Дуурь бүжгийн эрдмийн театрын гоцлооч Ө.Уянга энэ сарын 17-нд “Монгол” нэртэй тоглолт хийхээр болжээ. Түүний тоглолтод ДБЭТ болон Улсын филармонийн симфони найрал хөгжим бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцох аж. Өчигдөр 15.20 цагт түүнтэй утсаар холбогдлоо.
-Сайн байна уу. “Утасны анд” байна аа. Та яг одоо хаана, юу хийж явна вэ?
-Дөнгөж сая ДБЭТ-т симфони найрал хөгжимтэй сургуулилалт хийгээд дууслаа.
-“Монгол” тоглолтод ямар ямар хөгж мийн зохиолчийн бүтээл эгшиглэх вэ?
-Монголын алдартай хөгжмийн зохиолч дын мэргэжлийн дуучдад зориулсан бүтээлүүд багтаж байгаа. Тухайлбал, Төрийн хошой шагналт, ардын жүжигчин хөгжмийн зохиолч Н.Жанцанноровын “Амраг минь дээ”, “Усны шувуу”, Төрийн шагналт хөгжмийн зохиолч Б.Шаравын “Бүүжидмаа” ардын дууны найруулга, урлагийн гавьяат зүтгэлтэн Ч.Сангидоржийн “Энхэр цэнхэр” зэрэг бүтээл болон урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Бямбабаяр, Ц.Эрдэнэбат нарын дууг дуулна.
-Зөвхөн монгол дуунуудаас бүтсэн тоглолт болох уу?
-Өмнө нь “Grand opera” зэрэг гадаадын хөгжмийн зохиолчдын ари, романсыг дуулдаг байлаа. Харин энэ удаа эх орноо магтсан монгол дуунууд дуулахаар бэлдсэн.
-Тоглолтын тасалбар ямар үнэтэй байх бол?
-Зургадугаар сарын 17-нд Соёлын төв өргөөнд болох миний тоглолтын тасалбар 20000 төгрөгийн үнэтэй.
Ж.Сэлэнгэ