Гаднаа ааруул тавьж, хаалгыг нь дэлгэсэн жижиг бор гэрт орлоо. Үүдэндээ адсага дэвсэж, унинд морины хусуур хавчуулан, ханандаа цахиур буу өлгөжээ. Говийн бор ааруулаар таваг зассан тэр гэрээс танил дотно үнэр сэнхийнэ. Нүүж суухад олон хүний хэрэггүй, тооно нь голоороо салаад уньтайгаа эвхэгддэг, 1920-иод оны үеийн малчны гэр аж. Өмнөговь аймгийн соёлын өдрүүдийн хүрээнд аймгийн музейн хамт олон ”Өмнийн цэнхэр говь” уран зураг, угсаатны зүйн үзэсгэлэн дэлгэсэн юм.
Үзэсгэлэнд Өмнөговийн онцлогийг харуулсан 240 нэрийн 370-аад бүтээл тавьжээ. Говийн бүсгүйчүүдийн урласан зээгт наамал, хатгамлын бүтээ лүүд үзэгчдийн сонирхлыг илүү татаж байв. “Түшээт хан аймгийн Говь түшээ гү ний хошууны Лувсанжигмэд гэдэг алдартай уран хатгамалчаар Богд хаан Гомбогүр бурхан хийлгэсэн гэдэг. Тэр бүтээл Да хүрээнд гайхагдаж, говийн хатгаламч, зээгт наамалчдын нэр алдар түгсэн. Манай хатгамалчид алдартай шүү” хэмээн Өмнөговь аймгийн музейн захирал Ц.Отгонтуяа тайлбарласан. Үүнээс гадна энэ нутгийн нэрийн хуудас болсон ноён сэврэй хийцийн мөнгөн болон булигаар эдлэл сонирхолтой үзмэрийн тоонд зүй ёсоор багтана.
150 жилийн түүхтэй ноён сэврэй хийцийн мөнгөн эдлэл зуун дамжин эдлэгдэх бат бөх чанар, мөнгөний их орцоороо бус даас ялгардаг. Говийнхон хүлэг морио мөнгөн эдлэлээр чимэглэдгээрээ алдартайг баталсан үзмэр энд олон байна. Тухайлбал, морины толгойн болон эмээлийн мөнгөн чимэг, хударга, мөнгөн хазаар байна. “Эхийн алдар” одонгийн загвар, төрийн тамга, төрийн одонгуудын эх загварыг урласан төрийн дархан С.Сугар нарын дархчуудын залгамж халаа орон нутагтаа бүтээлээ туурвин суугааг үзэсгэлэнд дэлгэсэн сүүлийн үеийн бүтээлүүд илтгэнэ.
Өмнийн цэнхэр говиос нийслэлчүүдийг зорин ирсэн уг үзэсгэлэнг үзэхийг хүсвэл өнөөдөр амжиж Уран зургийн галерейг зориорой. 25 жилийн дараа Улаанбаатарт зохион байгуулж байгаа Өмнөговийн соёлын өдрүүдийн хүрээнд “Говь фестиваль- 2011” өдөрлөг, “Алтан говийн аялгуу” хүндэтгэлийн тоглолт болсон. Монгол бөхийн өргөөнд улсын хурц арслан Г.Дэмүүлийн дурсгалд зориулсан “Таван толгой транс” компанийн нэрэмжит аймаг, цэргийн цолтой болон залуу 256 бөхийн уламжлалт барилдаан, Өмнөговийн харьяат уран бүтээлчдийн гала тоглолт өнөөдөр болно.
Х.УЯНГА