Долоон башёд дараалан түрүүлж, их аварга Асашёорюүгийн эзэмшдэг дээд амжилтыг давтсан ёкозүна Хакүхо эх орондоо цөөн хоног амраад тавдугаар сарын 28-нд Токиогийн “Нарита” нисэх буудалд хөл тавихад нь Наран улсын сэтгүүлчид таагүй мэдээтэй угтжээ. Зэрэглэл тогтоох гэсэн нэртэй тавдугаар сарын тэмцээний сүүлчийн өдрийн орой түүнийг цамц, богино өмдтэйгөөр гудамжинд алхаж яваа зургийг хэвлэлүүдэд нийтэлсэн бөгөөд олон нийтийн газар зөвхөн кимонотой байх журмыг зөрчсөн хэмээн Японы сүмогийн холбоо аваргад анхааруулга өгсөн байна. Хакүхо аварга ч “Үүнээс хойш үйл хөдлөл бүрээ анхаарч явна” хэмээн хүлцэл өчжээ.