Өнгөрөгч хавар үзэгчдийн хүртээл болсон “Дэв” аймшгийн киног үзсэнээс хойш сэтгэл сэрдхийлгэм сүнс “бүтээсэн” уран гартантай уулзахсан гэсэн хүсэл эрхгүй төрсөн юм. Тус киноны найруулагч Б.Жаргалсайханаас нүүр хувиргагчийнх нь тухай лавлахад алмас, сүнс гээд л аймшгийн киноны гол баатруудыг урлахдаа багагүй туршлагатай нэгэн бий гэсэн. 20 гаруй жил дэлгэцийн бүтээлийн мэргэжлээрээ ажиллаж буй түүнтэй нүүр хувиргагч гэх содон бас сонирхолтой мэргэжлийнх нь жаргал зовлонгийн талаар хуучиллаа.
-“Дэв” киноны гол дүрд тоглосон Б.Мөнхжин охин киногоо үзээд их айсан гэсэн. Нүүр хувиргалтын дараа тэгж гайхашрах тохиолдол олон гардаг уу?
-Нүүр хувиргалтаас айсан хэрэг биш байх л даа. Бидэн шиг зураг авах үеэр хамт өнжилгүй, хичээлийнхээ хажуугаар кинонд тоглож, тэгээд ч нас бага болохоор утга санааг нь бүрэн ойлгоогүй байсан болов уу. Бас зураг авах үеэр найруулагч, гэрэлтүүлэгч, зураглаач гээд л олон хүнтэй байсан учир төдийлэн айхгүй. Харин кино театрт үзэхэд орчноосоо тасраад, их аймшигтай санагдсан байх. Гэхдээ нүүрээ будуулсныхаа дараа жүжигчид толинд хараад уулга алдах тохиолдол цөөнгүй гардаг юм. Зөвхөн аймшгийн кино ч биш, хөгшрүүлж эсвэл залуу болгон будахад хүмүүс “Би ийм хүн болох юм уу”, “Ямар гоё залуухан харагдаж байна вэ” гэж хэлэх нь бий.

-Манайд яг хэдэн мэр гэжлийн нүүр хувиргагч байдаг юм бэ?
-Хоёр театрын нүүр хувиргагчийг оролцуулбал тайз, дэлгэцийн урлагийн нүүр хувиргагч долоон хүн бий. “Сити” дээд сургууль make up artist буюу нүүр будагч гэсэн мэргэжлээр боловсон хүчин бэлтгэдэг гэж сонссон. Гэхдээ мэргэжлийн нүүр хувиргагчдаар сахал, хиймэл үс хэрхэн сүлжих тухай ч заалгадаггүй болохоор тайз, дэлгэцийн нүүр будаж чадахуйц мэргэжилтэн бэлт гэж байгаа гэдэг нь эргэлзээтэй.
Сүүлийн үед гоо сайханч охид нүүр хувиргагч болох хандлага ихэсчээ. Энэ мэргэжилд йтуршлага их шаарддаг тул залуу үе хараахан төрж чадахгүй л байна. Зарим нь замын дундаас шантран орхих нь ч бий.

-Яагаад шантардаг юм бол?
-Бидний ажил гоо сайханчдынхтай адилгүй. Тэд загварын шоуны үеэр дулаан байранд тухлан нүүр буддаг бол киноны нүүр хувиргагчид өвлийн хүйтэн, зуны аагим халуунд ч гадаа ажиллах нь түгээмэл. Залуус богино хугацаанд их мөнгө олох ажил гэж боддог шиг байгаа юм. Гоо сайханч хүн хөмсөг шивээд л тэр дор нь тогтсон жишгийн дагуу төлбөрөө авдаг байхад бид киноны зураг авах үеэр хэдэн ч хүний нүүрийг будаж мэднэ. Гэхдээ тэр бүрийд тооцож хөлс өө авдаггүй. Мөн хиймэл сахал нэхэхэд нэг бүрчлэн суулгадаг тул тэвчээр их шаардана. Тэгээд л шантардаг шиг байгаа юм.

-Хиймэл сахал, үсийг нүүр хувиргагчид хийдэг хэрэг үү?
-Тэгэлгүй яах вэ. Эхлээд модон эрүү, толгой зорж хийнэ. Түүндээ арьсны өнгөтэй зориулалтын нарийн ширхэгтэй тор хадаж тогтоогоод, сахлын ширхгийг нэг бүрчлэн нэхмэлийн зүүгээр тогтоодог юм. Их нарийн ажиллагаа, хөдөлмөр шаарддаг тул хиймэл сахлын үнэ цэнийг жүжигчид сайн мэднэ. Тиймээс энэ сахал, үс бидний мэдлийнх биш гэж ярьдаг шүү дээ. Зураг авахуулж эхлэх үед сахлаа ургуулсан байвал хусах эрх байхгүй. Киноны зургийг авч дуустал сахалтайгаа л байна. Тэгэхээр нүүр хувиргагчийн мэргэжил мужаан, нэхмэлч гээд их олон талын чадвар шаардсан ажил.
-Та яагаад нүүр хувиргагч болсон юм бэ?
