Загварын ертөнцөд хөл тавьсан цагаасаа л бүсгүйчүүдэд зориулсан хувцасны загварыг нийтэд толилуулах ажлыг чадварлаг гүйцэтгэн олны анхаарлыг татсан эрэгтэй загвар өмсөгч Андрей Пежикийн тухай бас нэгэн шуугиан дэгдээд байна.
Жил бүр хамгийн дур булаам бүсгүйчүүдийг шалгаруулдаг FHM сэтгүүлийн жагсаалтад тэрбээр 98 дугаарт бичигдсэн байна. Энэ талаар тус сэтгүүлийн хэвлэл мэдээллийн ажилтан “Уншигчдын дунд явуулсан санал асуулгаар Андрей Пежик “2011 оны хамгийн дур булаам 100 бүсгүй” жагсаалтын 98 дугаар байрт орсон.
Хэдийгээр бид түүнийг оролцогчдын тоонд оруулах эсэх талаар ярилцаж байсан боловч асуудлыг эцэслэн шийдээгүй байлаа. Түүнд санал өгсөн хүний тоо олон байгаа ч шалгаруулалтын үр дүнд бухимдаж буй хүн ч бас цөөнгүй. Тиймээс бид уншигчдаасаа албан ёсоор хүлцэл өчиж байна” гэжээ.
Харин энэ тухай загвар өмсөгч Андрейн хэвлэлийн төлөөлөгч “Өнөө цагт хүйсийн ялгаа гэдэг зүйл бараг л үгүй болж байна. Тиймээс тэр тун удахгүй “Victoria's Secret”-ийн сахиусан тэнгэр болно гэж найдаж байгаа” гэжээ.
У.Тэнүүн