Дуучин Д.Болд зургадугаар сарын 4-нд Төрийн ордонд тоглолт хийхээр болжээ. Монгол поп урсгалыг үндэслэн энэ төрлөөр уран бүтээлээ туурвиж, язгуур урлагийг олон нийтэд сурталчлахыг зорьж байгаа учраас тоглолтынхоо өмнө цагаан эсгийний ёслол хийх гэнэ. Төрийн ордонд болох тоглолтод ҮДБЭЧын бүжигчид, Морин хуурын чуулга, Улсын филармонийн симфони найрал хөгжим, “Шуранхай”, “Гурван охин” хамтлагийн уран бүтээлчид оролцоно.
Тоглолтын урилгаа 800 орчим хүнд түгээсэн бөгөөд тэдний дунд онц сурлагатан оюутан, сурагчид багтжээ. Д.Болд Төрийн ордонд тоглолт хийх болсон тухайгаа “Дэлхийд гайхагддаг үндэсний урлагаа дээдлэн хүндэтгэж, хойч үедээ өвлүүлэн үлдээх зорилгоор Төрийн ордонд тоглолт хийх болсон. Монгол үндэстний язгуур урлаг дэлхийн хаана ч байхгүй учраас хэзээд төрийн хэмжээнд дээдлэн хүндэтгэх учиртай” гэсэн юм.
Түүний тоглолтын найруулга, тайз заслыг “On and Off” продакшн хариуцан ажиллаж буй. Дашрамд дуулгахад, тун удахгүй монгол поп урсгалын үргэлжлэл болох хоёр дахь цомог гарна. Тиймээс дуучин Д.Болд наймдугаар сард “Амьдралын гол дүр”, “Only one”, “Монгол поп” зэрэг цомгийг нэгтгэсэн бүрэн хэмжээний тоглолт хийхээр төлөвлөжээ.
Ж.СЭЛЭНГЭ