Өвөрхангай аймагт “Хархорум” нэртэй музей үүдээ нээлээ. Монголын тулгар төр Хүннү гүрэн байгуулагдсаны 2220 жилийн өмнө нээлтээ хийж буй уг музейг Японы “Коноике” барилгын компанийнхан буцалтгүй тусламжаар жил гаруйн хугацаанд барьж дуусгасанд БСШУ-ы сайд Ё.Отгонбаяр талархал илэрхийлэв. Музейд олон сонирхолтой үзмэр дэлгэсний дотор Чингис хааны үеийн мөнгөн зоос цөөнгүй байгаа аж.
Археологич, судлаачдын тогтоосноор 1221 оны үеийн мөнгөн зоосны нүүрэнд “Аугаа их Чингис хаан” гэж арабаар бичжээ. Үзэгчдийн хамгийн их анхаарал татсан үз мэр нь Хубилай хааны үеийн пайз буюу гэрэгэ юм. “Мөнх тэнгэрийн хүчин дор хааны зарлигийг эс хүндэлбээс буруутай” гэж дөрвөлжин бичгээр бичсэн энэхүү гэрэгэг XIV зууны үед Марко Поло Монголоос буцахдаа авч очсон гэдэг.
Түүхийн дахин давтагдашгүй үзмэртэй эл музей гурван үндсэн хэсгээс бүрдэх бөгөөд үзмэрийн хэсгийг чулуун болон хүрэл зэвсгийн үе, эртний улсууд, Монголын эзэнт гүрэн гэж ангилаад эд өлгийн зүйлийг дэлгэн үзүүлжээ. Түүнчлэн Хархорум хотын туурьт хийж буй археологийн малтлагаас шинээр олдсон эд өлгийн зүйлс, гадаадын болон Монголын музейд хадгалж байгаа холбогдох түүх, соёлын дурсгалт зүйлсийн эх болон хуулбар цөөнгүй байгаа юм байна.
Үзмэрийн танхим, музейн захиргаа, судалгааны өрөөнөөс гадна Хархорум хотын туурийг үзэх өндөрлөг барьсан аж. Манай улсад үзмэрээ сэргээн засварлах лабораторитой музей байхгүй. Хархорум музейн лабораторид орчин үеийн тоног төхөөрөмж байрлуулсан юм байна. “Дэлхийн өвд бүртгэлтэй Монголын эзэнт гүрний нийслэл Хархорум хотын туурийг багтаасан энэхүү музей дэлхийн олон жуулчны анхаарлыг татна гэдэгт итгэж байна” гэж нээлтэд оролцсон Япон улсаас манай улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Такуо Кидокоро хэллээ.
Х.СҮРЭН