Батноров сум дахь "Хүлэг Боорчи андлалын өргөө" цогцолборын эх загвар болон бодит байдал
АНУ-ын “Microsoft” Хятадын “Тик ток”-ийг худалдаж авах санал тавьсан талаарх мэдээлэл түгснээр программ хангамж хөгжүүлэгч тус компанийн орлого суга өссөн талаар дэлхийн хэвлэлүүд онцолсон. Энэхүү үйл явдал улс төрийн нөхцөл болон үндэсний аюулгүй байдал, цаашлаад техник, технологийн өрсөлдөөн гээд олон хүчин зүйлтэй уг үндсээрээ холбогдох боловч 10 улирал дараалан өссөн орлогоо хамгаалах тус компанийн “тактик”, холыг харсан нүүдэл байсан гэж олон улсын судлаач, шинжээчид таамаглаж буй гэнэ. Оновчтой, цагаа олсон шийдвэр биелээгүй байхдаа ч үр ашгаа өгдгийн сонгодог жишээ энэ. Монголд үүнтэй тун төстэй үйл явдал өрнөсөн ч үр дүн нь “гамшиг” дагуулав. Эзэн Чингисийн өлгий нутагт байгуулсан “Их хуралдай орд өргөө” цогцолборын зургийг орон нутгийнхан нийгмийн сүлжээнд дэлгээд, шүүмжлэл, унтууцлын давлагаа үүсгэлээ. Цогцолбор гэхэд ичмээр өнөөх “шавар амбаар” жуулчдыг татах нь байтугай үргээж мэдэхээр юм болов. Цагаа олоогүй, төлөвлөлтгүй, хуумгай ажил эзнээ яаж “алдгийн” бэлээхэн жишээ нь энэ буюу.
Улсын их хурлын гишүүн, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнийн санаачилгаар Хэнтий аймгийн Батноров сумд “Хүлэг Боорчи андлалын өргөө” хэмээх аялал жуулчлалын байгууламж босгосон. 2.8 тэрбум төгрөгийн санхүүжилттэй энэхүү түүхэн байгууламжийн үлбэгэр загвар, хэтийдсэн төсөв өнгөрсөн хаврын тренд сэдэв болсон. “Энэхүү түүхэн байгууламж бий болсноор 400 сая жуулчин хүлээж авна” гэх гишүүний гэнэн яриа ч хүзүүг нь ороож, шүүмжлэлийн бай болгосон юм. Дараа нь тэрбээр “Энэ бол зөвхөн Хэнтий аймаг, түүнийг төлөөлж буй хэдэн гишүүнд хамаатай төсөл биш. Үндэсний аюулгүй байдал, тусгаар тогтнолтой холбоотой. Шүүмжилж, худал мэдээлэл түгээвэл Монгол Улсын түүхийн эсрэг үйлдэл хийсэн гэж үзэж, улс төрийн хатуу тэмцэл хийнэ” хэмээгээд, мөн л бангадуулсан. Энэ үеэр холбогдох байгууллагууд тус цогцолбор (төсөл санаачлагчид ийн нэрлэж буй)-ыг гүйцэд барьж, тохижуулаагүй хэмээн хаацайлсан мэдээлэл хийснээр шуугиан намжсан. Харин одоо шүүмжлэлийн буухиаг “Их хуралдай орд өргөө” үргэлжлүүлж байна.
Хэнтий аймгийн Биндэр сумд байгуулсан эл цогцолборыг 1.9 тэрбум төгрөгөөр босгосон бөгөөд гүйцэтгэгчээр “Мөнх өргөө” компани ажилласан байна. Энэхүү гэр хэлбэрийн музей, хүндэтгэлийн ордон зоорийн болон үндсэн давхраас бүрддэг бөгөөд загварыг нь хааны алтан ураг, ноёд, түшмэд хуралддаг байсан язгууртны өргөөнөөс санаа авч бүтээсэн гэнэ. Гэвч энэ нь түүхэн тайлал, бэлгэдэл, гоо зүйн хувьд ямар ч авцалдаагүй, үзэмжгүй, сүргүй болсон нь олон хүнийг гонсойлгов. Ямар сайндаа л “цементэн овоолго”, “шавар амбаар” гэх зэргээр нэрлэх вэ дээ. Жирийн иргэдээс эхлээд урлаг, соёл, шинжлэх ухааны салбарынхан үүнийг шүүмжилж, санал бодлоо илэрхийлсэн байна билээ.

