Лхагва гаригийн үдэш “Улаанбаатар палас”-ын концертийн их танхим “Харанга”-ын Лхагваагийн дуун түрлэгт хотолзож өнгөрлөө. Аливаа тоглолтын талаар мэдээллийн бүх хэрэгслээр доод тал нь 10 хоногийн өмнөөс рекламддаг бол Лхагваад тэгэх шаардлага байсангүй.
“New star”-ынхан хоёрхон хоногийн өмнө тоглолт болох тухай мэдээлэл тараасан ч тоглолт болох өдрийн 14.00 цагийн үед “Улаанбаатар палас”-ын концертийн их танхимын гурван мянган үзэгчийн суудал эзнээ олж, тасалбар сурагласан хүн цөөнгүй байв.
“Харанга”-ын Лхагваагийн цомгуудын нэгдсэн амьд тоглолт”-ын хөшиг нээгдэхэд “Булсара”, “А-sounds” хамтлагийнхан ая дуугаа өргөж, Лхагваа ахдаа амжилт хүсэв. Үзэгчдийн хүсэн хүлээсэн мөч ирлээ. Дугуй хар шил, буржгар үс, урт савхин хүрэм, цагариган ээмэг, долоон өнгийн хадаг бүхий микрофон бүгдэд танил.
Лхагваагийн имиж тэр. Энэ удаа Лхагваа хар хүрмээ цагаанаар сольж, цэнхэр өнгийн монгол цамц өмсчээ. Халуун алга ташилтаар түүнийг угтсан фэнүүд нь тоглолт эхэлсэн мөчөөс л түүнтэй хамт дуулж, бүжиглэсээр гурван цагийг өнгөрөөв. Лхагваагийн амьдрал дардан, шулуун байгаагүйг хөтлөгч, “Шар айраг” хамтлагийн ахлагч Г.Ганхүү хэллээ.
“Аав”-ын хаалгыг татсан удаатай ч тэрбээр урлагийн ажлаа орхиогүй юм. Тоосгоны үйлдвэрт хэсэгхэн хугацаанд ажил хийж байхдаа Лхагваа “Брийск” буюу “Тоосго” хамтлаг байгуулсныг хүмүүс санаж байгаа. Энэ дашрамд бяцхан дурсамж сөхье. Сар шинийн баярын өмнөхөн манай сонин “Уншигч-сурвалжлагч” булан шинээр нээж, анхны зочноор Лхагваа ахыг урьж, бид 99 настай Ундаа гуайтай уулзахаар боллоо.
Лхагваа ах “Манай хүн ирнэ, жаахан хүлээх үү” гэлээ. Хүлээж байх зуураа ирэх хүний тухай ярилцаад амжлаа, бид. Бидний хүлээж байгаа залуу хэцүү нэртэд Лхагваа ахтай хамт байсан аж. Арав гаруй жил ял эдэлсэн Аагий хэмээх тэр залуу сайхан дуулдаг нэгэн. “Хүмүүжилтэй залуу.
Хү - мүүжилгүй хүн хүнд муу зүйл хийгээд яаж зугтахаа хэнээс ч илүү мэддэг юм билээ. Харин хүмүүжилтэй хүн алдаж эндэх нь илүү гэдгийг ах нь мэдэрсэн” хэмээн ярилцах зуур Аагий ирэв. Гуч гаруй насны залуу машинаас яаруухан бууж ирээд, Лхагваа ахын үүргэвчийг үүрсээр бидэнтэй хамт явсан юм. Шинэ танил Аагийд анхны бие даасан тоглолтын тайзнаа гарах эрхийг Лхагваа ах олгожээ.
Хэдэн сарын өмнө уулзахад туранхай, халимаг үстэй байсан тэрбээр махалж, мөрөө давсан үстэй болж, хар шил зүүжээ. Гурван мянган үзэгчийн өмнө, Лхагваагийн тайзан дээр гарна гэдэг түүний хувьд сүрдэм байгаа нь илт, өвдөг нь яльгүй чичирч, сандарч тэвдсэн харагдана. Лхагваа ах түүний мөрөн дээр ганц сайн алгадаж өгснөөр цочроо нь бага зэрэг арилав бололтой, эхний дуугаа дуулчихлаа.
