“Стриптиз блюз” жүжигт нүцгэлэн тоглож, эрчүүдийг араасаа хуйлруулж явснаа бодвол жүжигчин Р.Анхням өдгөө намба суусан эмэгтэй болжээ. Олны танил эрчүүдтэй амраглаж явснаа нуудаггүй бүсгүй “Амархан дурласан шигээ амархан хагацдаг” хэмээн тайлбарладаг. Сүүлийн үед тэрбээр үнэт чулуун шигтгээтэй сүйт бөгжөөр гангараад буй.
Энд тэндхийн томоохон байгууллагын арга хэмжээнд оролцож, элдэв янзын загварлаг хувцас өмссөн ч бөгжөө огт солихгүй байгааг нь олон хүн ажиглажээ. Царайлаг сайхан бүсгүйд сэтгэл алдарч, гэрлэхийг зөвшөөрүүлж чадсан азтай залуугаа Р.Анхням тас нуух нь гайхалтай.
Ирэх намар хийх нижгэх хуримынхаа өмнө хайртай залуугаа аль болох олны нүдэнд өртүүлэхгүйг хичээж буй гэнэ. Хувийн амьдралаа дэлгэсэн ном шиг ил болохыг тэрбээр үнэхээр хүсэхгүй байгаа бололтой. Хайртай залуугийнх нь хамаг нууц дуран авайд илэрчихвэл хагацаж мэднэ гэж эмээсэн биз.
Түүний өөрөөсөө ч бараг нууцалж буй “дурлалын бурхан”-ы тааварт олны танил, чинээлэг эрхмүүдийн нэр ч багтаад амжжээ.
Юутай ч тэрбээр хадмын хаяа түших нь тодорхой болж, ээждээ хэлсэн “Ачийг тань төрүүлж, ажилтай болгоно оо” гэсэн амлалтаа биелүүлэх нь.