
Ард иргэд нь төрөө санхүүжүүлдэг, төр нь иргэнээ халамжлахаасаа илүү мөлждөг нийгэмд бид аж төрөх болов. 2020 он гэхэд нийгмийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээ таван пунктээр нэмэгдэж, 19 хувьд хүрэх гэж байгааг та мэдсэн үү. Тэтгэврийн даатгалын сан “улайж”, жил бүр алдагдал хүлээж буй тул иргэдийнхээ халаасыг тэмтрэх болжээ. Албаныхан үүнийгээ “гоёор” тайлбарлана лээ. “Нийгмийн даатгалын хувь хэмжээг нэмснээр иргэд ирээдүйд тэтгэвэр өндөр тогтоолгоно. 20-30 жилийн дараа тэтгэврийн насныхны тоо нэмэгдэхэд болзошгүй эрсдэлээс сэргийлэх зорилготой” гэв. Тэр болтол хөдөлмөрийн насныхнаа “сайн” шулъя гэж байгаа бололтой дог.
Нийгмийн даатгалын санд бидний төлсөн татвар хуримтлагдаж байдаг гэж бүү хууртаарай. Цалингаас суутгасан татаасыг нэр дээр чинь бүртгээд л өөр зүйлд зарцуулдаг. Өөрөөр хэлбэл, ажил олгогч, даатгуулагчийн төлсөн шимтгэлийн орлогоор өдгөө таван төрлийн санг “тэжээдэг”. 2017 онд Нийгмийн даатгалын санд 1.4 их наяд төгрөг төвлөрсний 61.3 хувийг Тэтгэврийн даатгалын санд, 22.2 хувийг Эрүүл мэндийн даатгалд, тус бүр долоон хувийг нь Тэтгэмж, Ажилгүйдлийн даатгалд, үлдсэнийг нь Үйлдвэрийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчин (ҮОМШӨ)-ий даатгалын санд хуваарилсан байна. Тэгэхээр Нийгмийн даатгалын сан хоосон байдаг гэсэн үг. Ажил олгогч, даатгуулагчийн тухайн жилд төлсөн шимтгэлийн орлогоор сангаа бүрдүүлж, тэр дор нь зарлагаддаг.
Даатгалын шимтгэлд төвлөрч буй нийт хөрөнгийн 65-75 хувийг Тэтгэврийн даатгалын санд зарцуулдаг ч мөнгө нь хаанаа ч хүрэлцдэггүй гэх. Жил бүр улсаас 300-600 тэрбум төгрөг авч, хүмүүсийн тэтгэврийг өгдөг аж. Эрх баригчид үүнийгээ “Олон улсын жишиг ийм. Эв санааны зарчмаар ажилладаг” гэж ам таглах. Ачир дээрээ Тэтгэврийн даатгалын шимтгэлийн нэрийн дансны тухай хуулиар 1960 оноос хойш нийгмийн даатгал төлөгсдийг бүртгэж, нэрийн данстай болгосноор хуримтлал үүсгэж байжээ. Гэтэл сангийн мөнгийг үе үеийн Засгийн газар сонгуулийн шоунд, төсвийн бусад зардлыг нөхөхөд ашиглаж ирснийг учир мэдэх хүмүүс ярьдаг. Албаныхан энэ хуулийг тайлбарлахдаа “Тухайн хүний нэрийн дансанд бүртгэгдсэн шимтгэлийн мэдээлэлд үндэслэн тэтгэвэр тогтоох л зорилготой. Тэрнээс биш таны нэр дээр хуримтлагдсан шимтгэлийн орлого банканд хадгалуулсан мөнгө шиг буцааж авах боломжтой хөрөнгө биш” гэж арьсаа хамгаалсан.