Ялихгүй өнгө алдаж эхэлснийг эс тооцвол анхны дуу дажгүй. Танхим дүүрэн үзэгчид амьдралдаа алдаж, онож яваа нэгнийг ирээдүй өөд хөтлөх гэсэн Лхагваагийн сэтгэлийг ойлгож, харамгүй алга ташилтаар мялаалаа. Урам авсан тэрбээр “Чамдаа мөдхөн очно” дуугаа дуулж, дахин итгэл, бахархлын урмаар хөглөгдөв. Тоглолтын өмнөх өдөр анхны үрийнхээ зулайг үнэрлэж, удам залгах хүүтэй болсон Аагий ийнхүү бас нэгэн баяр жаргалыг амсав. Дуу хууранд умбасан “Улаанбаатар палас”-ын концертийн их танхимд суусан үзэгчид “Толин хул”, “Сар шиг хол нутаг”, “Зүүд” гээд өөрсдийн сонсох дуртай дуугаа дуучнаас нэхэх аж.
“Дуртай дууг чинь больё гэтэл чинь дуулна. Харж л байгаарай” гэж Лхагваа хэлээд “...Аугаа түүхтэй нутгаа би Алсын газраас
санаж л сууна Ард үлдсэн амьдралаа би Амин зүрхэндээ тээж явна...” хэмээн уянгалуулахад гурван мянган үзэгч зэрэг дуулж, их танхим тэр чигээрээ даган шуранхайлах шиг болов.
Тоглолтод оролцож буй бусад хамтлагийн уран бүтээлчдэд амрах эрх олгоод тайзан дээр Лхагваа, гитарчин Өөжгий нар үлдлээ. Үзэгчдийн дунд ээжийгээ байгааг Лхагваа тэр үед зарлалаа. Хөтлөгч “Монголын ард түмэнд сайхан дуучин төрүүлж өгсөн танд талархал илэрхийлье” гэхэд үзэгчид ээжид нь алга ташилтаар баярласан сэтгэлээ илэрхийлэв.
“...Мөнхийн ус байдаг бол Хаанаас ч гэсэн олох юмсан Миний ээж настай хүн Хайртай ээждээ өгөх юмсан...” хэмээн дуулахад ээж нь нулимс дуслуулан сууж харагдана. Дараа нь дуучин маань “Нар, сар адил хоёр эрхэм хүн бидэнд байдаг. Тиймээс аавдаа зориулж дуулах ёстой” гээд “...Миний аав адуучин хүн Миний аав дуучин хүн...” хэмээн дууллаа. “Хурд”-ынхны анхны рок дуу “Чоно”-ыг Лхагваа зохиож өгсөн юм билээ.
Тэд ая дуугаа өргөж, амжилт хүссэний дараа Лхагваагийн хоёр дахь гэр болсон “Харанга”-ынхан тайзнаа гарч ирлээ. “Соёмбо” гэдэг хамтлаг анх байгуулагдаж байхад Лхагваа очиж шалгуулжээ. Гэтэл шалгасан багш нь “Чи тэнцэхгүй юм байна” гээд явуулж байсан түүхийг хөтлөгч Г.Ганхүү дурслаа.
Анхны шалгуурт бү - дэрсэн Лхагвааг дуучин болно гэдгийг нь олж хараад “Харанга”- ын босго давуулсан Чука ахад үзэгчид талархал илэрхийллээ. Хоёр морин хуурч тайзан дээр гарч ирэхэд “Толин хул” эгшиглэхийг аль эрт мэдэрсэн үзэгчид концертийн их танхимыг өргөх шахлаа. “...Аварга хээрийн хөлсөнд дэнж мялаасан наадам Ар халхынхаа дэвжээг авьяасаар цалгиасан Лхагваа...” гэж үзэгчид дуулж байв.
Толин хул” дууссан ч үзэгчдийн алга ташилт тасралтгүй үргэлжилсээр. Нэг л мэдэхэд хөшиг хаах мөч болж, гурван цаг өнгөрчээ. Үзэгчдийн дундуур зүтгэсээр Х.Лхагвасүрэнгийн ээж Д. Дашцэрэн гуайтай хэдэн үг солиод амжлаа. “Би үнэхээр их баярлаж байна.
Миний хүүг ард түмэн хүндэлж, хайрлаж байгааг харах маш сайхан байна. Аав минь сайхан дуулдаг хүн байсан юм. Миний хүү дуурайж дээ” гэв. “...Нарыг хайрла, хүүхдийг ч бас хайрла, амьтай бүхнийг хайрла...” хэмээн дуулсаар Лхагваа тоглолтоо өндөрлөлөө.
Х.Оюунсүрэн