“Боролдой” студи “Жи” энтертайнмент хамтран дэлхийн сонгодог хүүхдийн жүжиг “Пинокиогийн адал явдал”-ыг ирэх сарын 1-нд “Black box” театрын тайзнаа амилуулахаар болжээ. Хүний хөгжлийн жил болон Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан хүүхдэд зориулсан уран бүтээл хийх санаачилгыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Г.Мөнхбаяр гаргажээ.
“Боролдой” студийн захирал С.Мягмар энэ тухай “Улаанбаатар хотын соёл гэгээрлийн томоохон төв, соёл урлагийн лаборатори болохын хувьд “Black Box” театр хүүхдүүдэд зориулсан олон бүтээлийг тавихаар төлөвлөж байгаа” хэмээсэн. Дашрамд дуулгахад, Засгийн газрын 2008 оны 280 дугаар тогтоолын дагуу Монголын үндэсний уламжлал, түүх, соёл, ёс заншлыг урлаг, уран сайхны өндөр төвшинд харуулсан, мөн хүүхдийн сонирхол, танин мэдэхүйн сэтгэлгээг хөгжүүлэхэд чиглэсэн шинжлэх ухаан, технологийн ололтыг ойлгомжтой байдлаар харуулсан уран бүтээл туурвихад мэргэжлийн урлагийн байгууллага, уран бүтээлчдэд санхүүгийн дэмжлэгийг соёл урлагийг дэмжих сангаар дамжуулан олгоно хэмээн заасан байдаг.
2011 онд шинээр тавих хүүхдийн жүжгүүдийг шалгаруулсан ч Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрөөс өмнө тоглоно гэсэн тов гараагүй л байна.
С.СЭРГЭЛЭН