Төрийн соёрхолт зураач До.Болдын “Тэнгэрийн дууль” уран бүтээлийн үзэсгэлэн өнөөдөр Занабазарын нэрэмжит дүрслэх урлагийн музейд нээгдлээ.
14 хоног үргэлжлэх үзэсгэлэнд “Хүн төрлөө”, “Барьсан хүнийг алдав”, “Боорчи мину”, “Бөртэ, Бөртэ”, “Тэнгэрийн хөвгүүд”, “Өөрөөр ангид явсан ч Өлзий хутагт анд минь бүлгээ чи”, “Хан эцэгтээ хамсан хүчээ өгье...”, “Тэв тэнгэрийн тэргүүнд хүрэв, та нар!”, “Мөнх тэнгэр чи мэд!” гэсэн есөн цуврал бүтээл багтжээ.
Зураач До. Болд эдгээр бүтээлээ хориод жилийн турш бодож, боловсруулж судалгаа хийгээд 2007 оноос өнөө хүртэл бүтээсэн аж. Тэрбээр Чингис хааны түүхтэй холбогдолтой эдгээр цуврал бүтээлээрээ Төрийн соёрхол хүртсэн юм.