АНЭУ-ын иргэн 63 настай Даад Мухаммед Аль Балуши 100 хүүхэдтэй болох мөрөөдөлдөө хүрэхийн тулд их зүтгэж байгаа гэнэ. Аллах тэнгэр түүнд одоогийн байдлаар 60 хүү, 30 охин илгээгээд буй аж. Ирэх сард тэднийх хоёр хүнээр бүл нэмэхээс гадна бас нэг эхнэр нь хэдэн сарын дараа амаржих юм байна. 17 эхнэрээс нь гарсан 90 хүүхэд нь Аль Балушид 50 ач, зээгийнх нь сэвлэг үнэрлүүлжээ.
Гэсэн ч түүний сэтгэл ханасангүй, ирэх долоо хоногт 18 дахь эхнэртэйгээ хуримаа хийхээр төлөвлөсөн байна. Дэлхийн хамгийн олон хүүхэдтэй ааваар тодорсон тэрбээр салсан хийгээд одоо хамт амьдарч байгаа бүх эхнэртээ байшин барьж өгснөөс гадна гэрийн үйлчлэгчтэй болгосон гэнэ.
19 настайдаа анхны эхнэртэйгээ гэрлэсэн Аль Балуши “Шариатын хуулиар дөрөвхөн эхнэртэй байхыг зөвшөөрдөг нь тун харамсалтай. Үүнээс олон эхнэртэй байхыг зөвшөөрдөг бол би өдийд 100 хүүхэдтэй байх байлаа” хэмээн ярьжээ. Хамгийн хачирхалтай нь тэрбээр Филиппин, Марокко гээд олон орноос эхнэр сонгохдоо сүйт бүсгүйнхээ анхны нөхөр нь болох ёстой хэмээдэг гэнэ.
Ж.ЦЭЦЭГ