ОХУ-ын нийслэл Москвагийн цагдаагийн газрын ажилтнууд энэ сарын 17-нд Николай Шадрин гэгчийг баривчилжээ.
Тус хотод сүүлийн нэг сарын турш нохойд хэмлүүлсэн гэмээр хүний цогцос хэд хэдэн удаа олдсон байна. Хогийн цэг, цэцэрлэгт хүрээлэн, бохир усны сувгаас цогцос нь олдсон хүмүүсийн дийлэнх нь өнгөрсөн сарын дундуур сураггүй болсон байжээ.
Энэ сарын 17-нд Илья Егоров гэдэг хүний цогцос олдсон бөгөөд талийгаач сураггүй болохоосоо өмнө Николай Шадрин гэдэг хүнтэй уулзсаныг цагдаа нар тогтоожээ. Өмнө нь сэтгэл мэдрэлийн эмнэлэгт эмчлүүлж байсан Николай Шадрины гэрээс цустай сүх, хайч, хутга зэргийг олсон аж. Түүнчлэн түүний хөргөгчинд хүний элэг байсан бөгөөд хайруулын тавганд байсан шарсан мах ч хүнийх болохыг шинжилгээгээр тогтоосон байна.
Москвагийн Прокурорын газрын ажилтнуудын мэдэгдсэнээр Николай Шадрин хэд хэдэн хүнийг алж, махыг нь идэж байснаа мөрдөн байцаалтын явцад хүлээн зөвшөөрчээ. Гэмт хэрэгтний ээж Викториягийн ярьснаар Николай Шадрины эцэг сэтгэцийн эмгэгтэй, галзуугийн эмнэлэгт удаа дараа хэвтэн эмчлүүлж байжээ.
Хорин настайгаасаа сэтгэл мэдрэлийн эмнэлэгт хэвтэж байсан Николай Шадрин 2005 онд эмнэлгээс гарсан байна.
Х.Одон