БЛИЦ:
Төрсөн он, газар : 1972 он, Улаанбаатар хот
Төгссөн сургууль: 1998 онд СУИС
Гол дүрүүд: Ч.Ойдов “Далан худалч”- Пагма, А.П.Чехов “Цахлай” – Заречная, Ф.Шиллер “Хар санаа хайр сэтгэл”-Луйза, С.Жаргалсайхан “Шөнө дундын бүжиг”-Шубира, Ц.Балдорж “Шөнө амталсан нулимс”-Чимгээ, К.Манье “Нүцгэн дурлал”–Мари, А.Себастяън “Нэргүй од”–Мона, В.Гюго “Парисын дарь эхийн сүм”- Эсмеральдо
Хайртай шагнал: Нэрт найруулагч Г.Доржсамбуу агсны нэрэмжит шилдэг дүрийн шагналыг А.П.Чеховын “Цахлай” жүжгийн Нина Зареячная, Ч.Ойдовын “Далан худалч” жүжгийн Пагмын дүрээр хоёр удаа хүртсэн.
Мөрөөдлийн дүр: Тэрбээр өнгөрсөн жил нэгэн ярилцлагадаа В.Гюгогийн “Парисын дарь эхийн сүм” жүжгийн Эсмеральдод тоглосон тухайгаа “Жүжигчин бүрт мөрөөдлийн дүр бий. Түүндээ тоглосондоо баяртай байна” гэжээ.
Эрхэм эрдэнэ: Гэр бүл
Авьяас чадвар, царай зүс, биеэ авч яваа байдлаараа үеийнхнээсээ ялгарч чаддаг жүжигчин бол У.Уранчимэг. Драмын урлагийн шилдгүүдийг шалгаруулдаг наадамд тэрбээр өнгөрсөн жил Майкл Жексоныг санагдуулам болор чимэглэлтэй бээлий, харли стилийн даашинзтай зочилсон. Харин энэ жил “хун” болж ирээд нисчих шахсан. Бага байхдаа дүү нартайгаа хамтлаг байгуулж дуулаад “Гурван Урнаа” хэмээн алдаршиж байсан гэхээр тэр угаасаа л “од” байж. Өдгөө түүний дүү У.Уранцэцэг нь дэлхийд алдартай театруудад дуулдаг мэргэжлийн дуучин болсон. Гавьяат жүжигчин У.Уранчимэг дуулах дур тай байсан ч бүр гуравдугаар ангид байхдаа л жү жигчин болохоор шийдсэн гэдэг юм билээ. Дунд сургуулиа төгсөөд СУИС-д шалгуулсан ч тэнцээгүй учраас дөрвөн жил мэргэжлийнхээ мөн чанартай танилцан, суралцаж яваад дахин шалгалт өгч, энэ мэргэжлийг эзэмшжээ. Өнгөрсөн жил “Парисын дарь эхийн сүм” жүжгийн Эсмеральдогийн дүрийг бүтээхдээ 18-туудаас ялгарахгүй цог золбоотой харагдаж байсан. Хэдийнэ ээж болж, 40 нас руу дөхөж яваа гэхэд тэр гоолиг хэвээр. Нууц нь фитнесс. Тэрбээр өдөр бүр хоёр цаг фитнессээр хичээллэдэг гэсэн. Мэргэжлийн чадварлаг жүжигчин, авьяаслаг дуучин маань дэлгэцэд дүрээ мөнхөлж, 1993 онд “Бүсгүй завилгаа” кинонд тоглож байв. Жүжигчин бүсгүй өөрийгөө сэтгэлийн хөдөлгөөнтэй гэж тодорхойлов. Тиймээс хэлэх зүйлээ түс тас хэлчихдэг хэрнээ сэтгэл хөдөлгөсөн мөчүүдэд нулимс унагах дуртай гэсэн.