Гавьяат жүжигчин Д.Наранханд, Н.Баатар, Ц.Дашдуламаас эхлээд ДБЭТ-ын захирал Б.Сэргэлэн нарын шилдэг балетчин ОХУ-ын Пермь хотын балетийн академийг төгссөн. Гэсэн ч Пермийг зорих ирээдүйн балетчдын цуваа 1990 оноос хойш тасарсан билээ. Тэгвэл ДБЭТ, ХБК хамтран өнгөрсөн жилээс тус академид ирээдүйн бүжигчдийг дахин бэлтгэж эхэлсэн юм.
ОХУ-д сурахаар 300 хүүхдээс шалгарсан зургаан эрэгтэй, зургаан эмэгтэй сурагч нэгдүгээр ангиа төгсөж, эх орондоо амрахаар иржээ. Пермийн Балетийн академиас тэд ямар эрдэм өвөртлөн ирснээ ДБЭТ-ын удирдлагууд, ардын жүжигчин Б.Жамьяндагва багшдаа өнгөрсөн баасан гаригт тайлагналаа. Бүжгэн жүжгийн үндсэн хөдөлгөөн, суулт, үс рэлт зэргийг нь шалгаснаар багш нар нь тэдэнд “сайн” дүн тавьсан юм.
“Хүүхдүүд ерөнхийдөө ижил төвшинд, жигд хэн хэмжээнд сурсан байна. Хамгийн гол нь балет биеийн гэхээсээ илүүтэй тархины урлаг. Тухайн бүжгэн жүжиг, зохиолыг сайн ойлгож, ухаандаа ургуулж байж сайн дүр бүтээнэ. Биеийнхээ бүх булчин шөрмөсний хөдөлгөөнийг тархиараа удирдах ёстой. Хүүхдүүддээ үүнийг л захиж байна” хэмээн Б.Жамьяндагва гуай ярьсан.
Тэгвэл хүүхдүүдийг ахалж явсан багш, гавьяат жүжигчин Д.Алтантуяа “Манай хүүхдүүд их ачаалалтай байдаг. Орос, франц хэл үзэж, ерөнхий эрдмийн хичээл ч хийнэ. Үүний хажуугаар гол ажил болсон балетийн хичээлдээ явдаг. Гэсэн ч тэд шинэ соёл, орчинд түргэн дасан зохицож байна” хэмээв. Тэд найман жилийн турш Пермь хотод сурах бөгөөд наймдугаар сарын 28-нд буцна.
Б.ЭГШИГ