Насаараа хөдөлмөр эрхэлсэн нэгэн 60 хүрч тэтгэвэр тогтоолгоод, 61-тэйдээ нас барвал “хохь чинь” болоод хоцорч байна. Оршуулгын зардалд нь 600 гаруй мянган төгрөг л өгдөг. Одоо мөрдөж буй хуулиар тухайн хүний насаараа төлсөн нийгмийн даатгалын шимтгэлийг үр хүүхэд нь өвлөж авах зарчим манайд алга. Түүний төлсөн татварыг урт насалж буй хэн нэгэнд өгдөг нь эв санааны зарчим гэх.
Уг нь бид нас өндөр болохоороо тэтгэвэр авна гэж нийгмийн даатгал төлдөг. Хэзээ нэг өдөр бие чилээрхвэл эмнэлгийн тусламж авна хэмээн найдаж, эрүүл мэндийн даатгалын шимтгэл суутгуулдаг. Өөрөөр хэлбэл, монголчуудын амьд явах нь цэнхэр, амьдралын баталгаа нь тэр жижигхэн улаан дэвтрээс хамааралтай. Гэвч аль, аль нь амьдрах “тасалбар” болж чадахгүй байна. Үр ашгийг нь хүртэлгүй өнхрөөд унах нь энүүхэнд. Даатгал нь “эрсдэлийг хаах” гэсэн утгатай. Харин манайд иргэнээ эрсдэлд оруулж, алдагдлаа нөхөхийн тулд ядарсан түмнийхээ халаасыг тэмтрэхийг хэлдэг бололтой.

ӨДРИЙН СУРВАЛЖИЛГА
Багц хуулиудыг эргэж харах хэрэгтэй
Засгийн газар Олон улсын валютын сангийн хөтөлбөрт хамрагдсанаар УИХ-аас долоон төрлийн татвар нэмэх шийдвэрийг өнгөрөгч онд гаргасан. Нийгмийн даатгалын шимтгэлийг нэмсэн уг шийдвэр иргэдэд хэрхэн нөлөөлж байгааг сурвалжилахаар Нийгмийн даатгалын ерөнхий газрыг зорилоо. Тус газрын Бодлогын хэрэгжилт, судалгааны газрын мэргэжилтэн С.Лхагвадорж “1995-2007 онд Тэтгэврийн даатгалын санд иргэн, ажил олгогч нар нийт 19 хувиар шимтгэл төлдөг байсан. Үүнийг 2008 оны нэг сараас эхлээд 14 хувь болгож бууруулсан юм. Энэ үед хэн ч юу ч яриагүй, бүгд сайшаасан. Одоо иргэд тэтгэврээ нэмүүлье гэж шаардаж байна. Энэ ажлыг хийхэд Нийгмийн даатгалын сан дахь орлогыг нэмэх хэрэгтэй. Үүний тулд бид даатгалын шимтгэлийг нэмэх шаардлагатай болсон. Гэхдээ иргэд, ажил олгогч нараас татах мөнгөний хувийг огцом нэмээгүй. 2007 онд мөрдөж байсан хувь хэмжээнд гурван жилийн дотор шат дараатай хүргэхээр болсон. Энэ нь даатгуулагч, ажил олгогч нарт зарим талаар хүнд тусаж болох ч ирээдүйд өөрсдөд нь өндөр тэтгэвэр тогтоолгох нөхцөл бүрдүүлж буй хэрэг” гэв.