Биндэр сумд барьсан "Их хуралдай орд өргөө" цогцолбор
Соёлын гавьяат зүтгэлтэн, шог зураач С.Цогтбаяр “Уг санаа, зорилго нь зөв ч төсөл хэрэгжүүлэх явцад загвар дизайн, туслан гүйцэтгэгчээ зөв сонгодоггүй, эцсийн ажилд хяналт тавьдаггүй, төсөвлөсөн мөнгөнд нь завсар дундын цавчаа ордог, сайн дурынхан зориулалтын бус материалаар оромддог зэрэг алдааны үр дүнд шавар, цементэн овоолго нэмэгдсээр. Бид шоолж, шүүмжлээд өнгөрөхөөс илүү энэ алдаа дутагдлыг хэрхэн засаж, залруулахад анхаармаар байна. Монголд юу л байна, зураач, барималч, гарын уртай хүн бий. Өвөр Монголын томоохон бүтээн байгуулалтуудын дийлэнх нь манай бүтээлчдийн ур ухаанаар бүтсэн. Энд харин эсрэгээрээ байх юм” хэмээн нүүр номдоо бичжээ. Соёл судлаач, хөгжмийн зохиолч Д.Ганпүрэв “Түүх, соёлдоо хүүхдийн шавар баримал шиг, хувийн эд хөрөнгөдөө хөлгүй баян шиг хандаж байна. Дэлхийн түүхийг бичсэн Их Монголын түүхийг ядуу сэтгэлгээгээр бүү хар. Тэнгэрийн дайдад сэтгэж чадахгүй бол дэлхийн шившиг болох хэрэг байна уу” гэсэн бол зохиолч, сэтгүүлч Б.Наминчимэд “Арай л нүнжиггүй, билиггүй, хүндэтгэлгүй, сэтгэлгүй” хэмээн дуу алдав.
Тухайн хэсгийн ажил бүрэн дуусаагүй байхад зориуд сенсац үүсгэлээ гэсэн мэдээлэл “Их хуралдай орд өргөө” цогцолбортой холбоотой шүүмжлэл гарсан даруйд өмнөхийн адил түгэв. Энэ мэдээллийн дагуу Хэнтий аймгийн БОАЖГ-ын орлогч дарга н.Нямхатантай холбогдож тодруулахад “Аль аль нь бүрэн дуусаагүй ажил. Гадна тохижилтыг нь хийгээгүй” хэмээн бухимдангуй ярив. Гэтэл тус аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар (ГХБХБГ)-ын албан ёсны сайтад “Их хуралдай орд өргөө”-ний барилгыг комисс хүлээж авсан талаар дэлгэрэнгүй мэдээлжээ.
Тэнд “Их хуралдай орд өргөө” цогцолборын гүйцэтгэгчийн зураг төсөвт тусгасан ажлыг хүлээж авах комисс ажиллан, гэрээнд заасан ажлаа бүрэн дуусгасан гэж үзлээ. Цаашид тус барилгад улсын төсвийн хөрөнгөөр нэмэлт ажлууд хийсний дараа үндсэн зориулалтын дагуу ашиглах боломжтой тул тус байгууламжийг дуусаагүй гэж үзэн төрийн өмчийн мэдэлд хариуцах боллоо. Гүйцэтгэгч нь “Мөнх өргөө”, зураг төслийн автор “Хот төлөвлөлтийн хүрээлэн”, захиалагчийн хяналтын байгууллага “Хэнтий аймгийн ГХБХБГ. Гэрээний дүн 1.9 тэрбум” гэсэн байв. Зөвхөн цогцолборын “их биеийг” босгоход хоёр тэрбум орчим төгрөг зарцуулсан, ажлаа дуусгах, тохижуулах нэрийдлээр цаашид ч төсвөөс мөнгө “хороох” нь энэ баримтаас тодорхой боллоо.
Аялал жуулчлалыг бүсчилсэн байдлаар төрөлжүүлэн хөгжүүлэхэд сүүлийн жилүүдэд Засгийн газар гойд анхаарч байгаа. Чингис хааны өлгий, түүхэн ач холбогдолтой газар нутаг гэдэг үүднээс Хэнтий аймаг энэ төлөвлөгөө, зорилтын гол цөмд нь буй. Тус бүсийг түүхэн аялал жуулчлалын төв болгох зорилгын хүрээнд томоохон цогцолбор барихаар төлөвлөсний эхнийх нь “Хүлэг Боорчи андлалын өргөө”, “Их хуралдай орд өргөө” гэх. Эдгээрийн араас хэд хэдэн цогцолбор Хэнтийд босох нь цаг хугацааны асуудал болсныг БОАЖЯ-ны Аялал жуулчлалын бодлого зохицуулалтын газрын дарга С.Баясгалан онцолжээ.
