Хөгжмийн урлагийг дуулаачийн ба дан хөгжмийн гэж ангилдаг. Дан хөгжмийн төрлийн хамгийн том бүтээл нь симфони юм. Эртний грек хэлний симфониа буюу зохицол гэдэг үгээс үүсэл тэй хөгжмийн эл төрлийг “Ая, эгшгийн зохицол” хэмээн хөгжим судлаачид тодорхойлдог. Аливаа утга санааг хөгжмийн гүн ухааны сэтгэлгээгээр дүрслэн, зөвхөн хөгжмийн зэмсэг ашиглан илэрхийлсэн дөрвөн анги бүхий том хэлбэрийн бүтээлийг симфони гэдэг.
Симфонийн нэгдүгээр анги нь хурдан хэмнэлтэй сонатын хэлбэрээр бичигдсэн байдаг бол хоёрдугаар нь анги нь удаан, гуравдугаар нь бүжгийн хэмнэлтэй, дөрөвдүгээр анги нь эхний хэсэгтэй ойролцоо утга санааг илэрхийлдэг юм байна. Түүнчлэн хөгжмийн урлагийн романтизмын үеэс эхлэн тодорхой утга санааг илэрхийлсэн хөтөлбөрт симфони бий болжээ. Дэлхийн симфонийн хөгжилд Й.Гайдн, А.Моцарт, Л.Бетховен нар үнэтэй хувь нэмэр оруулсан ба XVIII зууны Венийн сонгодог дэгийг төлөөлдөг.
Тэдний халааг Ф.Шуберт, Ф.Мендельсон, И.Брамс, А.Дворжак, А.Брукнер, Г.Малер, П.И.Чайковский, П.Хиндемит, А.Веберн нар үргэлжлүүлсэн юм. Монголд найрал хөгжим 86 жилийн тэртээ үүсчээ. Гэхдээ энэ нь үндэсний найрал хөгжим байгуулагдсан үеэс тоологддог. Харин анхны симфони найрал хөгжим ЗХУ-ын мэргэжилтэн Б.Смирновын удирдлагаар 1940-өөд оны үед бүрэлдэж, Монголын анхны уран сайхны кинонд эгшиглэсэн байдаг.
Энэ үеэс Монголд хөгжмийн урлагийн газруудыг байгуулан, төрөлжүүлж байсан юм. Төв театрыг Улсын хөгжимт драмын театр болгон өргөтгөж найрал дууны болон бүжгийн ангийг шинээр байгуулж, симфони найрал хөгжимтэй дуулж бүжиглэх болсон түүхтэй.