Шимтгэлийг үе шаттайгаар нэмснээр Тэтгэврийн даатгалын сангийн орлого энэ онд 122, ирэх онд 193, 2020 онд 337 тэрбум төгрөгөөр нэмэгдэж, улсын төсвөөс тэтгэврийн санд олгох татаас тэр хэмжээгээр буурах гэнэ. Ингэснээр иргэдийн тэтгэврийг нэмэх боломж бүрдэнэ хэмээн албаныхан үзэж байна. Гэвч татварын хувь хэмжээ өссөн ч иргэд төлснийхөө хэрээр тэтгэврээ тогтоолгож чаддаггүй аж. Үүнээс гадна тэтгэвэрт гарах хүртлээ амьдарч чадахгүй бол сар бүр төлсөн мөнгө салхинд хийсэх нь тэр. Иймд сар бүр нийгмийн даатгал төлөхийн оронд банканд мөнгөө хадгалуулсан нь илүү ашигтай гэж үзэх иргэд ч байна. Баянгол дүүргийн XX хорооны оршин суугч Ж.Зоригт “Нийгмийн даатгалын шимтгэлийг нэмсэн нь буруу гэж бодож байна. Ард түмнээсээ авах татварын хэмжээг жил болгон л өсгөдөг. Алдагдалтай төсөв баталснаас Нийгмийн даатгалын сан бараг мөнгөгүй болсон гэвэл хол зөрөхгүй. 2020 он гэхэд тэтгэвэр олгох мөнгөгүй болсон гэж дуулсан. Тэрийгээ бүрдүүлэх гэж иргэдийнхээ халаасыг тэмтэрч байна. Нийгмийн даатгалын санд хуримтлуулах мөнгөө банканд байршуулж, хүүг нь авч идээд суух ёстой байж.

Иргэд сар бүр Нийгмийн даатгалын санд мөнгө өгөөд л байдаг. Түүгээр юу хийж, юунд зарцуулж байгаа нь тодорхойгүй. Тэр ч бүү хэл, нас барсан хүний нэрээр тэтгэврийг нь дөрвөн жилийн турш авсан тохиолдол Баян-Өлгий аймагт гарсан. Сангийн хөрөнгийг юунд зарцуулдгийг нийгмийн даатгалынхан өөрсдөө шалгадаг учраас тэнд ямар луйвар хийдгийг иргэд мэдэх аргагүй. Шалгавал нэлээд зүйл гарна. Би хувиасаа 70 гаруй мянга, манай байгууллагаас 100 орчим мянган төгрөг нийгмийн даатгалд төлдөг. Гэтэл төлсөн мөнгөнөөс минь хамаагүй бага дүнгээр тэтгэвэр тогтоох гэнэ. Энэ мэтээр төр иргэдийнхээ халаас руу “гар дүрэхээ” болих хэрэгтэй. Нийт төлсөн шимтгэлийн дүнгээс нь тэтгэвэр тогтоодог болгох ёстой” гэсэн юм.
Хувь хүний төлөх шимтгэлийг нэг хувиар нэмснээр 700 мянган төгрөгийн цалинтай иргэн өмнө нь төлдөг байсан мөнгөн дээрээ сард 7000- ыг нэмж өгөх юм. Харин 2020 он гэхэд 87 500 төгрөг тушаах аж. Энэ тогтолцоог шүүмжилж буй өөр нэг иргэн бол Баянгол дүүргийн II хороонд оршин суугч Д.Дуламсүрэн. Тэрбээр “Цалин нэмэхгүй байж татвараа нэмээд байх юм. Нийгмийн даатгалын сангаас олгож буй тэтгэвэр, тэтгэмжээ огт индексжүүлэхгүй байна. 2010 онд 1000 төгрөгөөр юу авч болдог байсан, өнөөдөр энэ мөнгөөр юу хийж болох вэ гэдгийг тэнцүүлж бодох ёстой. Тэгэхээр цалингийн дунджаас хамаарч тэтгэвэр олгодгоо болих ёстой. Би сард нэг сая 600 мянган төгрөгийн орлого олж, 13 хувийг нийгмийн даатгалд сайн дураараа төлдөг. Он гараад 15 хувийг нь төлөх нь. Татвар нэмэхийн оронд төрийн албан хаагчдын орон тоог цөөрүүлж, цалинг нь ажлын бүтээмжтэй нь харьцуулж олговол дээр юм. Эндээс төсвийн хэмнэлт их гарна. Төрийн албыг ч цомхон болгох хэрэгтэй” гэв.
