1947 онд харь гаригийн сансрын хөлөг НьюМексикогийн цөлд сүйрч, тэндээс өөр гаригийн хүмүүсийн цогцсыг олж авснаа Америкийн Засгийн газар нуусан гэдэгт сонин хачин юманд дурлагсад итгэсээр ирэв. Энэ итгэл эцэст нь “хуйвалдааны” олон онолыг, тэр дундаа хамгийн үл үнэмшим зүйлийг ч бий болгосон. “LA Times” сонины сурвалжлагч Энни Якобсений бичсэн ном Америкт хэвлэгджээ. Уг ном “51 дүгээр бүс: Америкийн цэргийн баазын гол нууцын үнэн түүх” гэсэн нэртэй. Үүнд өгүүлснээр бол Герберт Уэлсийн “Дэлхийн дайн” гэдэг роман АНУ-ыг биш, ЗХУ-ыг тэр дундаа нөхөр Сталиныг “нисдэг таваг” бүтээх үйлсэд “уриалжээ”. Америк, Оросын хооронд дэгдсэн хүйтэн дайны эхээр түгшүүртэй байдал үлэмж хурцдав.
Японд 1945 онд бөмбөг хаяж, өөрийн цөмийн хүчин чадлаа Америк харууллаа. Тэр цагт цөмийн зэвсгийн салбарт бусдаас илүү гарахын тулд ер бусын алхам хийхээр Сталин шийдэж “Зөвлөлтийн” нисдэг таваг бий болгосон нь 1947 онд Америкийн нутаг дэвсгэр дээр сүйрсэн байна. Энни Якобсений бичсэнээр бол харь гаригийнхны довтолгоон их идэвхжиж байна гэсэн бодлыг америкчуудад төрүүлэх гэж Сталин ийм алхам хийсэн аж. Харь гаригийнхан “довтолсноор” АНУ-ын агаарын цэргийн хүчин сул дорой болохыг харуулж, үүнээс үүдээд олон түмэн нь сандарч тэвдэхэд хүрнэ. Кремль чухам ийм зорилго өвөрлөсөн гэж Якобсен үзжээ. Тэгэхдээ Зөвлөлтийн “харь гаригийн” довтолгоо Якобсений номын багахан хэсгийг эзэлдэг аж.
Гэлээ ч чухам энэ жижигхэн хэсэг л дэлхий дахины олон нийтийн мэдээллийн хэрэгслийн анхаарлыг ихээхэн татаж, шуугиан дэгдээв. Якобсений нэрээ нууцалсан мэдээллийн эх сурвалж “Бүс-51”-д өөрөө ажилласан, олон сорилт туршилтыг нүдээрээ үзжээ гэдэгт уншигчдыг итгүүлэхийг хичээж байгаа нь илт. Тэрбээр “Нисдэг тавгуудыг жолоодогчид нь бидэн шиг л хүмүүс байсан, тэгэхдээ тэднийг харь гаригийнх болгох гэж гадаад төрхийг нь өөрчилсөн байв” хэмээн нотолж буй. “Дотор нь харь гаригийнхан суусан үл мэдэг дэх нисдэг биетүүд эх орных нь нутаг дэвсгэр дээр буужээ гэдэгт Америкийн хүн амыг итгүүлж, тэднийг айлган тэвдүүлэхэд уг төлөвлөгөө чиглэсэн юм. Нэг тун сонирхолтой баримт байдаг нь Америкийн ТТГ-ын дарга Уолтер Беделлсмитийн эргэлзээ юм.
Тэр хүн Америкийн пуужингаас хамгаалах чадавхи агаарын довтолгооны өмнө улбагар гэдгийг харуулахын тулд үл мэдэгдэх нисдэг биетийн тусламжаар Америкийг хуурах гэж Зөвлөлт оролдож болох юм гэдэгт итгэж байсан” гэж тэр эх сурвалж хэлээд байгаа.
Р.ЖАРГАЛАНТ