Тэрбээр саяхан хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Норовлин сумд энэ онд багтаад “Шихихутаг” цогцолбор ашиглалтад оруулна. Харин Өмнөдэлгэрт “Монголын нууц товчоо”-ны ажлыг энэ оноос эхлүүлэх төлөвлөгөөтэй. Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлээр Дадал сумд Чингис хааны тахилгын өргөөг байгуулна” гэсэн байв. Түүний ярьснаар бол хэнтийчүүд 2020-2021 онд томоохон таван цогцолборыг “өлгийдөх” нь. Гэвч Батноров, Биндэр сумд хийсэн шиг олиггүй, үлбэгэр бүтээн байгуулалт ар араасаа мэндэлсээр байвал мянганы суут хүн хэмээн дэлхийд танигдсан Чингис хааны нутаг шавар, цементэн овоолго бүхий “зэрэмдэг” дурсгалуудаар дүүрэх нь. Түүнчлэн төсвийн мөнгийг хэрхэн хайр гамгүй зарцуулж, туйлдгийн тод жишээ болно.
Буддагийн хаврын сүм (Хятад), Аварга загалмай (Испани), Бяцхан лусын дагина (Дани), “Сахилгагүй жаал” (Бельги) зэрэг жуулчин хэдэн мянгаараа зорин очдог, нүдээр хараагүй ч эчнээ танил болсон алдартай хөшөө дурсгал дэлхийд олон. Тухайн улсын түүх, соёл, бэлгэдэлтэй уялдаатай хөшөө дурсгал, цогцолбор жуулчдыг татах нэг төрлийн бүтээгдэхүүн мөн үү гэвэл мэдээж тийм. Гэвч манайх шиг нүүдэлчин ахуй, онгон дагшин байгаль, Чингис хааны өлгий нутаг хэмээх ямар ч “хачир чимэг”-гүй өгөгдлөө урдаа барьдаг орны хувьд энэ нь гадаадынхныг татах, алмайруулах оновчтой маркетинг мөн, эсэхийг бодолцох цаг иржээ. Харин нэгэнт зориглож, төлөвлөсөн бол хийсэн шиг хийж, түүх, соёлын “жинхэнэ” дурсгал бүтээх хэрэгтэй болов уу.
“Хүлэг Боорчи андлалын өргөө”, “Их хуралдай орд өргөө”-ний зөвхөн гүйцэтгэлд (тохижилт тооцохгүй) 4.7 тэрбум төгрөг зарцуулжээ. Нэг цогцолборт дунджаар 2-3 тэрбум төгрөг зарцуулдаг гэж тооцвол энэ болон ирэх жил зөвхөн Чингис хаанаар “овоглосон” 10-15 тэрбумын бүтээл босно. Тохижилт, дэд бүтцийг нь шийдэх, ажиллах хүчээр хангах зэргийг тооцоолбол тэдгээрт мөн л багагүй хөрөнгө зарцуулна. Шаардлага, хэрэгцээ нь тэргүүнд тавигдсан ч санхүүгийн бэрхшээлийн улмаас тушигдсан, царцсан зам, гүүр, барилгын ажил манайд цөөнгүй. Харин Хэнтийд төлөвлөсөн ажлууд ийн “ногоон гэрэл”-ээр урагшилж, тэгэхдээ тэрбум, тэрбумаар туйлж буйд иргэд бухимдаж, шүүмжилж байна. Төрийн өндөрлөгүүд үүнд нөлөөлсөн гэж хардах хүмүүс ч бий. Энэ ч яах вэ. Хамгийн гол нь улс орны эдийн засаг хэцүүдсэн, тэвчиж болох зардлаа бууруулах хэмнэлтийн бодлого баримталж буй өнөө цагт цогцолбор нэртэй нүд хуурсан ажил хийж, төсвөөс хумслах нь хэр зохимжтойг тус нутгаас сонгогдсон төрийн түшээд, төсөл санаачлагчид, БОАЖЯ, Хэнтий аймгийн БОАЖГ, ГХБХБГ-ынхан дор бүрнээ дүгнэж, эргэж харах биз ээ.