Тэтгэвэр авагчдын дийлэнх нь бүх насаараа нийгмийн даатгалын шимтгэл төлж, эцэст нь 243 000-248 000 төгрөгийн тэтгэвэр авдаг аж. Хөгжлийн бэрхшээлтэй иргэний болон тэжээгчээ алдсаны тэтгэвэр авагчдын олонх нь үүнээс их мөнгө авдаг гэхэд хилсдэхгүй. Нэг сая төгрөгийн цалинтай, 20 жил шимтгэл төлсөн даатгуулагч хөдөлмөрийн чадваргүй болоход 280 000 төгрөгийн тэтгэвэр авч байна. Ноорхой дээл шиг болсон нийгмийн даатгалын багц хуулиудыг эргэж харахыг, нийт төлсөн шимтгэлийн дүнгээс тэтгэвэр тогтоох тогтолцоонд шилжихийг иргэд шаардаж байгаа юм.
Бэлтгэсэн: Г.Баясгалан
АЛБАНЫ ХҮНИЙ ҮГ
Г.ГАНЧИМЭГ: Нийгмийн даатгалын шимтгэлийг хуримтлуулдаггүй, зүгээр л бүртгэдэг
Нийгмийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээг ирэх оноос нэмэх гэж буйтай холбогдуулан ХНХЯ-ны Бодлого, төлөвлөлтийн газрын ахлах мэргэжилтэн Г.Ганчимэгээс зарим зүйлийг тодрууллаа.
-Улс төрийн байдал тогтворгүй, ард иргэдийн амьдрал хүнд байхад нийгмийн даатгалын шимтгэлийг нэмэх болсонд олон нийт ихэд бухимдаж байна. Үндэслэл нь юу байв?
-Ажил олгогч, даатгуулагчаас төлөх шимтгэлийг энэ оноос эхлэн үе шаттай нэмж байгаа. Гэхдээ энэ нь цэвэр нэмэгдэл биш. 2008 онд шимтгэлийн хэмжээг 19 хувь байсныг таван пунктээр бууруулсан. Буцаад энэ хэмжээнд хүргэхийн тулд бага багаар өсгөж байгаа юм. Шимтгэлийн хэмжээг бууруулахад тэтгэвэр авагчдын мөнгөн дүн ч дагаад багассан. Тиймээс 2018 онд ажил олгогч болон даатгуулагч тус бүр нэг буюу нийт хоёр хувиар нэмсэн. Харин ирэх оны нэгдүгээр сараас ажил олгогч 0.5, иргэн 0.5 хувь, 2020 онд нийт хоёр хувиар нэмэх болсон. Нийт таван хувиар өсгөж буй гэсэн үг юм. Тодруулбал, нийгмийн даатгалын шимтгэлийн хэмжээ 2020 гэхэд нийт 19 хувь болно.
-2008 онд нийгмийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээг бууруулсан нь 2018-2020 онд нэмэгдүүлэх хангалттай шалтгаан болж чадах уу?
-Тэтгэврийн даатгалын сан ажил олгогч, даатгуулагчийн шимтгэлийн орлогоор санхүүждэг. Төвлөрүүлсэн хөрөнгөө тэтгэвэр, тэтгэмжид буцаан тараадаг. Гэхдээ сангийн орлого тэтгэвэр, тэтгэмж олгоход яагаад ч хүрдэггүй. Учир нь одоогийн байдлаар ажил олгогч, даатгуулагч нийлээд 14 хувийн татаас төлж байна. Гэтэл тухайн хүн тэтгэвэр тогтоолгохдоо дундаж цалингийнхаа 45 хувьтай тэнцэх хэмжээний мөнгийг сар бүр авдаг. Үүнээс харахад шимтгэлийн орлогоор зарлагаа нөхөх ямар ч боломжгүй. Тиймээс жил бүр улсын төсвөөс санхүүжилт авч, 400 гаруй мянган хүний тэтгэврийг өгч байна. Энэ нь олон улсын жишигт байдаг, эв санааны буюу орлогоо шууд зарлагаддаг тогтолцоо юм.
-30 жил хөдөлмөрлөсөн Доржийн татварт төлсөн мөнгө Нийгмийн даатгалын санд хуримтлагддаггүй гэж сонслоо. Яагаад?