-Би дунд сургуульд байхаасаа зураг зурах дуртай байлаа. Тэгээд л МҮОНТ-д найруулагчаар ажилладаг ах маань намайг нүүр хувиргагч болгохоор телевиздээ дагалдангаар оруулж байлаа. Тухайн үед мэргэжлийн нүүр будагчдыг шавь сургалтаар бэлтгэж, түүхэн кинонд дагалдангаар ажиллуулсны дараа шалгалт авч, тэнцсэнд нь үнэмлэх олгодог байлаа. Үндэсний телевизэд анх хөгжмийн зохиолч Чулуун гуайн охин Үзмээд дагалдангаар орж байлаа. Хожим нь “Мөнх тэнгэрийн хүчин дор” киноны дагалдан нүүр хувиргагчаар ажиллаж, мэргэжлийн үнэмлэх авсан даа.
-Гоо сайханчаас нүүр хувиргагчийн мэргэжил юугаараа онцлог вэ?
-Гоо сайханч тухайн хүнээ гоё болгохыг л зорилгоо болгодог бол нүүр хувиргагч зохиолч, найруулагчийн санааг үзэгчдэд хүргэж, тухайн хүний онцлогийг илүү товойлгож гаргах, үзэгчдэд үнэмшилтэй байлгахыг чухалчилдаг. Техник технологи хөгжихийн хэрээр камер жүжигчний нүүр ний өө сэв бүрийг гаргахуйц нарийн дүрслэлтэй болсон. Тиймээс тухайн дүрийн зан араншингийн онцлогийг гаргаж, жүжиглэлтэд дөхөм болохуйц хэрнээ үзэгч анзаарамгүй наалдацтай будах хэрэгтэй.
Театрын хамгийн эхний эгнээнд сууж байгаа үзэгч жүжигчнээс багадаа 10 метрийн зайтай байдаг. Харин жүжигчний нүүрийг хэсэгчлэн авах үед камер хамрын үсийг нь ч харж болохуйц нэг бүрчлэн харуулдаг. Тиймээс тун нарийн ажиллагаа шаарддаг. Харин тайзны будалтыг үзэгч холоос хардаг тул тод хийх хэрэгтэй.
-Таныг цөөнгүй аймшгийн кинонд ажилласан гэж сонссон.
-Санамсаргүй л энэ төрлийн киноны нүүр хувиргалтыг түлх үү хийдэг болчихсон. Орчин үеийн аймшгийн киноны анх дагч хэмээгддэг “Ядуугийн зовлон”- гоос эхлээд “Алмастай нөхцсөн нь”, “Дэв” гээд нэг мэдэхэд л энэ төрлөөр мэргэших шахсан байна. Одоо ч энэ төрлөөр олон кинонд ажилласан учир дөхөм болсон байна. Залуу байхад аймшгийн киног айж, түгшиж үздэг байсан бол одоо судлах, сонирхох сэт гэл зэрэгцдэг болсон.
“Ядуугийн зовлон”-г дэлгэцнээ гарсны дараа гадуур явж байтал дэлгүүрийн худалдагчид “Өчигд өр зурагтаар гарсан кино ямар заваан юм бэ. Шөнө зүүдэнд ормоор…” гээд л хууч хөөрч байна. Би түүнийг нь сонсоод их баярлаж билээ. Жүжигчний нүүрийг будсаны дараа хүмүүс “Ямар аймаар юм бэ, ямар заваан юм бэ” гэж хэ лэх нь надад их урам хайр лаж, мэргэжлээрээ бахархах сэтгэл төрүүлдэг. Хүмүүс тэгж хэлж байна гэдэг ажил минь зорилгоо биелүүлж, сайн болсон гэсэн үг.
-Уянгын, инээдмийнхийг бодвол аймшгийн киноны нүүр хувиргалт хэцүү биз?
-Мэдээж сүнс, алмас гээд л тогтсон дүр төрхгүй, хүмүүс өөр өөрсдийнхөөрөө төсөөлдөг хийсвэр дүрүүд гардаг тул нүүр хувиргалт нь ч бусдаас хэцүү. “Алмастай нөхцсөн нь” киноны алмасын өмсгөлийг гэхэд л сарлагийн хөөврөөр нэхэж гараар хийж байлаа.
-Хэр олон хоног зарцуулсан бэ?
-Долоо хоног өдөр шөнөгүй суусан даа.
-Аймшгийн киноны баатруудын нүүрийг будахад олон цаг зарцуулах уу?
-Зураг авахаар нэг байгууллагын талбай ч юм уу, байр хөлсөлсөн байлаа гэхэд төлбөр нь цагаар хэмжигдэнэ. Тиймээс бүтэн цагаар суух боломж олдохгүй л дээ. Тиймээс киноны нүүр хувиргагч их хурд шаардсан ажил.
-Будгаа хаанаас авдаг вэ?
-Урьд нь Монгол кино нэгтгэлээр дамжуулан Оросоос ирдэг байлаа. Одоо бол хувиараа л Бээжин, Солонгосоос олж ирдэг болсон.
-Энгийн нүүрний будагтай адилгүй биз?
