Төрийн хошой шагналт, ардын жүжигчин хөгжмийн зохиолч Н.Жанцанноров гуайн уран бүтээлийн тайлан тоглолт болох гэж буй талаарх мэдээлэл чих дэлслээ. Сүүлийн тав, зургаан бүтээлүүдээ үзэгчдээр дэнслүүлээгүй түүнийг үгүйлэх хүн олон тул тоглолтынх нь талаар тодруулахаар утас цохилоо.
-Сайн байна уу, “Утасны анд” байна. Таныг уран бүтээлийн тайлан тоглолт хийх гэж байгаа тухай сонслоо.
-Тийм ээ. Энэ сарын 28-нд “Дорнодын цэнхэр аялгуу” тоглолтоо Улсын филармонид хийх гэж байна. Гэхдээ тоглолтынхоо тасалбарыг борлуулахг үй.
-Яагаад тэр вэ. Тоглолт хийлгүй удсан болохоор тоглолтыг тань тэсэн ядан хүлээсэн хүн цөөнгүй байгаа нь лавтай.
-Өнгөрсөн жил Дорнод аймгийнхан намайг нутагтаа урьсан юм. Тэндээс хэд хэ дэн уран бүтээлийн санаа төрж, Дорнодын сэдэвтэй хөгжмийн бүтээл болон дууны ая зохиосон. Бүтээлүүдийг минь нутгийн зөвлөлийнхөн болон Дорнодоос сонгогдсон УИХын гишүүдэд сонсгохоор тус аймгийн харилцаа хол боо сүлжээний компани санхүүжүүлэн, тасалбаргүй тоглолт зохион байгуулж байгаа нь энэ.
-Тусгай тоглолт учир өмнөх тоглолтуудаас нэлээд онцлогтой болох нь ээ?
-Дорнодын сэдэвтэй шинэ уран бүтээлүүдийн минь анхны сонсогчид тус тоглолтын үзэгчид байх юм. “Их талын уудмыг ээ”, “Түмэн зээрийн хурдныг ээ” “Их Бурхантын өршөөлийг ээ” “Талын морьтны жавхааг ээ” гэсэн дөрвөн ангитай цомнол, Г.Жамъян хуурчийн дурсгалд зориулсан хөгжмийн бүтээл болон зургаан шинэ дуугаа толилуулна. Хэрэв судлаач, хөгжмийн зохиолчид үнэлбэл намраас энэ тоглолтоо нийтэд зориулан тасалбартай хийх байх.
-Судлаач, хөгжмийн зохиолчдоор үнэлүүлэхийн тулд дахин тоглоно гэсэн үг үү?
-Үгүй ээ. 28-нд болох тоглолтдоо л урих бодолтой байна. Хэрэв мэргэжлийнхэн үнэлэхгүй бол намар тоглолт зохион байгуулахгүй ээ. Ер нь миний бүтээлээ сонсогчдод хүргэх арга барил бусдаас их өөр. Зөвхөн мэргэжлийнхэн хүлээн зөвшөөрсөн бүтээлийг л сонсогчдод хүргэх учиртай. Тэгж байж баталгаатай, ча нартай уран бүтээлийг сонсогчдын хэрэгцээнд нийлүүлж байна гэсэн үг.
-Тоглолтод ямар уран бүтээлчид оролцох вэ?
-“Voice” хамтлагийн дуучин Д.Отгонжаргал, “Сүлд” чуулгын Г.Ариунбаатар, дуучин Э.Төрмандах гэсэн залуу дуучид болон “Морин хуурын чуулга”-ынхан оролцоно.
О.УНДАРМАА