
Энэ бол зураач Б.Хонгорзулын “Бидэн гурав” хэмээн нэрийдсэн шинэ бүтээл бөгөөд сэтгүүлч Р.Оюунжаргалын “Хуучин байшингийн цэнхэр нүдэн” номд зориулжээ. Өвөө нь морио услаад, аргамжихаар явж байгааг гэрийнхээ гаднаас харсан ач охин нь гүйхээрээ очиход өвөө нь мордуулаад хөтөлж яваа байдал. Өвөө охиноо эрхлүүлээд сэтгэл тэнэгэр, охин морины нуруунд хэрнээ гэрийнхээ хойморт хүүхэлдэйгээр тоглож суугаа мэт амар амгалан. Гурван настай жаал хотын тавиул. Эмээ, өвөө нь түүнийг эрүүл чийрэг өсгөөд, сургуульд орох болохоор нь хот руу аав, ээж рүү нь илгээнэ. Аль эсвэл охиныг зуны эхэнд хөдөө гаргасан ч байж магад. Аль нь ч бай, айраг, цагаа элбэг дэлгэр зун хүүхдүүдээ хөдөө байлгахыг хүсдэг нь хотожсон монголчуудын араншин. Байгалийн сайхан дахь монгол ахуйд малд ойр, хөгшчүүдийн сургаалаар хүмүүжсэн хүүхэд Монголоо мэддэг, эх орноо хайрладаг хүн болж өснө. Чухам ийм санаагаа сэтгүүлч багадаа хөдөө өсөхдөө ямар ямар ажил хийж, өвөө, эмээдээ тусалж, өөрөө суралцаж, дүүдээ үлгэрлэж байсан тухайгаа дурсан санаж, уран сайхны хэлбэр оруулан бичиж ном болгоход уран бүтээлийн хамтрагч, зураач найз нь хавтасны зураг бүтээж өгсөн нь энэ. “Хуучин байшингийн цэнхэр нүдэн” ном уншигчдын гарт хүрч эхэлжээ.
Номын агуулга сонирхолтой. Жилийн дөрвөн улиралд монгол айл хэрхэн нүүдэллэн, малаа хариулж, аж ахуйгаа эрхэлж амьдардгийг Дорж өвөө, Долгор эмээ, гол дүр ажилсаг жаахан Оюу, түүний дүү Ариу дөрвийн амьдралаар харуулжээ. Тэд өглөөнөөс орой хүртэл юу юу хийдэг байсан тухай сар бүрийн нэг өдрийн үйл явдлаар нь өгүүлжээ. Эхний бүлэг нь “Зургадугаар сар буюу Зуны эхэн” нэртэй. Дэд гарчгуудыг сонирхвол “Оюу гал түлж, сүү машиндав”, “Алтуунай ахтай мөрөөдлөө хуваалцав”, “Борц дэвтээхээ мартжээ”, “Үнээ саасны дараа морь зайдан уналаа”, “Хүүхдүүд оньсого тааж чадсангүй” гэх мэт.
Сэтгүүлч Р.Оюунжаргал бол манай сонины сурвалжлагч. Соёл, урлагийн чиглэлээр дагнан бичдэг тэрбээр өдөр тутмын сонины их ажлынхаа хажуугаар орчин цагийн хүүхэд багачуудын танин мэдэхүйд зориулж бага насныхаа амьдралын тухай ном бичиж амжуулжээ.