Гудамжинд согтож унасан ээжийгээ өргөж, гэртээ оруулах нь хүүгийн үүрэг биш. Хог түүж, гуйлга гуйж, нүүрс заран ээж, аавдаа архины мөнгө олж өгөх гэж охин нь болж төрөөгүй. “Монгол Улсад 5-17 насны хүүхдийн 11.5 хувь буюу 71.330 хүүхэд ажил эрхэлж байна. Тэдний 11.400 орчим нь хориглосон ажлын байранд, уртасгасан цагаар, эсвэл хүнд хортой нөхцөлд ажилладаг” гэсэн судалгааг Үндэсний статистикийн хорооноос гаргажээ.
Хүүхэд насны баяр хөөрийг дутуу амталж буй тэдний зовлон жаргал, хүсэл мөрөөдлийг уран бүтээлчид гэрэл сүүдэр, өнгө будгаар урласныг Дүрслэх урлагийн музейн дэргэдэх “Улаан гэр” арт галерейд дэлгэсэн “Өнгө ба хар цагаан” дүрслэх урлаг, гэрэл зургийн үзэсгэлэнгээс тольдоорой.
Олон улсын хөдөлмөрийн байгууллагаас санаачлан жил бүрийн зургадугаар сарын 12-ны өдрийг Хүүхдийн хөдөлмөрийн эсрэг дэлхийн өдөр болгож 2002 оноос эхлэн тэмдэглэсэн. Энэ өдрийн хүрээнд хүүхдийн хөдөлмөрийн талаарх уран бүтээлчдийн ойлголтыг нэмэгдүүлэх, тэдний дуу хоолойг нийгэмд хүргэх зорилгоор зохион байгуулж буй уг үзэсгэлэнд мэргэжлийн уран бүтээлчдийн 100 гаруй бүтээлийг дэлгэжээ.
Х.УЯНГА