Эверестийн оргил дээр баруун гараа, Сибирийн тайга дээр зүүн гараа тавьж, Монголын газар нутаг дээр дээш харан хэвтэж буй энэ жаал Оттава хотын дунд сургуулийнх. Өнгөрөгч долоо хоногт тус сургуулийн сурагчдад Азийн байгаль, цаг уур, газрын гадаргын онцлогийн тухай хичээлийг аварга газрын зураг ашиглан заажээ. Яг л газрын гадарга шиг хотгор гүдгэр, уулс нь атираатан тэмтрэгдэх эл аварга зураг 62.6 кг жинтэй, 7.9 м өргөн, 10.6 м урт гэнэ.
“National Geographic” сэтгүүлээс эрхлэн гаргасан эл зургийг найман багш дамжлан зөөж байсан бөгөөд газрын гадаргыг дуурайлган хийсэн зургуудаас хамгийн том нь хэмээн шинжээчид үзэж байна. Гайхамшигтай газрын зургийн тусламжтай олон зүйл таньж мэдсэн тухайгаа тус сургуулийн тавдугаар ангийн сурагч Оуэн Липинский “Аварга газрын зургаас би олон мэдэхгүй зүйлсээ сурсан. Зарим нэг хотын байршил, нэрийг мэддэг болсон” гэсэн бол ангийнх нь хөвгүүн Кайл Вуслер “Би Ази тивийг ийм том гэж бодоогүй” гэжээ.
“National Geographic” сэтгүүлийн төлөөлөгчдийн мэдээлж буйгаар тэд “Аварга том газрын зураг” хөтөлбөр хэрэгжүүлэх гэж байгаа бөгөөд хөтөлбөрийн хамгийн эхний аварга газрын зургийг Оттава хотын шашны дунд сургуульд бэлэглэсэн аж. Тэдний тооцоолж байгаагаар жилд дунджаар 300 мянган сурагч тус газрын зургийг хэрэглэх гэнэ.
У.ТЭНҮҮН