-Өөр байлгүй яах вэ. Бор өнгө голдуу байвал зүгээр байдаг юм. Би жүжигчний нүү- рийг цайруулж будахаас аль болох зайлсхийдэг. Ялангуяа бор арьстай хүнийг цайвар өнгөөр будвал сааралтаад, будсан нь илт мэдэгддэг юм. Тиймээс ямар арьсанд ямар будаг тохирох вэ гэдгийг сайн мэддэг, өнгөний зохицол, уусалтын тухай мэдлэгтэй байх хэрэгтэй.
-Нүүр хувиргагч хүн ямар чадвартай байх ёстой вэ?
-Мэдрэмжтэй, тэвчээртэй, багаар ажилладаг тул эвсэг байх хэрэгтэй. Гол нь мэдрэмжтэй байх ёстой доо.
Хамгийн хэцүү нүүр хувиргалт нь хөгшрүүлж будах мөн үү?
-Тухайн жүжигчний нүүрний хэлбэрээс л шалтгаалдаг юм. Махлаг дугуй нүүртэй хүний царайг ямар ч төрлөөр өөрчилж будахад амаргүй байдаг.
-Тухайн кинонд тоглож байгаа жүжигчдээс нүүрээ будуулахгүй зураг авахуулах тохиолдол бий юү?
-Найруулагчийн үзэмжээс л шалтгаалдаг юм. Австрийн Чингис хааны тухай кино хийх үеэр найруулагч нь зурвасхан үзэгдээд өнгөрөх 200 морьтон цэрэгт ч сахал наах хүсэлтэй байсан. Гэхдээ гол дүрүүд бүгд л нүүрээ будуулдаг. Тэр нь гоё сайхан харагдах гэснийх биш л дээ. Гэрлийн ойлтоос шалтгаалан нэгийг нь будаад, нөгөөг нь үлдээхэд эрс ялгарч харагддаг.
Түүнийг ойлгоод жүжигчид ч сүүлийн үед нүүрээ будуулах сонирхолтой болсон.
-Үс засах, хувцасны загвар төлөвлөх ажлыг ч та хариуцдаг уу?
-Сүүлийн үед залуус кино урлагт хүч сорих болсон. Тэд цөөн хүний бүрэлдэхүүнтэй баг бүрдүүлж ажиллах сонирхол их. Тиймээс үсчин, стилистийн ажлыг хавсарна шүү дээ. Наанадаж л олны хэсэгт оролцох хүмүүс ихэвчлэн мэргэжлийн бус жүжигчид байдаг тул хувцсаа зохиолын утга санаатай нийцүүлж мэдэхгүй. Тэдэнд зөвлөгөө өгнө. -Үс засах ч энгийн үсчдийн хийдэгтэй адилгүй байх даа.
-Тийм ээ. Үсчид бууралтсан үсийг хар өнгөөр будаж байснаас биш бууралтуулах гэж очих үйлчлүүлэгч байхгүй тул энэ талаарх туршлага дутмаг. Нэг киноны үеэр жүжигчний үсийг буурал болгох шаардлагатай болж л дээ. Тус киноны үсчин жүжигчнийхээ үсийг найман удаа будаад, эцэст нь буурал биш шар өнгөтэй болгосон тохиолдол ч бий.
-Манай нүүр хувиргагчид гаднын орнуудын мэргэжилтнүүдтэй туршлага солилцдог уу?
-Социализмын үед Оросын мэргэжилтнүүд ирж ажиллаж байснаас биш сүүлийн үед хоёр орны нүүр хувиргагчид туршлага солилцсон тохиолдол байхгүй. “Аравт” киноны нүүр хувиргагчаар ӨМӨЗО-ы мэргэжилтэн ирж ажиллаж байгаа гэсэн. Гэхдээ тэр нь хоёр орны биш, хувийн байгууллагууд хамтарч бүтээж байгаа кино тул бидэнд очиж уулзах, зөвлөгөө авах боломж олдохгүй л дээ. Гэхдээ Монголын нүүр хувиргагчид хамгийн мундаг нь.
-Яагаад?
-Хөгжингүй орнуудад нүүр хувиргахад зориулсан бүхэл бүтэн химийн үйлдвэр ажиллаж байгаа. Харин манайхан тэр бүхнийг өөрсдийн хар ухаанаар “монголчилно” шүү дээ. Тиймээс техникийн хувьд сайн биш ч, манайхан нүүр хувиргахдаа арга барилаар илүү.
Кино багийнхнаас хамгийн эрт босож, хамгийн сүүлд унтдаг хүмүүс бол нүүр хувиргагчид. Тиймдээ ч тэднийг жүжигчин, найруулагчид ихэд хүндэлдэг юм билээ. Дүрээ үзэгчдэд хүргэхэд нь жүжигчдэд дэм болж, уламжлалт соёлын онцлогийг хэдэн зууны тэртээгээс өнөөгийн бидэнд “авчирч” сонирхуулдаг арын албаныхан үгүйсэн бол Монголын тайз, дэлгэцийн урлаг өдий зэрэгт хүрэхгүй байсан биз.
О.Ундармаа