“Чингисийн алтан гэрэгэ” нийгэмлэгийн “Авьяаслаг хүүхдүүд” өргөмжлөлт “Монгол эгшиглэн” хамтлагийнхан хоёр дахь тоглолтоо толилуулах гэж байна. Чингэлтэй дүүргийн 19 дүгээр цэцэрлэгийн багш С.Дэлгэрцэцэг санаачлан авьяаслаг зургаан хүүхдийн бүрэлдэхүүнтэй “Монгол эгшиглэн” хамтлаг байгуулж, 2009 онд ардын дууны “Монгол ардын дуугаа өвлөн дуулцгаая” цомог гаргасан нь урлагийн ертөнцөд анхдагч болсон юм.
Энэ сарын 25-нд Монгол бөхийн өргөөнд хийх тоглолтоо бяцхан дуучид “Бид монгол хүүхдүүд” хэмээн нэрлэсэн бөгөөд “Бид Монголдоо хайртай”, “Боодогтой сэвгэр”, “Чингисийн Монголд урьж байна” зэрэг эх оронч үзлийг сурталчилсан дуунуудаараа үзэгчдийн сонорыг мялаах аж.
О.УНДАРМАА