Төрийн соёрхолт зураач Ш.Чимэддорж бэхэн зургийн бие даасан үзэсгэлэнгээ Занаду арт галерейд дэлгэлээ. Англи, Америк, Герман, Франц, ОХУ, Япон, БНСУ, Голланд, Бельги зэрэг оронд дэлгэж байсан 30 гаруй бүтээл уг үзэсгэлэнд багтжээ. Тэрбээр эх орондоо болон гадаадын уран зураг сонирхогчдод бие даасан үзэсгэлэнгээ 20 гаруй удаа толилуулсан бөгөөд энэ удаа усан будаг, бэхээр бүтээсэн зургуудаа дэлгэснээрээ онцлог.
Зураач “Сэтгэлийн хөдлөл, түр зуурын догдлолыг буулгахад усан будаг, бэх тохиромжтой. Арилгаж, засахгү й шууд хийдэг болохоор энэ нь хүнээс ур чадвар шаарддаг. Усан будгийн өнгийг тунгалаг гаргаж, санаагаа хүссэнээрээ буулгана гэдэг амаргүй” хэмээсэн. Төрийн шагналт зураачид хоромхон зуурын сэтгэл хөдлөл бэлэглэсэн “Дэгжин”, “Шүхэртэй” бүсгүйчүүдийг сонжиж, бэхэн зургаар шүлгийг хэрхэн дүрсэлснийг үзэх боломж ирэх сарын 2 хүртэл бий.
А.АМИНА