Хөх Монголын хязгаар нутгаар 108 хоног аялаад ирсэн Г.Довчиндоржтой уулзлаа. Тэрбээр өнгөрсөн зуны турш эх нутгийнхаа хил дагуух байгалийн үзэсгэлэнт болон түүхийн дурсгалт газруудаар үүргэвчтэй аялал хийгээд ирсэн юм. Экологич, байгаль хамгааллын биологич мэргэжилтэй тэрбээр өдгөө “Этүгэн” дээд сургуульд багшилдаг. “Хөх манхан тэнгэрийг эзэгнэнхэн төрлөө би Хөмсгөн сарны аялах алсын алс тойрогт, Холын хоёр одны тохиох бяцхан чөлөөнд Хоёр нүдний үзүүрт цэнхэрлэх төдий тэртээд Хөх манхан тэнгэрийг эзэгнэнхэн төрлөө би” хэмээн дорнын их яруу найрагч Б.Явуухуланг дуу алдуулсан гайхамшигт Монгол оронтойгоо танилцахын тулд энэ аяллыг санаачилсан гэдэг. Тиймдээ ч энэ оны зургадугаар сарын 17-ноос, есдүгээр сарын 29 хүртэл хээрээр гэр, хэцээр дэр хийн бадарчилж, 17 аймгийн 50 гаруй сумын нутгаар аялаад иржээ.
СУУСАН ЦЭЦНЭЭС ЯВСАН ТЭНЭГ ДЭЭР

-Зөвхөн дорнын их яруу найрагчийн яруу тансаг мөртүүд өөрийг тань аялалд хөтлөөгүй байх. Зорьж тэмүүлсэн үйлсийнхээ санааг хэрхэн олов.
-Анх өнгөрсөн жилийн хавар ийм аялал хийх бодол төрсөн юм. Аялалд явах гурван шалтгаан байлаа. Монголчууд “Явсан нохой яс зууна”, “Юм үзэж нүд тайлъя”, “Чих худалч, нүд үнэнч”, “Суусан цэцнээс явсан тэнэг дээр” гэж ярьдаг шүү дээ.
Түүнээс гадна Амай хэмээх монгол залуу дөрвөн жил зургаан сарын турш хэлний бэрхшээл визний асуудлыг даван туулж дэлхийг тойрч чадлаа. Түүнтэй харьцуулахад эх орноо тойрон аялахад бидэнд тийм бэрхшээл тулгарахгүй. Тэгэхээр би хаана төрснөө мэдэхээр энэ аялалд гарсан. Эх орон минь гэж цээжээ дэлддэг хэрнээ эзэгнэн төрсөн цаст цагаан уулаа хараагүй явж болохгүй юм шиг ээ.
-Аяллын мэдээллээ байрлуулж байсан блогт тань зочлох дуртай байлаа. Аялалд гарахаасаа өмнө үзэж харах зүйлсээ төлөвлөн, судалдаг байв уу?
-Мэдээж хамгийн чухал нь урьдчилан бэлтгэх. Санаачилгыг нь би гаргасан ч аяллын маршрут зохиож, нэр уриа сонгон, зорилго зорилтыг боловсруулахад тусалсан нь Аялал жуулчлалын багш судлаачдын нийгэмлэг, Монголын залуу эрдэмтдийн холбооны хамт олон маань юм.
“Хөх Монголын хязгаар нутгаар” гэсэн уриаг сонгож, зүгээр л 100 хоног аялаад ирье гэлгүй монголчуудын бэлгэшээдэг 108 гэсэн тоог сонгон аялах өдрөө товлосон нь учиртай. Очих газрынхаа маршрутыг гаргаж, үзэх зүйлсийнхээ мэдээллийг цуглуулж бэлтгэн, нутаг бүрийн чулууны дээжийг авчирч, “Их Монголын их овоо” босгох хүсэл өвөрлөсөн. Чулууны дээжийг авчраад л овоогоо босгоно гэж бодож байсан ч олон хүнтэй уулзаж, юм үзээд ирэхээр арай өөр зүйл хиймээр санагдах боллоо. Хотын захиргаа энэ ажлыг маань дэмжинэ гэдгээ илэрхийлсэн. Гэхдээ хэрхэн хийхээ сайн мэдэхгүй л байна. Энэ ганцхан миний хэрэг биш монголчуудын эв нэгдэл, эх орны бүрэн бүтэн байдлыг илэрхийлэх чухал дурсгал байх ёстой юм.
-108 хоногт хэчнээн километр аялав аа?
-Аяллаа эхлэхээс өмнө 11.000 км явахаар төлөвлөж байсан. Ирснийхээ дараа дүгнэхэд 10- аад мянган км явчихаж. -Эх орноо ийн тойрсон аялагч хэр олон байдаг юм бэ?
-Аяллын зорилго, чиглэл нь өөр ч эх орноо тойрох сэтгэл өвөрлөсөн цөөнгүй аялагч байдаг. Тээврийн жолооч нар гэхэд л бүх аймагт очиж үзсэн байх жишээтэй.
