Нүүдэлчдийн аж амьдралын өвөрмөц онцлогийг илтгэсэн урлагийн нэг төрөл бол магтаал юм. Урлагийн энэ төрөл ерөөлөөс үүдэлтэй бөгөөд монголчуудын аж амьдрал, зан үйл, шашин шүтлэг, зугаа цэнгэл зэрэг олон талт амьдралыг тусгадаг. “Гавьяат үйл, ололт амжилтыг магтан сайшааж, баярлан бахадсан сэтгэлийг илэрхийлэн баяр ёслолын үеэр уянгалан дууддаг тусгай зан үйл бүхий уламжлалт яруу найргийн төрлийг магтаал гэнэ” хэмээн урлаг судлаачид тодорхойлсон байдаг.
Ерөөлөөс үүсэн бий болсон тул дүрслэн шүлэглэх маяг, зан үйлийн холбогдол, үг хэллэгийн байдал, аялгуулан дуудах зэрэг олон талаараа төстэй боловч “болтугай” хэмээн төгсдөггүйгээр ялгардаг. Магтаалыг агуулгынх нь хувьд зугаа цэнгэлийн, аж амьдралын, зан үйлийн, шашин шүтлэгийн, мал амьтны хэмээн тав ангилдаг. Зугаа цэнгэлийнхээс бусад төрлийн магтаал нь товчхон, хадаг сүү өргөх гэх мэт зан үйлтэй хавсардаг бөгөөд он цаг улирах явцад дуу болон хувирсан нь цөөнгүй байдаг.
Эртний монголчууд эгшиг авиаг аялгуулан өргөл, залбирал өргөдөг байсан энэ нь тэнгэр шүтлэгийн дуудлагын аялгуунаас үүсэлтэй хэмээн эрдэмтэд үздэг. Жишээлбэл “Баатарлаг туулийн Алтайн магтаал”-д Өө өө ээ ээ Таван их талтай Таван их сэрүүнтэй Алтайн цастын цагаан уул нь Суу биедээ суунаглаад Суунаг татан сүнхийгээд Солонго үүсгэн цэнхэртээд Байдаг түүхтэй билээ… хэмээн аялгуулан дууддаг.