“Пол Маккартни Монголд ирэх нь” гэсэн мэдээлэл хөгжим сонирхогчдын дунд тархаад буй. Энэ талаар тодруулахаар “Пентатоник” академийн тэргүүн, хөгжмийн зохиолч Б.Долгионтой холбогдлоо.
-Пол Маккартни Монголд ирэх гэж байгаа талаар таныг ам алдсан гэх юм. Энэ үнэн үү?
-Энэ талаар хүмүүс ташаа ойлгоод байх шиг. Пол Маккартни хуримаа хийхээр төлөвлөж байгаа тул энэ ондоо ирж амжихгүй гэсэн.
-Тэгэхээр ямар ч байсан урилга илгээсэн байх нь ээ?
-Тийм ээ.
-Монголд ирэхийг урьсанд хэр нааштай хандсан бэ?
-Монголд ирэх саналыг тун их сонирхож байгаа. Энэ асуудалд их идэвхтэй хандаж байгаа шүү. “Пол Маккартни Монголд ирэх саналыг багагүй сонирхсон” гэж хэлснийг минь зарим хүн Монголд ирэх гэж байгаа гэж ташаа ойлгосон юм болов уу. Домогт “Цохнууд”-ын алдартай дууг монгол хэлнээ хөрвүүлэн дуулсан “Tribute to the Beatles” цомог энэ сарын 15-нд худалдаанд гарсан.
Тус хамтлагийн “Here Comes the Sun”, “Girl”, “You can't Do That”, “Yesterday”, “The Long and Winding Road”, “Across the Universe”, “While My Guitar Gently Weeps” зэрэг дууг “Харанга” хамтлагийн дуучин Ц.Чулуунбат болон дуучин Б.Дашдондог, Ж.Буянаа, Э.Оюундарь, Т.Солонго, “Лемонс”, “A-Sound” хамтлагийнхан дуулжээ. Уг цомгийн нээлт энэ сарын 21-нд “Apple” зоогийн газарт болсон бөгөөд энэ үеэр “Пентатоник” академийн тэргүүн Б.Долгион “Битлз” хамтлагийн гишүүнийг Монголд урьсан талаараа сонирхуулсан аж.
О.УНДАРМАА