-Нийгмийн даатгалын сангийн орлогыг таван санд зарцуулдаг. Эдгээрээс Тэтгэврийн даатгалын сан улсаас хамгийн их санхүүжилт авдаг. Олон улсад ийм сангууд нь орлогоороо зарлагаа нөхөх, хуримтлал үүсгэх, эсвэл эв санааны зарчмаар ажилладаг. Манайд хөдөлмөрийн насныхан нь хөгшчүүлдээ хөрөнгө оруулах зарчмаар явдаг. Нэг нь нийтийн төлөө гэсэн жишиг олон жил үйлчилж байхад зарим нь “Миний мөнгө өөр хэнийх ч биш” гэсэн үзлээр хандах гээд байдаг. Санхүүжилтийн энэ зарчмыг сайн ойлгодоггүй. Доржийн даатгалд хуримтлуулж буй шимтгэлийн орлогоор Дулмаагийн тэтгэврийг тавьдаг л гэсэн үг. Тиймээс Дорж хуримтлалтай байх боломжгүй. Харин төдөн төгрөгийн шимтгэл төлсөн гэсэн бүртгэл нэр дээр нь байна.
-Тэтгэврийн даатгалын нэрийн дансны тухай хуулийг иргэдийн төлсөн шимтгэлийг хуримтлуулах гэж мөрддөг юм биш үү?
-Уг хуулиар 1960 оноос хойш төрсөн хүмүүсийг бүртгэж, нэрийн данс нээсэн. Энэ бол тэтгэвэр тогтоох тооцооны л нэг аргачлал. Тухайн хүний нэрийн дансанд бүртгэгдсэн шимтгэлийн мэдээлэлд үндэслэн тэтгэвэр тогтооно гэж ойлгох хэрэгтэй. Тэрнээс биш таны нэр дээр хуримтлагдсан шимтгэлийн орлого банканд хадгалуулсан мөнгө шиг буцааж авах, эсвэл захиран зарцуулах боломжтой хөрөнгө биш. Харин тэтгэврийн насанд хүрэхэд таныг хэчнээн төгрөг авахыг “хэлэх” баримт юм.
-Шимтгэлийн хувийг нэмэгдүүлснээр Нийгмийн даатгалын санд хэчнээн төгрөгийн орлого төвлөрнө гэж тооцож байна вэ?
-Энэ нь ажил олгогч болон даатгуулагчийн хөдөлмөрийн хөлсний хэмжээтэй холбоотой. Хэчнээн аж ахуйн нэгжийн цалингийн хэдэн сан байхаас хамаарч орлого өсөж, буурдаг. Тиймээс шууд хэлэх боломжгүй. Ирэх жилийн төсвөөс харахад Нийгмийн даатгалын санд хоёр их наяд төгрөг төвлөрүүлэх шаардлагатай. Үүнийхээ 1.8 их наядыг нь зарцуулна гэсэн төлөвлөгөөтэй ажиллаж байна.
-2020 гэхэд нийгмийн даатгалын шимтгэлийг 19 хувиар тооцож авах нь. Тэгэхээр бусад санд зарцуулах хөрөнгө, тэтгэвэр, тэтгэмж нэмэгдэх үү?
-Ажил олгогч, даатгуулагч, төрийн байгууллага, сайн дурынхан шимтгэлийн орлогоороо Нийгмийн даатгалын санг бүрдүүлдэг.
Засгийн газар 2019 онд тэтгэвэр нэмэхэд шаардлагатай хөрөнгийг төсөвт суулгасан. Тодорхой хэмжээнд нэмэгдэх байх. Харин тэтгэмж нэмэгдэхгүй. Тухайн иргэний ажилласан жил, шимтгэл төлсөн хэмжээнээс хамаараад мөнгөн дүн нь хэлбэлздэггүй.

Бэлтгэсэн: О.Ундрах
БАЙР СУУРЬ
Ирэх оноос ажил олгогч болон ажилтны төлөх нийгмийн даатгалын шимтгэлийг нэг хувиар, улмаар гурван жилийн дотор 2.5 хувь хүртэл нэмэгдүүлэх хууль хэрэгжих юм. Үүнтэй холбоотойгоор даатгалын шимтгэл нэмэх үндэслэл бий юу, энэ нь зөв алхам мөн, эсэхэд холбогдох мэргэжилтнүүд хариулж байна.
