Дуу бүжгийн “Эрдэнэт” чуулгын уран бүтээлчид “Ану хатан” хөгжимт жүжгээ “ачаалаад” нийслэл рүү айсуй гэнэ. Хүннү гүрэн байгуулагдсаны 2220, Үндэсний хувьсгалын 100, Ардын хувьсгалын 90, Эрдэнэт хот байгуулагдсаны 35 жилийн ойг тохиолдуулан Орхон аймгийнхан “Эрдэнэтийн өдрүүд” үйл ажиллагааг Улаанбаатар хотноо энэ сарын 25-28-нд зохион байгуулахаар болжээ.
150 орчим уран бүтээлч оролцох Эрдэнэтийн соёл урлагийн өдрүүдийн талаар өнөөдөр Монцамэ агентлаг дээр хэвлэлийн бага хурал хийж, маргааш “Эрдэнэтийн хөгжлийн өнөө ба ирээдүй” сэдэвт онол практикийн бага хурлаар үргэлжлүүлэх аж. Соёлын өдрүүдийн хүрээнд нөгөөдөр дуу бүжгийн “Эрдэнэт” чуулгынхан УДЭТ-т нээлтийн тоглолт хийх бол 27-нд ДБЭТ-т “Ану хатан” хөгжимт жүжиг тоглоно. Мөн тус аймгийн хүүхэлдэйн театрын уран бүтээлчид энэ сарын 28-нд УДЭТ-ын тайзнаа “Огторгуйг эзэмдэгч сөөсгөр”-ийг амилуулах аж.
“Эрдэнэтийн өдрүүд”-ийн хүрээнд тус аймагт үйлдвэрлэдэг бүтээгдэхүүний яармаг худалдаа Улаанбаатар бизнес хөгжлийн төвийн үзэсгэлэнгийн танхимд болох юм билээ. Мөн тус аймгийн номын сан болон музейн ховор нандин үзмэрийг энэ сарын 25-28-нд УДЭТ-т дэлгэх аж. “Эрдэнэтийн өдрүүд” энэ сарын 28-нд Монгол бөхийн өргөөнд болох 128 бөхийн барилдаанаар өндөрлөнө.
Ж.СОЛОНГО