Дэлхийн шилдэг 50 соёлын аялал жуулчлалын хөтөлбөрийн нэгд ордог орчин үеийн болон уламжлалт урлагийн “Туурайн төвөргөөн” олон улсын хөгжмийн наадмын нээлт өчигдөр Чойжин ламын сүм музейн гадна талбайд боллоо. 13 дахь жилдээ зохиож байгаа уг наадамд ҮДБЭЧ, ХЦДБЧ, Шилмэл загвар төвийн загвар өмсөгчид, Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын ардын авьяастнууд оролцож буйгаас гадна гадаадын хорь гаруй уран бүтээлч иржээ.
“Туурайн төвөргөөн” өнөөдөр Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын Амарбаясгалант хийдийг зорих бөгөөд тэнд энэ сарын 15-нд эрийн гурван наадам хийж, нутгийн зон олонд зориулан орчин үеийн хөгжим, ардын урлагийн тоглолтоо толилуулах юм. Наадамд оролцогчид Сэлэнгэ аймгаас энэ сарын 19-нд нийслэлд ирж модерн хөгжмийн төлөөлөгчид Байгалийн түүхийн музейн динозаврын танхимд үлэг гүрвэл яаж дуугарч, хэрхэн хөдөлж, алхаж байсныг хөгжмийн хэлээр дүрсэлсэн “Үлэг гүрвэлийн тоглолт” хийх аж.
Дараа нь тэд Өвөрхангай аймгийн Элсэн тасархай, Хархорин, Эрдэнэзуу гэсэн чиглэлээр тоглолтоо үргэлжлүүлэх бөгөөд энэ сарын 25-нд Улсын филармонид хаалтын тоглолтоо хийнэ. Энэ жилийн “Туурайн төвөргөөн”-ийг ардын жүжигчин уртын дууч Н.Норовбанзад агсны 80 насны ойд зориулж, түүний дурсгалыг хүндэтгэж буйгаараа онцлог аж.
Х.УЯНГА