Таван жил монголыг тойрон аялсан нэгэн байхад бүсчлээд жил бүр ээлжлэн аялдаг хүн ч байна. Яг бидэнтэй ижил зорилгоор хоног заагаад энэ маршрутаар аялсан хүн байхгүй байх аа.
-“Эргэлийн зоо”, “Мэнэнгийн тал” гээд хараа булаам сайхан газруудын зургийг авч блогтоо оруулсныг тань үзээд бахархмаар, энэ аялалд хамт явмаар сэтгэгдэл төрсөн шүү. -Монголын аялал жуулчлалын салбарт хэт төвлөрөл бий болчихоод байгааг өөрчлөх зорилт байсан. Жуулчдыг дагуулаад Өмнөговийн “Ёлын ам”, Хөвсгөл, Горхи, Тэрэлж гээд цөөн хэдэн газар руу л явж байна.
Сүүлийн үед “Хар хорин” нэмэгдсэн байх. Монголын хязгаар нутагт байгаа аялал жуулчлалын өвөрмөц нөөцийг судалж, хүмүүст хүргэхийг хүссэн юм. Арван жилийн өмнө “Хамрын хийд”-ийг хүмүүс мэддэггүй л байлаа. Одоо тийшээ хэчнээн олон хүн явдаг болсон байна вэ. Ер нь улсын тусгай хамгаалалттай газрууд монголын хил хязгаарын дагуу байдаг юм билээ. Тэгэхээр тэр газрууд аялал жуулчлалыг хөгжүүлэх гол бааз нь болох учиртай.
80 АВТОМАШИН, МОРЬ, ЦАА БУГАТАЙ АЯЛАЛ
-Үүргэвчтэй аяллын онцлог юу вэ. Хэдий хэрийн зардал гаргав?
-Манайхан үүргэвчтэй аяллыг явган аялалтай андуурах нь бий. “Бээжин экспресс” гэдэг нэвтрүүлэг телевизээр гарч байсан шүү дээ. Түүнтэй л ижил гар өргөөд таарсан унаандаа сууж зорьсон газартаа хүрнэ.
Тэдгээр аялагч төв зам даган явдаг бол бид захдуу газраар аялсан болохоор унааны олдоц багатай байсан. Гэхдээ Монголын хязгаар нутаг эзгүйрээгүй юм билээ. Сум бүрт харилцаа холбоо асуудалгүй болж, ихэнх айлын гадаа машин зогсох болж.
Аяллын явцад ажиглагдсан сонирхолтой гэмээр зүйл нь Монголын хязгаар нутаг бус хотыг тойрсон дундах хэсэг нь хөгжлөөрөө хоцроод байгаа юм шиг ээ. Захын сумдын хөгжил асар хурдацтай урагшилж байна. Өөрийгөө зөв танилцуулж, зорилгоо ойлгуулж л чадвал унаандаа дайх хүн олдох юм билээ.
-Гэхдээ хоёулхнаа хээр хөдөө явахад бэрхшээл тохиолдоно л биз дээ.
-Эхэндээ бэрхшээл нь унаа байсан. Унтахдаа ч, сэрэхдээ ч унаа л боддог байлаа. Сүүлдээ аялал даа гаршаад амархан болдог юм байна лээ. Бид аяллын явцад өөрийн гэсэн хэд хэдэн дүрэмтэй болсон. Тухайлбал шөнө орой болсон үед сумын төв рүү орох хэрэггүй, захад нь майхнаа бариад л хоносон нь дээр. Түгээмэл биш ч гэсэн зарим газрын “нутгийн индианууд” шоглочих гээд байх нь бий.
Нэгэнт төлөвлөөд гарсан аялалд эрсдэл гаргахгүй байхыг л хүснэ шүү дээ. Дарьгангын зохиолч Ай.Төмөр-Очирын “Аял лын явцад бид өлсөнө гэж айхтар хоол базаасангүй, өвдөнө гэж эм авсангүй, өстөн таарна гэж зэвсэг агссангүй” гэдэг үг байдаг даа. Яг л ингэж аялсан. Бурхны авралаар хамрын ханиад ч хүрэлгүй аяллаа дуусгалаа. Бид ид халуунаар говьд явж байсан.
Намрын сэрүүн орох үед Алтай таван богд, Хорьдол сарьдгийн нуруунд ч гарч байлаа. Аялалд 108 хоног идэх зүйлээ үүрээд явна гэж байхгүй шүү дээ. Шаардлагатай зүйлсээ л авч явна. Ингээд явж байхад хоёр хоног хоол идэхгүй явсан ч юм бодогддоггүй юм билээ. Хязгаар нутгаар гэхээр торгон хилээр яваад байсан мэт зарим хүн ойлгодог. Бид хязгаар нутаг дахь сум суурин газрыг холбож аялсан юм.
-Аяллын тухай дуулаад хамт явах хүсэлтэй хүн олон байсан ч хоёулаа замд гарчээ.