Сангийн цоорхойг Засгийн газар нөхөх ёстой
Ч.ӨНӨРЖАРГАЛ (СЭЗИС-ийн Олон улсын нягтлан бодох бүртгэл, санхүүгийн мэргэшсэн сургуулийн ахлах багш):
-Нийгмийн даатгалын шимтгэлийн хувь, хэмжээг нэмсэнтэй санал нийлэхгүй байгаа. Энэ бол ерөөсөө алдагдлаа л нөхөх зорилготой бодлого. Нийгмийн даатгалын болон Тэтгэврийн сан яагаад хүнд байдалд орсон гэхээр, 1990-ээд онд ажилгүй байсан олон хүн Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хууль үйлчлэхэд хуурамч бичиг баримт бүрдүүлж, нийгмийн даатгалд хамрагдан, бараг бизнес хийсэн байх шүү. Ажил хийж байгаагүй хүн хийсэн болж, нэг ажилтай нь хоёр хөдөлмөр эрхэлсэн мэтээр нөхөн даатгал төлсөн. Ингэснээр тэтгэвэр авах эрхгүй хүмүүс тэтгэмж авч, зарим иргэн түүнийхээ хувийг нэмүүлсэн юм. Үүний буруутан нь мэдээж уг бодлогыг хэрэгжүүлсэн эрх баригчид. Уг нь сангийн цоорхойг Засгийн газар нөхөх ёстой.
Гэтэл ажил олгогч, даатгуулагчдын нуруун дээр хүнд ачаа үүрүүлээд байна. 2006 оноос өмнө ажил олгогч 13.5, даатгуулагч 5.5, нийлээд 19 хувийн шимтгэл төлдөг байв. Харин 2020 оноос даатгуулагч, ажил олгогчид адилхан 9.5 хувийн шимтгэл төлнө гэж хууль чиллаа. Даатгуулагчийн төлөх мөнгийг дөрвөн хувиар нэмсэн байна. Гэтэл дундаж орлоготой хүмүүсийн авч байгаа цалин хэд билээ. Бидний төлөх нийгмийн даатгалын шимтгэлийн хувийг нэмснээр гарт авах цалин улам багасна. Уг нь УИХ-аас томилогддог, Нийгмийн даатгалын үндэсний зөвлөл гэж субъект хөдөлмөрчин биднийг төлөөлөх ёстой ч, түүнд орсон МҮЭХ-ны гишүүд болон бусад хэн нь тодорхойгүй нөхдийн хариуцлагагүй үйл ажиллагаа байдлыг ингэж хүндрүүллээ. Нийгмийн даатгалын шимтгэлийн нөхөн төлүүлэх болон Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулиар урилгагүй морилж, Даатгалын сангаас тэтгэвэр авагчдын дунд орж, залилан мэхлэх замаар тэтгэврээ нэмүүлсэн зочдыг хөөж, Нийгмийн халамжийн сангаас орлого багатай иргэдэд тэтгэвэр олгох асуудлыг хуулийн дагуу шийдэхийг бид шаардах ёстой юм.
