Үндэсний архивын газарт таван ханатай гэрийн буурийн дайтай ургийн бичиг хадгалагдаж буй. Тийм том хэмжээний ургийн бичиг Монголд хоёрхон байдгийн нэг нь Сэцэн хан Шолойнх аж. Түүний 11 хөвгүүний үр хүүхэд, ач, гуч нийлсэн 12 үеийн 13.000 эрэгтэйн нэр дээрх угийн бичигт тэмдэглээстэй байгаа бөгөөд 1577 оноос 1905 он хүртэл бичигдсэн бололтой. Учир нь дээрх оноос хойш уг ургийн бичгийг хөтлөөгүй байна.
Шолойнхны ургийн бичгийг 25 метр урт цагаан шувуун даавуун дээр, хятад хар бэхээр бичжээ. Энэ нь таван ханатай гэрийн буурийн дайтай том харагдаж байлаа. 1920-иод оны дунд үеэс орон нутагт архивын материал цуглуулж байхад энэхүү угийн бичиг олдсон аж. Сэцэн хан Шолойн ургийн бичиг зарим талдаа цоорч, бичиг нь танигдахгүй болсныг Үндэсний архивын газрынхан сэргээн засварлах, хуулж бичих санаачилга гаргажээ.
СЭЦЭН ХАН ШОЛОЙ ГЭЖ ХЭН БЭ
Гэрсэнз Жалайр хунтайжийн удам Аминдуралын ач Шолой нь 1577 онд төрсөн бөгөөд 1620 онд Далай ламаас “Махасамади Сэцэн хан” цол хүртжээ. 1627 онд эцгийн орыг залгаж, Сэцэн ханы хошууг захирсан тэрбээр Мацгир, Цэвдэн, Чивури, Лавурид, Баву, Чосгив, Бумба, Сардаш, Далай жонон, Бадамдаш, Буджав гэсэн 11 хөвүүнтэй байж.
Халхын гурван аймгийн Сэцэн ханы захирагч байсан Шолой хан 1646 онд манжуудтай дайтаж, тэднийг буулт хийхэд хүргэж байсан хэмээн түүхийн хуудаснаа тэмдэглэсэн байна. Тэрбээр 1652 онд насан эцэслэж, түүний орыг тавдугаар хөвүүн Баву нь залгамжилжээ.
Ж.ТЭГШЖАРГАЛ