Бүжигчин Лаурел Скагс нэг л өдөр Гиннесийн амжилтын номд бичүүлнэ гэдгээ тааварлаж байсан ч хэрхэн дэлхийн дээд амжилт тогтоох аргаа олохгүй нэлээд хугацаа өнгөрүүлжээ. Өдгөө 25 настай Орландо хотын бүжигчин бүсгүй өнгөрөгч ням гаригт 245 бүжигчнийг өлмий дээр нь зогсоон санасандаа хүрсэн байна.
“Оранж” нэртэй орон нутгийн хурлын төвд хатагтай Скагс 244 бүжигчний хамт балетийн үндсэн зогсолтоор хэсэг хугацаанд зогссоныг Гиннесийн шинжээчид “Хэдийгээр хоёр хөл дээрээ зогсдог ч бүжгийн энэ техник багагүй тэнцвэр, тэвчээр шаарддаг” хэмээн онцолсон байна.
Дашрамд дурдахад, өнгөрөгч онд Нью-Йорк хотын төв цэцэрлэгт 230 бүжигчин өлмий дээрээ ийн зогсож дээд амжилт тогтоож байсан аж.
У.ТЭНҮҮН