Бур бур салхитай Бумбын орны эзэн Жангар зуу, зуу наславч үргэлжийн мөнхөд хорин тавт хэвээрээ. Монголын уран зохиолчын гурван оргил болох “Монголын нууц товчоо”, “Гэсэр”, “Жангар”-ын судлал монголоос хальж тив, дэлхийн оюуны санд ороод удсан ч өнөө хэр судлаачдын хувьд дээрх бүтээлүүд цэл залуугаараа байх бололтой.
Өчигдөр түүх соёл, хэл бичиг судлалын “Тод номын гэрэл” төв, ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнтэй хамтран Ээлэйн Овлаан арван бүлэг Жангарыг хэвлэсний 100 жилийн ойг тэмдэглэн олон улсын эрдэм шинжилгээний хурал хийв. Одоогоос 100 жилийн тэртэй Номтын Очир Халимагийн Бага дөрвөд аймгийн Жангарч Ээлэйн Овлаагаар 10 бүлэг Жангарыг хэлүүлснээ өөрийн багш нэрт Монгол судлаач В.Л.Котвичид танилцуулжээ.
Их эрдэмтэн ийм арвин тансаг бүтээлийг үнэхээр нэг хүн хайллаа гэж үү хэмээн итгэж явахдаа өөрийн биеэр халимагт очиж Ээлэйн Овлааг дахин хайлуулж Н.Очировын тэмдэглэлийг тулган үзэхэд нэг ч үг үсэг зөрөөгүй гэдэг. Тийм учраас их эрдэмтэн В.Л.Котвич 1910 онд СанктПетербургэд эргэн ирмэгцээ 10 бүлэг Жангарыг тод үсгээр хэвлүүлжээ. Түүнээс хойш Жангарыг дэлхийн олон улсад хэвлэсэн юм.
Олон улсын эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулагч На.Сүхбаатар: -Бид монголын уран зохиолын гурван оргилын тухай их ярьдаг хэрнээ Жангар судлалын талаар төдийлэн ахиц гаргаагүй байна. Энэ удаа бид анхны эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулж байгаа нь нутагтаа Жангар судлалыг эрчимжүүлж залуу судлаачдыг бэлдэхэд чиглэлээ гэв. Эрдэм шинжилгээний хуралд МУИС, БНХАУ-ын ӨМИС, Шинжааны Үрэмчийн багшын их сургуулийн эрдэмтэд илтгэл тавилаа.
Тэдний тавьсан илтгэлийг сонсоход Жангарын туулийг монголчууд зуун зууныг дамжин хайлж ирсэн ч судлагдахууны хувьд өнөө хэр мөнхийн залуугаараа байгаа нь тодорхой байв. Хуралд тавьсан илтгэлийн захаас дурьдахад доктор С.Дулам “Жангар туулийн зөн билгийн мэдлэг, уран сэтгэмж, бодот үнэн” гэсэн илтгэл тавив. Тэрбээр илтгэлдээ монголчууд ямар их алсыг харсан зөнч ард түмэн болохоо Жангараар дамжуулан гаргасан тухай сонирхолтой асуудлыг дэвшүүлэв.
Түүнчлэн “Жангар дахь дом шившлэг” илтгэлийг доктор Г.Нандинбилэг тавьсан. Эрдэм шинжилгээний хуралд уригдан ирсэн гадаадын Жангар судлаачид зарим талаар манайхнаас илүүтэйгээр Жангарыг судалсан нь тодорхой байв. Мөн энэ үеэр Монголын Жангар судлаач эрдэмтдийн таван боть бүтээлийг уншигчдын хүртээл болгохоор хэвлэснээ дэлгэв.
Б.НАЦАГ