БЛИЦ
Нас: 25
Хоолойн өнгө: Баритон
Бүтээсэн гол дүр: “Хэрмэл жүжигчид” дуурийн Тонио, “Учиртай гурван толгой” дуурийн Юндэн, “Ламбугайн нулимс” дуурийн Лодон, “Аида” дуурийн Амонасро
Бүтээхийг хүсдэг дүр: Ж.Вердийн “Риголетто” дуурийн Риголетто
Шүтдэг дуучин: Лео Нучи, Шерл Милнес, А.Хавлааш, Х.Уртнасан, М.Болд, Ц.Баттөр.
Дуурь бүжгийн эрдмийн театрын гоцлол дуучин Э.Амартүвшин ОХУ-ын Буриад улсын Улаан-Үд хотноо болсон олон улсын уралдаанд оролцож, тэргүүн байрын шагнал хүртээд иржээ. ОХУ, Монголын мэргэжлийн 40 орчим дуучин оролцсон энэ уралдаан есдүгээр сард Итали улсад болох “Competizione de l’ Opera” уралдааны шалгуур болж буйгаараа онцлогтой.
Э.Амартүвшин тун удахгүй П.И.Чайковскийн нэрэмжит олон улсын уралдаанд оролцох тухай бид өмнө нь мэдээлсэн. Дуурь бүжгийн идэр залуу, эрч хүчтэй хоолойтой уран бүтээлч хэмээн мэргэжилтнүүд түүнийг тодорхойлдог. 2009 онд сургуулиа төгсөөд л тус театрын босгыг алхаж, өнгөрсөн жил Парис, ОХУ-д болсон олон улсын дуурийн дуулаачдын уралдаанд амжилттай оролцжээ.
Хоёр жилийн хугацаанд дөрвөн дуурийн гол дүр бүтээнэ гэдэг том амжилт. Багаасаа л бүдүүн, чанга хоолойтой байсан тэрбээр дуурийн дуучин болохоор төлөвлөж байжээ. Сүхбаатар аймгийн нэгдүгээр сургуулийг дүүргээд СУИС-д элсэн орж, Ц.Ерөө багшид шавилсан. Оюутан байхдаа ДБЭТ-ын тайзнаа гарч үзэхсэн гэдэг мөрөөдөлтэй байсан бол одоо дэлхийд алдартай бүх л театрын тайзан дээр дуулах хүсэл тэмүүлэлтэй болжээ. Тэрбээр маргааш ДБЭТын тайзнаа “Аида” дуурийн Амонасрогийн дүрийг бүтээнэ.