
Эртний монголчуудын цагаан сар
Монголчуудын уламжлалт шинэ оноо угтах ёс нь шинэ жил, шинэ сар, шинэ өдрийг угтаж өтгөсөө дээдэлж, нялхсаа баярлуулах уламжлал бүхий ураг төрлийн баяр юм.
Энэ нь ариун цагааныг бэлгэдэн цагаан морь унаж, цагаан хувцас өмсөн, цагаан хадаг дэлгэн золгож, цагаан сэтгэлээр халуун яриа өрнүүлж цагаан бүхнийг дээдлэх их бэлэг дэмбэрлийн өдөр билээ.
Судлаачдын үзэж буйгаар эртний монголчууд цагаан сараа намрын есдүгээр сард тараг цагаа элбэг үед хийж “цагаан сар” хэмээн нэрлэдэг байжээ.Мөн мал сүрэг тарга тэвээргээ авч гүйцэн, хүмүүс өөрсдөдөө болон мал сүрэгтээ нас нэмж байгаа хэмээн бэлгэддэг байжээ. Үүний баталгаа нь:

Даага далантай
Бяруу булчинтай
Төлөг сүүлтэй
Тором бөхтэй
Борлон хэрсэнтэй хэмээн таван хошуу малынхаа төлд нас нэмэн мэндчилдгээс харж болно.
Мөн намар шинэ оноо угтах ёс нь анх гөрөөний үетэй холбоотой. Намар адуу таргалах цагт бүх хүн ой самнан гөрөөлсөөр ирдэг уламжлалтай байсныг ном зохиолд тэмдэглэжээ.
Арван гуравдугаар зууны үеийн цагаан сар
Монголчууд 13-р зуун гэхэд цагаан сараа хавар хийдэг болсон нь европын жуулчдын тэмдэглэлд бичээстэй байдаг.
Хубилай хааны Юань гүрний үед маш өргөн дэлгэр тэмдэглэдэг болсон бөгөөд Чингис хааныг Хамаг Монгол улсыг нэгтгэн хаан суусан хаврын тэргүүн сарыг шинэ жил ирлээ хэмээн үзэж цагаан сарын баяр болгон тэмдэглэж ирсэн нь ийнхүү Хубилай хааны үед уламжлагдан очиж Дээд нийслэл Шандад цагаан сараа ёслоод, доод нийслэл Бээжинд хятад маягийн хаврын цагаан сар хийдэг байжээ.

VIII зууны Төвдийн эрдэмтэн Лувсандамбийжанцан бичихдээ "Чингис хаан төр барьж, хаврын тэргүүн сард өлзий хутгийн баясгалангийн хурим үйлдсэн тул энэ сарыг Монголын анхдугаар сар хэмээн нэрийдвэй"
Эрэгтэй эмэгтэй ялгалгүй цагаан хувцас өмсөж, их хаандаа бэлэг сэлт барьж ёсолдог. Түүнчлэн ноёд тайж, баатар эрсээс эхлээд энгийн ардууд бие биендээ цагаан өнгө бүхий эд харилцан бэлэглэж аз жаргалтай амар төвшин амьдрахыг ерөөн бэлгэддэг байжээ.
Ийнхүү жилийн эхэн цагаан сарын шинийн нэгнийг төрт ёсны нэн их хүндэтгэлт баяр ёслол болгон тэмдэглэдэг байжээ.
Богд хааны үеийн цагаан сар
Монголчууд нэг хэсэг Манжийн дарлалд байхдаа шар зурхай хэрэглэж байгаад 1911 оноос Богд хаант Монгол улсын үед Төгс Буянтын зурхай хэрэглэж эхэлсэн.
Ийнхүү олноо өргөгдсөн хоёр дугаар оны (1912) өвлийн сүүл сарын 30-ы өдөр Дотоод хэргийн Бүгд захиран шийтгэх яамнаас “Шинэлэх цагаалах ёслолыг явуулах” дүрэм журам зохиож Богд хаанаар батлуулсан байна.

Орчин үеийн цагаан сар

1952 онд Х.Чойбалсанг нас барахад цагаан сар тэмдэглэхийг албан ёсоор хориглоод 1960 онд “Малчдын сайн өдөр” “Нэгдэлчдийн өдөр” болгон сэргээсэн байна.
1963 оноос эхлэн цагаан сарын барилдаан эхэлж Ж.Мөнхбат түрүүлж, Ч.Бээжин аварга үзүүрлэж байжээ.
Ийнхүү 1988 оноос “Малчид нэгдэлчдийн баяр” хэмээн нэрлэхээ болин 1990 оноос “Цагаан сарын ёслол”-ыг дахин сэргээсэн байна.