Монголд мэргэжлийн урлагийн байгууллага үүсэж, хөгжсөний 80 жилийн ой болон театрын “Загалмайлсан эцэг” гэгддэг Төрийн хошой шагналт зохиолч Донровын Намдаг агсны мэндэлсний 100 жилийн ойд зориулан энэ сарын 17-нд УДЭТ-ын тайзнаа “Оролмаа” жүжгийг тоглох гэж буй. Жүжгийг шинэчлэн тавих ажлыг “Төгөлдөр” сан дэмжиж, хувцас хэрэглэл, тайз заслын ажлыг ивээн тэтгэж байгаа.
“Оролмаа” жүжгийг УДЭТ-ын ерөнхий найруулагч Ч.Найдандорж найруулж, Оролмаа эхийн дүрд гавьяат жүжигчин С.Сарантуяа тоглохоор болжээ. “Оролмаа” жүжиг 30 гаруй дүртэй учраас тус театрын бүх жүжигчин туслах болон гол дүр бүтээх аж. “Оролмаа” жүжгийг 1974 онд театрын тайзнаа найруулагч С.Галсанжавын найруулгаар амилуулж, дараа нь найруулагч Б.Мөнхдорж шинэчлэн тавьж байжээ. Д.Намдаг агсан энэ жүжгээрээ 1983 онд Төрийн шагнал хүртсэн юм.
С.СЭРГЭЛЭН