмцэх, мод тарих, ойн зурвас байгуулахад ч бордоо болгон хэрэглэж болно.
Бэлтгэсэн: Ч.Мөнх