Шинэ юм гэдэг нь сайтар мартагдсан хуучин зүйл байдаг гэв үү? Энэ үг үнэн бололтой. Саяхан ДБЭТ-ын тайзнаа амилж, үзэгчдийн хүртээл болсон “Аида” дуурийг саная.
Эртний Этиоп, Египетийн дайн тулаан, залуусын хайр дурлалын тухай өгүүлэх энэ дуурийн жүжигчдийн хувцаслалтыг хараад өнгөрсөн зун моодонд ороод байсан урт хормойтой даашинзтай адил болохыг нь танив.
Бас углааш нь ч гэсэн зуны халуун өдрүүдэд хань болдог “анд” минь байв. Тэгэхээр Пирамидыг сүндэрлүүлсэн эртний гүрний ард түмний хувцасны загвар энэ зуунд ч моодонд орж байгаа аж. Энэ бүхнийг урьдчилан мэдсэн ДБЭТ-ын уран бүтээлчид зургадугаар сарын 4-нд тоглох “Аида” дуурийг үзэх зочдод өвөрмөц хувцаслалтын код заажээ.
Урин цаг ирсэн болохоор тоглолт үзэх бүсгүйчүүд эртний хийцтэй энгийн даашинз, углаашаар гоёж театрт зочлохыг урьж буй юм.
Театрын тайз Этиоп, Египетэд очсон мэт сэтгэгдэл төрүүлэхээр өөрчлөгдсөн байх учраас та ч бас өөрийгөө Аида болгон хувиргаад аялж болох юм.