-Явах хүсэлтэй хүн олон байсан ч гурван сар гаруй хугацааг аялалд зориулаад ажлаа орхиод явах нь цөөн байсан. Тэгээд ч үүргэвчтэй аялал учраас олуулаа явбал унаанд дайгдахаас эхлээд хүндрэл учирна.
-Энэ аялал эх орноо таних хүсэлтэй залууст үлгэр болсон байх аа?
-Эх орноо бага зардлаар тойрох боломж байгаа гэдгийг ойлгуулахыг хүслээ. Бид хэн нэгнээр ивээн тэтгүүлээд мөнгөтэй аялбал хялбархан болчих байсан. Тэгэхийг хүсээгүй. Одоо энэ жишгээр Монголыг бүтнээр нь биш юм аа гэхэд орон нутгаараа үүргэвч үүрээд аялаасай.
Аяллынхаа явцад тэмдэглэл бичих хялбар байсангүй. Блогт цухасхан дурдаад л өнгөрсөн. Аялын турш үндэстэн угсаатнуудын үлгэр домог, дуу хуур, хууч яриа зэрэг олон баримт цуглуулгатай болсон. Одоо тэр бүхнээ эмхтгэн аяллын тэмдэглэл маягаар ном гаргах бодолтой байна.
Хичээлдээ нэлээд хоцорч ирсэн учраас нөхөж ороод зав гарахгүй л юм. Мэдээж энэ ажлаа нэгдүгээрт тавихгүй бол болохгүй.
-Улаанбаатараас хамгийн эхэнд аль аймаг руу явлаа?
-Эхлээд Хэнтий аймгийн Хар зүрх уул, Хөх нуурыг зорьсон. Энэ газарт Тэмүүжинг Чингис хаанд өргөмжилж, Их Монгол Улсыг байгуулсан түүхтэй.
-Та нар ямар ямар хөсгөөр аялсан бэ?
-80 өөр автомашинд дайгдаж, морь унан тэр ч бүү хэл хэсэг замыг цаагаар туулсан. Түүнчлэн галт тэрэг, усан онгоцоор ч явсан.
АЯЛАГЧИЙН ҮҮРГЭВЧИНД АМЬДРАЛ БАГТДАГ
-“Аялагчийн үүргэвчинд амьдрал багтдаг” гэдэг байх аа.
-Энэ 108 хоногт үүргэвч, зургийн аппаратнаасаа нэг ч удаа салаагүй. Үүргэвчинд майхан, мешок, газын плитка, аяга, халбага, сэрээ, хоёр ээлжийн солих хөнгөн хувцас, нэг шоколад, шүдэнз, хутга байсан. Энэ зуныг нэг богино өмд, цамц углааштай туулчихсан байна. Түүнээс гадна гар утас, компьютерээ авч явсан.
-Шоколад гэж хэлэв үү?
-Аялагчийн үүргэвчинд шоколад, шүдэнз, хутга зайлшгүй байх хэрэгтэй байдаг юм аа. Хамгийн калори өндөртэй, хөнгөн, тэжээллэг хоол бол шоколад.
-Аялалд хоёулаа гараад замдаа нэг хүнтэй нэгдсэн гэсэн үү?
-Энэ аялалд гурван хүн оролцсон. Гэхдээ гурвуулаа нэг дор байгаагүй. Би Эко-Ази дээд сургуулийн оюутан Сансартай аяллаа эхлүүлсэн. Замынхаа тал хүртэл Б.Сансартай яваад “Их монгол” дээд сургуулийн багш Э.Хишигбаяртай үлдсэн замаа туулсан. Э.Хишигбаяр морин аяллын чиглэлээр нэлээд юм хийдэг, аялах бие болон сэтгэл зүйн бэлтгэлтэй хүн л дээ.
Аяллын турш тэрбээр Монгол орны газрын зураг барин очсон орон нутаг, дархан цаазат газрын удирдлагуудаар тамга даруулан явсан байна лээ. Улаан тамгаар эмжүүлсэн энэ зурагт НЗДТГ-ын тамга л дутуу байсан байх. Түүнээс гадна тэд аяллын турш Монголын хамгийн том бүх нуур, голыг гаталсан гэсэн. Г.Довчиндорж “Мэнэнгийн тал”- ыг дайран Халх гол сумыг зорих замдаа шүлхий туссан байж болох зээрүүдийг олж хараад аймгийн онцгой комисс руу утас цохин мэдэгдсэн юм билээ. Мөн Алтайн нуруу руу гарах гэтэл унаа олдохгүй болохоор нь түймэр унтраахаар явж байсан Онцгой байдлын албанд сайн дураараа туслахаар болж, хамт явсан гэсэн. Түүнийг аяллаа дуусгасны дараа энэ оны “Бахархалт залуу”-гаар тодруулан Монголын залуучуудын холбооноос өргөмжл өл гардуулсан юм. “Хүсэж зорьж чадвал амжилт ойрхон байдаг” гэсэн Г.Довчиндоржийн үгээр энэ ярилцлагаа жаргаая.
Ж.Солонго