2035 он гэхэд аль ч төрлийн даатгалын сан дампуурах магадлалтай
Н.НАРАНГЭРЭЛ (Хөдөлмөрийн эдийн засаг судлаач)
-Нийгмийн даатгалын шимтгэлийг шат дараатай нэмэгдүүлэх шийдвэрийг дэмжинэ. Манай улсын даатгалын сангийн хөрөнгө одоо ажил хийж буй хүмүүсийн цалингаас суутгасан мөнгөн дээр “тогтдог”. Аль ч төрлийн даатгалын санд ямар ч хуримтлал байхгүй гэж хэлж болно. Учир нь 1990 он хүртэл хуримтлуулсан даатгалын сангуудын хөрөнгийг нийгэм өөрчлөгдөн, эдийн засгийн нөхцөл хүндэрсэнтэй холбоотой зарцуулаад дууссан. Түүнээс хойш манай эдийн засгийн чадамж, хөдөлмөрийн бүтээмж даатгалын сангийн хөрөнгийг дорвитой нэмэгдүүлэх нөхцөл болж чадаагүй. Мөн Монголд 1965-1985 онд хүн амын өсөлт нэмэгдсэн. Харин 1990 оноос төрөлтийн хэмжээ багассан. Хүн амын идэвхтэй өсөлтийн үед төрсөн хүмүүс 2020 оноос тэтгэвэрт гарч эхэлнэ. Гэтэл тэдэнд нийгмийн халамж үзүүлэх хөрөнгө хүрэлцэхгүйн зэрэгцээ цалингаасаа суутгал төлөх ажилчдын тоо тэтгэвэр, тэтгэмж авагчдад олгох хөрөнгийг бүрдүүлэх хэмжээнд хүрэхгүй болох талтай. Ер нь 2030 оноос урт хугацаанд, тогтвортой ажил эрхлэх хөдөлмөрийн насны хүмүүсийн нийгэмд эзлэх хувь одоогийнхоос харьцангуй багасах судалгаа ч бий. Энэ байдлаар 2035 он гарахад даатгалын сангууд дампуурах магадлалтай. Түүнээс сэргийлэх, даатгалын сангийн хөрөнгийг өсгөх, тогтвортой байдлыг хангах зорилгоор ажил олгогч болон ажилчдаас авах шимтгэлийг шат дараатай нэмэгдүүлэх нь зайлшгүй хийх алхам. Гагцхүү мөнгөн хөрөнгийн хуримтлал, захиран зарцуулалтад тавих хяналтыг сайжруулах зэрэг нь дараагийн ажил болов уу.
Шимтгэлийн хувь хэмжээг нэмэх цаг нь хараахан болоогүй
Л.ХИШИГТОГТОХ (Хөдөлмөр, нийгмийн харилцааны дээд сургуулийн Хөдөлмөрийн эдийн засаг, бүртгэлийн тэнхимийн багш):
-Нийгмийн даатгалын сангийн хөрөнгийг арвижуулах, төсвийн орлогыг нэмэгдүүлэх зорилгоор дээрх шимтгэлийг нэмж байна гэж ойлгосон. Иргэдийн бодит орлого бага, бүтээгдэхүүн үйлчилгээний үнэ тогтворгүй, байнга өсөлттэй энэ үед даатгалын шимтгэл нэмэх нь буруу. Нэг хувиар нэмж байгаа нь нэг ажилтанд бага мөнгө боловч нийлбэрээрээ чамгүй их дүн. Одоо иргэдэд үзүүлж буй эрүүл мэнд, халамжийн үйлчилгээ хангалтгүй гэдэгтэй санал нийлэх хүн олон. Өөрөөр хэлбэл, даатгалын сангийн хөрөнгө өссөн ч үйлчилгээ нь сайжрахгүй бол иргэд орлогынхоо хэдэн хувийг ч татварт өгөөд үр дүнгүй. Тиймээс юуны түрүүнд нийгмийн даатгалын тогтолцоо, хүртээмж, үйлчилгээг сайжруулсны дараа иргэдийн орлого нэмэгдэж, хүмүүсийн амьжиргаанд үнийн өсөлт, ханшийн хэлбэлзэл нөлөөлөх нь багассан үед дээрх шимтгэл болон бусад татварыг нэмэх хэрэгтэй.
ДЭЛХИЙН ЖИШИГ
Германд ажил олгогч нь төлдөг
Улс бүр дэх төрийн нийгмийн даатгалын тогтолцоо харилцан адилгүй аж. Дэлхийд хамгийн шилдгүүдийн нэгд тооцогддог, АНУ-ын нийгмийн даатгалын салбарт тухайн ажил олгогч болон даатгуулагчийн төлсөн шимтгэлийг нь ажилгүй болох, хөдөлмөрийн чадвар болон тэжээгчээ алдах, тэтгэвэр олгоход хэрэглэдэг. Тус улсад эрүүл мэндийн даатгалын шимтгэл гэсэн ойлголт байдаггүй. Эрхэлсэн ажилтай хүн бүр нийгмийн даатгалд хамрагдсаныг нотлох нууц дугаартай. Шаардлага гарсан тохиолдолд энэ дугаараар дамжуулан тэтгэмж олгодог аж. Хуулийн дагуу ажил олгогч, албан хаагч хоёр тус бүр тухайн хүний орлогын 15 хувьтай тэнцэх хэмжээний шимтгэл төлж, нийгмийн даатгалын санг бүрдүүлнэ. Ажил эрхэлдэг хүн 65 нас хүрээд тэтгэвэр тогтоолгоно. Гэхдээ 10-аас цөөн жил шимтгэл төлсөн бол тэтгэвэр авах эрх үүсэхгүй. Ийм хүн халамжийн тэтгэмж хүсэх боломжтой гэнэ. Үүний сацуу тэтгэврийн хуримтлалын санд шимтгэл төлөөд 5-7 жилийн дараа уг сан дахь мөнгөнөөсөө хэрэглэж болдог. Америкийн олон иргэн уг хуримтлалаа нийгмийн даатгалаас олгодог тэтгэврийн хамт авдаг гэнэ. Хуримтлалын санд жилд доод тал нь 2000 доллар шилжүүлнэ. 60 наснаас хойш энэ мөнгийг авч болдог ч 80 нас хүрэхэд уг данс хаагддаг гэнэ. Тус улсын иргэдийн тэтгэврийн дундаж хэмжээ 1300-1400 доллар байдаг нь дэлхийд хамгийн өндөр үзүүлэлтүүдийн нэг юм.

Германд нийгмийн даатгалын систем 1884 онд тус улсын “төмөр” Канцлер гэдэг Отто фон Бисмаркийн үеэс тогтжээ. Гэхдээ үйлдвэрлэлийн болон мэргэжлийн өвчний улмаас нас барах эрсдэлтэй холбоотойгоор ажил эрхэлж буй иргэн бүр нийгмийн даатгалд заавал хамрагддаг. Ажил, мэргэжилтэй холбоотой гэмтэл, ослоос сэргийлэх, анхны тусламж үзүүлэх, ажиллах чадвараа нөхөн сэргээх, ажилтан болон түүний гэр бүлд нөхөн төлбөр олгоход уг даатгалын хөрөнгийг ашиглана. Ийм даатгалын шимтгэлийг зөвхөн ажил олгогч нь улсад төлдөг. Энэ тохиолдолд ажил олгогч хариуцлагаас бүрэн чөлөөлөгдөж, даатгалыг улсын төсвөөс бүрэн хариуцна гэсэн үг.
Британид нийгмийн даатгалын систем 1942 онд алдартай эдийн засагч, лорд У.Г.Беверижийн үеэс бий болжээ. Үүнд хөдөлмөрийн чадвараа түр алдсаны, үйлдвэрлэлийн ослоор хөгжлийн бэрхшээлтэй болсны тэтгэмж багтдаг. Ийм тэтгэмжийн хэмжээ нь цалингаас хамаардаггүй, харин хөдөлмөрийн чадвараа хэр алдсанаас шалтгаалдаг гэнэ. Гэхдээ үүнд шаардагдах хөрөнгийг ажил олгогч бус, улсын төсвөөс буюу татварын орлогоос бүрэн санхүүжүүлдэг аж.
Тэгвэл Дани улсад Герман, Британийн нийгмийн даатгалын систем холимог байдлаар үйлчилдэг. Тодруулбал, даатгалын шимтгэлийг хувийн компаниуд төлнө. Гэхдээ ажил олгогч хариуцлагаас чөлөөлөгддөггүй. Даатгалд зарцуулах төсөв нь улсынхаас тусдаа байдаг аж.
Бэлтгэсэн: З.Амгалан